Эзэн Богдын онгон бүү олдоосой

Өвгөдийн ясыг өндөлзүүлэхгүй гэсэн ариун ёс тангараг ч бий. Нутаглуулах газарт нь есөн эрдэнэ дэвсч, сүү цайныхаа дээжийг өргөн Алтан өлгий, Их өлгий, Алтан тэвш хэмээн хүндэтгэн нэрлэдэг. Шарил онгоныг нь тавьсан газарт бүү хэл нас барсан газар нь хүн, мал гатлуулахгүй гэж чулуу тавин хамгаалдаг. Энэ бүгд учиртай болоод л тэр.
Шарил онгоныг хамгаалах, дээдлэх нь монголчуудын шашин, зан заншлын шүтэлцээт холбоо бүхий уламжлалт ёс. Галдан бошготыг дагаж явсан хэдэн ойрд түүнийг таалал төгсөхөд хааныхаа онгоныг залсан орон дэлхийд нь сүү цайныхаа дээжийг өргөж байхаар одоогийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд сайн дураараа үлдэж суурьшсан гэдэг. Өвөрмонголчууд Ордос нутагт их эзний онгоныг олон зуун жил харж, тордож, эзний хошуу гэж отог орон үлдээд одоо ч сахисаар л байна. Энэ бүхэн үндэстэн, ястныхаа маргаашийг манасан ухаан, нөгөөдрийг аргамжсан аргамжаа.
Нэг үе эзэн Чингисийн онгоныг олно, хайна гэж томоохон кампанит ажил болж байсан. Хэдэн ногоон мөнгө л олж байвал ямар утга учиртай, ямар үнэ цэнтэй нь хамаагүй болсон өнөө цагийн дүр төрхийг зарим талаар эргэн хармаар л санагдах юм. Монгол улсад мөнгөөр хэмжигдэхгүй зүйл гэж байна шүү. Түүний эн тэргүүнд их эзэн Чингис хаан, түүний түүхтэй холбоо бүхий эд өлөг, сурвалж материал орно.
Эзэн богд Чингис хааныхаа шарил онгоныг эрж хайх нь бүү хэл, хаяг реклам, нэр усанд хэрэглэхийг нь хүртэл төр, засгийн хэмжээнд шийдэж баймаар санагдана. Эдүгээ Монгол гэж байгаа энэ улсын гарыг ганзаганд, хөлийг дөрөөнд хүргэж, өдий дайтрай явуулсан нь чухамдаа хэний ач гавьяа билээ. харийн гүрний дор бөхөлзөхгүй, бие биеийнхээ өөдөөс нүүр бардам харж, чөлөөтэй алхах эрх чөлөөг бид хаанаас олж авсан юм бэ. Энэ бүхний эхлэл нь чухамдаа их эзэн Чингис хааны ач гавьяа биш гэж үү.
Тэгтэл харийнхантай хамтран онгон шарилыг нь хайх ухаан хаанаас гарсан юм бол. Олдсон бол яах вэ. Асуултын цаана асуулт хуралдсаар л байна. Нэг л өдөр харийн ноёд нөгөө алдарт Чингисийн чинь яс энэ байна, биднийг үнсэн товрог болгон байлдаж байсан харгис эрийн гавал нь энэ гээд үзүүлж харуулаад мөнгө олох хэрэгсэл болгохгүй гэхийн баталгаа үгүй шүү дээ.
Үүх түүхээ гэх ёс алдагдаж, мөнгөний хойноос хөөцөлдөх болсон цагийн араншин онгоныг маань харж хамгаалах биш, оронд нь өөр нэг яс тавьчихаад тэр чинь биш ээ хулхи нь байхгүй юу, энэ л жинхэнэ нь гээд гадаад дотоодоор явж байх вий гэж заримдаа бодогдох юм. Монголын үр сад бид ийм буртагтай зүйл олж бүү үзээсэй. Эзэн Чингисийн онгон бүү олдоосой. Нууж байж оршуулсан нууц нь хэвээрээ л байг дээ. Сайн хүний нэрийг гурав худалдаж иднэ гэж монголчууд ярьдаг. Одоо цагт Чингисгүй юм үгүй болжээ. Цаашдаа ч мөн олшрох төлөвтэй. Их эзнийхээ үлдээж өгсөн өргөн уудам нутаг дээр бид жаргаж яваа бус уу. Түүнийх нь ачаар өнөөдөр хувьчлаад авах өргөн дэлгэр газар нутагтай л сууцгаана. Нэрийг нь худалдаж идэхдээ хүртэл бодолцмоор. Дэлхийн дайдад очоод Монгол гэхээр ойлгохгүй хэрнээ Чингис гэхээр толгой дохидог гэдгийг хүн бүхэн мэддэг. Ер ньтөр, засгаас эзэн богдын нэр, дүрийг төрийн бус зүйлд шууд утгаар нь ашиглахыг хориглож зохицуулмаар санагдана. Энэ хүний нэр, дүр төрийн халдашгүй өмч байх ёстой. Өнөөдөр ухвар мөчид нэг нь тэр ч булш бунхнаас ийм ч тийм ч алт, мөнгө олдлоо гэх яриагаар хөдөө орон нутагт булш, хиргисүүр ухах нь элбэгшлээ.Цаашлаад хэнийхийг ч ухаж төнхөж, эрж сурвалжлах юм билээ.
Монголчууд бид дээдсийнхээ шарилыг амар тайван байлгахаа болих нь энэ үү. Хиргисүүр бүхний дор алт, мөнгөөр хучсан алдарт баатрууд, дээдсийн шарил байдаг уу гэдэг нь бас л эргэлзээтэй. Зарим үед халдварт өвчин, галзуу солио туссан бузар булай зүйлийг нутаг орноо, хүн ардаа хамгаалан ариун байлгах зорилгоор ийнхүү булж, бунхалдаг байсныг ч бодолцмоор юм. Дээр нь айл амьтан буучих вий, хөрс шороог нь оролдон хөл, гараа бузарлачих вий гэхдээ л ийнхүү даран хиргисүүр маягтай болгосон ч бий. Ер нь булш бунхан ухах нь сүлд хийморьт муу, сүнс нь хүртэл төөрдөг гэдэг. Дээдсийн онгон дэлхийн хөрсөндөө тайван байвал дээр нь өвлөж үлдсэн бидний заяа тэгш байх биз ээ.
2004.11.11, Зууны мэдээ