А.Ганбаатар Бид Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхсайханыг дэмжинэ

-Та МСДН-ыг сэргээн байгуулна гэж хоёрдахь удаагаа мэдэгдлээ. Энэ удаа яг бодит ажил болгож чадах уу?
-Би биш, бид нар байгуулдгаа байгуулчихсан. Одоо зохион байгуулах хурлаа хийх, Дээд шүүхэд бүртгүүлэх л үлдлээ.
-Заавал намаа сэргээн байгуулах ямар шалтгаан байгаа юм бэ?
-Одоогоос 15 жилийн өмнө Социал-демократ хөдөлгөөн болох АСХ-нийг үүсгэн байгуулсан түүхтэй. Энэ хөдөлгөөнөөс МСДН төрөн гарсан. Бид тухайн үедээ нэн тэргүүнд улс төрийн тогтолцоог өөрчлөх, улмаар Үндсэн хуулийг шинэчилж дэлхийн ардчилсан улс орнуудын хөгжлийн жишгээр замнахыг хүссэн. үндсэн хуулиар тэр хүслээ баталгаажуулж чадсан. Харин өнөөдөр парламентын засаглалтай, ардчилсан Монгол улс маань шинэ Үндсэн хуулийн үүднээс авч үзвэл улс төр, эдийн засаг, нийгмийн байдлын хувьд анх нам байгуулах үеийн бидний тавьсан шаардлагыг хангаж байна уу, үгүй юу. Хэрэв чадаж байсансан бол намаа дахин сэргээн байгуулах нь утгагүй хэрэг. Өнөөдөр ардчиллын эрхэм үнэт зүйлсүүд алдагдлаа. Эрх зүйт төр ганхаж, нийгэмд хэт ялгарал бий боллоо. Коррупц нийгмийн шинжтэй болж, намууд ашиг сонирхлын бүлгүүд болон хувирч, нам дамнасан Үндсэн хуулиас дээгүүр бүлэглэл ч бий болж байна. Засгийн эрхэнд гарсан намууд маань мөн чанараа алдаж албан тушаал хуваарилагч болон хувирчээ. Үндсэн хуулийг сахин хамгаалах үүрэгтэй Үндсэн хуулийн Цэц маань ч нэр төдий боллоо. Энэ бүхэн намаа сэргээн байгуулах шалтгаан биш гэж үү. Угаасаа АН-ыг бий болгохын тулд намуудыг нийлүүлэх нь буруу байсан. Нэгдээд Ерөнхийлөгчийн сонгуульд ялна гэсэн горьдлого ч биелээгүй. Ялах гэсэн ганцхан хүсэл зорилгод гишүүдийнхээ итгэл үнэмшлийг золиосолж болдоггүйг улс төрийн үйл явц өөрөө харууллаа шүү дээ. Энэ бүхэн бол МСДН-ыг сэргээх хангалттай шалтгаан.
-Өнөөдөр УИХ-ыг бүрдүүлж байгаа намуудын талаархи таны саяын хэлсэн тодорхойлолт арай хатуудахгүй юу?
-Тийм биш гээд хариу нотолгоо гаргаг л дээ. Нэг нотолгооных нь эсрэг би тийм гэсэн мянган нотолгоо гаргаж чадна.
-Тэгвэл зөвшилцөл, Засгийн газрын талаархи таны ойлголт ч намуудынхтай ойролцоо байх нь ээ?
-Өнөөгийн төр засгийг бүрдүүлсэн үйл явц, бүтэц, хуваарилалт бол ямар ч ардчилсан улс орны түүхэнд байхгүй гаж үзэгдэл. Засаглалын хуваарилалт буюу эрх мэдлийн хуваарилалт гэж байдаг. Эрх мэдлүүд нь хоорондоо харилцан хяналттай, тэнцвэртэй байх нь ардчилсан төрийн үндсэн зарчим. Манай Үндсэн хууль ч энэ зарчим дээр тулгуурласан. Гэтэл зөвшилцөл 1, 2, 3 гэгч нь Үндсэн хуулийн үзэл санааг уландаа гишгэсэн, хуваан авах гэсэн бараг л гудамжны наймаа, арилжааны зарчим дээр тулгуурласан, ард түмний эрхийг доромжлон гутаасан баримт бичгүүд. тулгаар зарчим нь буруу болохоор үүн дээр үндэслэсэн засгийн газраа их эвслийн ч гэнэ үү, их эвлэрлийн ч гэнэ үү, эсвэл өөрөөр яаж ч өхөөрдөж нэрлэсэн үйл ажиллагаа нь буруу л явагдана.
-Энэ чинь ард түмний сонголт юм биш үү?
-Үйлдлийнхээ бурууг ард түмэнд тохож болохгүй шүү дээ. 2000-2004 онд хяналтгүй төр ямар байдгийг үзсэн ард түмэн төрийг хяналттай, тэнцвэртэй байлгах сонголт хийсэн. Үүнийг нь ард түмэн биднийг тэнцүүхэн хуваа гэлээ гэж буруугаар тайлбар хийгээд, үйлдлээ зөвтгөөд байх нь өөрсдийгөө л доошоо хийгээд байгаа хэрэг. Ард түмэн гэдэг чинь тэнэг биш, учрыг нь аль хэдийнээ ойлгочихсон.
-эргээд намынхаа тухай асууя. Одоо тэгээд та бүхнийг дэмжиж байга ахүн байна уу?
-Байлгүй яахав, анх АН-д нэгдсэнээс хойш чухам хаанаас санаачилга гарч, хэзээ намаа сэргээн байгуулах бол гэдгийг хүсэн хүлээж байсан гишүүд маань мэдээлэл авч эргэн нэгдэж байна.
-Жишээлбэл, энэ намыг анх байгуулж байсан хүмүүсээс олны танил ямар хүмүүс байна вэ?
-Нам бол олны танил хүмүүсийн цуглуулга биш. Нам бол үзэл бодлын нэгдэл. нөгөө талаас цаг үе, цаг үеийн шаардлага өөрийнхөө лидерүүдийг төрүүлдэг. ингэж тэр олны танил гэгддэг хүмүүс солигдож өөрчлөгдөж шинэчлэгдэж байдаг жамтай. Харин энд нэг зүйлийг хэлэх хэрэгтэй. Анх 1990 оны 3-р сард нам байгуулахад хэсэг хүн нууц нэртэй орж ирж байсан. Энэ нь тухайн үеийн улс төрийн нөхцөл байдал, коммунистуудын хавчлагаас гишүүдээ хамгаалах үүднээс хийж байсан зүйл. Ийм шаардлага байсныг хэн ч ойлгоно. Харамсалтай нь өнөөдөр бас тийм нөхцөл бий болоод байна. Намаа сэргээх, гишүүнчлэлийнхээ эрхийг сэргээхийг хүсч дэмжиж байгаа зарим хүн бас л өөрсдийгөө нууцлахыг хүсч байгаа. Эрдэмтэй чадалтай тодорхой алба хашиж байгаа болон хаших учиртай тэр хүмүүсээ бид хамгаалах хэрэгтэй
-АН-д нэгдсэн таван намыг эргэж сэргэх боломжийг хаасан гэдэг. Тухайн үед МСДН-ын дарга Р.Гончигдорж саяхан өгсөн ярилцлагадаа МСДН-ыг сэргээх хууль эрх зүйн үндэсгүй гэсэн байсан?
-Ардчилсан нам бол барууны үзэлтэй нам. Р.Гончигдорж бол АН бол МСДН-ыг өвлөгч учир Социнтерн дэх гишүүнчлэлээ хадгалъя гэсэн хүсэлт гаргасныг дэлхийн Социалист Интернационал хүлээж аваагүй. Төлөөлөгчдийг нь ч хуралдаа оролцуулалгүйгээр гишүүнчлэлээс хассан. Хэрэв тэр МСДН-ыг бүрмөсөн булшилсан гэж үзэж байгаа бол том эндүүрч. Тэрээр АН-ын дотор МСДН байгаа гэсэн байна лээ. хууль, эрх зүйн хувьд ийм ойлголт байхгүй. Хууль яаж бий болдог, нийгмийн ямар харилцааг зохицуулдгийг УИХ-ын дарга байсны хувьд мэдэхийн цаагуур мэдэж байгаа. Ийм маргаан үүсгэх нь ёс зүйн хувьд зохимжгүй, өөрийгөө л улам бүр элдэв яриа хөөрөөнд оруулах сэжүүр болно шүү дээ. Өөрийгөө социал демократ гэж үздэг мянга мянган хүний эрхийг хэн ч хаах эрхгүй. Социнтерн АН-ыг хүлээж аваагүй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр АН бол МСДН-ыг өвлөгч бишээ гэж дэлхийн социал демократууд үзэж байна гэсэн үг. Тэгэхээр манай Дээд шүүх АН бол МСДН гэж үзэж болохгүй биз дээ. Эрх зүйн хувьд ямар нэгэн нэрийг тухайлбал Монголын Социал Демократ нам гэсэн нэрийг давхардуулан олгохгүй байх ёстой болохоос ямар нэгэн байгууллагад өөрт ньб айхгүй нэрийг байгаа мэтээр үзэж дархалж болохгүй. Дээд шүүх Үндсэн хууль, Улс төрийн намуудын тухай хууль болон бусад хуульд тухайн намын дүрэм нийцэж байгаа эсэхийг иш үндэс болгох ёстой болохоос ямар нэгэн намын дүрмийг тухайлбал АН-ын дүрмийг иш үндэс болгож, өөр намыг бүртгэхээс татгалзаж болохгүй шүү дээ. Тэгээд ч Монгол гэдэг нэрээр бид бүгд овоглох эрхтэй, социал демократ гэдэг нэрээр дэлхийн бүх социал демократууд буюу бид овоглох эрхтэй, нам гэдэг нэр бол бүхий л намуудын авдаг нэр. Хэрэв Дээд шүүх манай намыг МСДН нэрээр бүртгэхийг татгалзвал энэ ньэрх зүйн хувьд дэлхийд байхгүй цоо шинэ жишиг гаргана даа. Монголын улстөрийн намын түүхэнд МоАН, МҮДН, МНН, МУНН, МШАН-ууд нэгдэж МҮАН-ыг байгуулж байсан. Дараа нь МоАН-ыг саэргээн байгуулж энэ нэрээр Дээд шүүхэд бүртгүүлж, 2000 оны сонгуульд оролцож байсан. Энэ жишгээс аваад үзсэн ч Дээд шүүх манай намыг МСДН нэрээр бүртгэхгүй байх учир шалтгаан байхгүй гэж үзэж байна.
-Шинээр байгуулах танай нам цаашид АН болон МАХН-тай ямар төвшинд харилцах вэ?
-АН бол тогтсон үзэл баримтлалгүй, ёстой ойлгомжгүй нам. Зүүн туйлаас баруун туйл хүртэл ямар ч хачин жигтэй шийдвэр энэ намаас гарч мэднэ. Байгуулагдсанаасаа хойш нэгдсэн нэг үзэл баримтлал, зорилго чиглэлээ тодорхойлж, зорилгодоо хүрэх арга зам хөтөлбөрөө ч гараагүй. Үүнийг ямар ч авцалдаагүй сонгуулийнх нь хөтөлбөрөөс харж болно. Намын дүрэм, түүнийгээ хэрэгжүүлж байгаа байдлыг нь харах юм бол яг л хувьцаат компани мэт. Гэхдээ АН-ыг нэгдэж байгуулсан намууд анхны эрхэм зорилго, ардчиллын үнэт зүйлсээс ухраагүй гэж бодож хамтран ажиллахыг хичээх нь зүйн хэрэг. МАХН өөрийгөө социал демократ үзэлтэй гэж тодорхойлдог. Энэ нам дангаар эрх барьсан 2000-2004 онд социал демократуудын гол уриа болох эв нэгдэл, тэгш эрх, шударга ёсны зарчим алдагдсан. Зэрэгцэн орших учиртай нөгөө намаа дайсан мэт үзэж, яг л коммунист зангаар хүмүүсийг өөр үзэлтэй л бол намнах ажиллагаа явуулсан. зүүний үзэлтэй нам хэзээ ч бөөнөөр ажлаас халж, ажилгүйдлийг нэмэгдүүлэх бодлого явуулдаггүй атал тэд төрд зүтгэж асан 15000 хүнийг хоморголон халсан. Тэд нийгэмд өсөрхөх, үл эвлэрэх дайсагнах уур амьсгалыг бий болгосон. Коррупци цэцэглэн хөгжиж, шударга ёс, шударга хуваарилалтын зарчим үгүйсгэгдсэн. ийм намтай адилхан үзэлтэй хэмээн хамтран ажиллана гэвэл өөрийгөө үгүйсгэсэнтэй адил зүйл болно.
-Тэгэхээр сөрөг хүчин байх нь тийм үү?
-Төрийн төвшинд хамтарч ажиллах ойлголт байхгүй. Үүнээс гадуур, тавьсан зорилгынхоо хүрээнд сөрөг хүчний байр сууринаас ажиллах нь тодорхой.
-Танай нам ер нь ямар зорилго дэвшүүлж байгаа, түүндээ яаж хүрэх юм бэ?
-Нэн тэргүүнд дөрөвдэх засаглал гэгддэг хэвлэл, мэдээллийнхэнтэй нягт хамтран ажиллаж, түүгээр дамжуулан эрх баригчдыг хянах, ард түмний ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагаа явуулах болно. Наад захын жишээ гэхэд УИХ сая Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж баталлаа. Гэтэл нөгөө сонгуульд амласан амлалтууд байдаггүй. Ингэж болдог юмуу. Нэгэнт л бид чадна, тэгнэ ингэнэ гэж ард түмнээс эрхээ олж авсан юм бол чадахаасаа чадахгүйгээ хүртэл бүхнийг хийх ёстой. төр жирийн нэг луйварчин шиг авирлаж болохгүй. Бид тэр амласан амлалтуудыг нь хэрэгжүүлэхийг шаардаж, шахах болно. Цаашилбал иргэн хэн боловч Ерөнхийлөгчөөсөө авахуулаад хуулийн хүрээнд амьдарч, ажиллах ёстой. УИХ, Засгийн газар, түүнийг бүрдүүлэгч намууд дүрэм, хөтөлбөртөө захирагдан ажиллах нь тэдний хуулиар хүлээсэн үүрэг. Энэ хүрээнд ч хэлэх, дуугарах, тэмцэх юм маш их байна. Ойрын үед болох гол үйл явдал бол ирэх оны Ерөнхийлөгчийн сонгууль байна. Энэ сонгуульд нэр дэвших хамгийн магадлалтай хүмүүс гэж Н.Энхбаяр, М.Энхсайхан, Р.Гончигдоргж нарыг үзэж байна. Бид Р.Гончигдорж, Н.Энхбаяр хоёрыг ямар ч тохиолдолд дэмжихгүй.
-Тэгвэл М.Энхсайханыг дэмжинэ гэсэн үг үү, ер нь танай намыг М.Энхсайханы сонгуулийн кампанид зориулж байгуулагдаж байгаа гэж хэвлэлүүдэд бичсэнийг та уншсан уу?
-Бид хэннэгний сонгуулийн кампанид зориулж нам байгуулаагүй. Гэхдээ М.Энхсайхан Ерөнхийлөгчид нэр дэвшвэл бид дэмжинэ.
2004.11.10, Зууны мэдээ