Хуулийнхны цалинг нэмэх үү?

Үндсэн чиглэлд хуулийн байгууллагын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, ажлын шаардлагыг чангатгана гэсэн заалт орсон нь хэр биелэх боломжтой вэ гэдгийг лавлаж байв. Түүнчлэн дэд дарга манайд авилга бодитой оршин байна гэсэн судалгааг гадаад, дотоодын байгууллагууд олонтаа баталж байгаа. Тэр ч утгаар ирэх онд Монгол улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд авилгатай холбоотой асуудлууд багтсан байх гээд НҮБ-ын авилгын эсрэг конвенцид нэгдэх тухай асуудлыг судалж шийдвэрлэнэ хэмээн үндсэн чиглэлд заасан нь ирэх онд амжиж хэрэгжих боломжтой эсэх, учир нь энэ конвенцийн тухайд одоогийн байдлаар дөнгөж орчуулгын төвшинд явж байгааг харгалзсан уу, хэрэв нэгдлээ гэхэд үүнийг дагаж бараг хорь гучаад хуульд нэмэлт, өөрчлөлт орох юм биш үү хэмээн асуусан.
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хариулахдаа, Авилгын эсрэг конвенцид нэгдэх асуудал ирэх ондоо багтаад шийдэгдэх боломжтой. Үүнд нэг их чирэгдэл болоод байх асуудал бахйгүй. Харин хууль, шүүх, цагдаа, прокурорынхны хариуцлагыг сайжруулах, шаардлагыг өндөрсгөх үүднээс цалинг нэмнэ гэвэл бүтэхгүй биз дээ. Хуулийнхны цалинг дангаар нь нэмнэ гэж юу байхав. Төрийн албан хаагчдын цалин ерөнхийдөө нэмэгдвэл тухайн хувиар нэмэх асуудал тавигдаж болно гэлээ.
Тус байнгын хорооны хуралдаан дээр гишүүн Р.Гончигдорж Үндсэн чиглэлд Иргэний бүртгэл мэдээллийн албаны үйл ажиллагааг боловсронгуй болгоно гэсэн заалт байна. Энэ хүрээнд яг ямар ажил хийгдэх вэ. Иргэн бүрээ иргэний үнэмлэхжүүлэх ажил сонгуулийн үеэр нэг гарч ирээд замхардаг. шинэ иргэний үнэмлэхтэй болгох ажил одоо хэдэн хувьтай байна гэж асуув?
Үндсэн чиглэлд орсон энэ заалт нь иргэний бүртгэлийн байгууллагын тухайд өөрчлөлт орохгүй. Харин тус байгууллагын дотоод сүлжээг бий болгож, орон нутагтай шууд харилцах боломжийг нээх, иргэний үнэмлэхийн нууцлалыг нэмэгдүүлэх асуудлыг сайжруулах тал дээр ажиллана гээд үнэмлэх олголт 90 гаруй хувьтай байгааг мэдээллээ. Сайдын хэлснээр өнөөдөр манай иргэний гадаад паспортын нууцлал хангалттай болсон ч дотоод паспортын нууцлалыг зайлшгүй эргэн харахгүй бол болохгүй байдалд байгаа гэнэ.
Гишүүд ийнхүү ярилцаад Хууль зүйн байнгын хороо ирэх оны Үндсэн чиглэлийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
2004.11.10, Монголын мэдээ