Банк дампуурахад хэн хождог вэ

Нөгөө талаар банкнаас их хэмжээний зээл авдаг иргэн байтугай хувийн хэвшлийн байгууллага ч байгаагүй. Гадаадынхан шиг банкнаас зээл авах санаа төрдөг байсан ч тэрнийг нь зөвшөөрдөг хууль эрхийн акт ч гараагүй байлаа. Жирийн иргэдийн хувьд ч ихэнх нь банкинд мөнгө хадгалуулж болдог тухай ойлголт ч үгүй байсан. Сайндаа л Хүргэн хүү кинон дээр гардаг шиг бааданд ороогоод авдрынхаа мухарт хадгална. Нөгөөтэйгүүр иргэдийн маань сарын орлого банкинд хадгалуулах нь бүү хэл дараа сардаа хүрдэггүй байсан цаг шүү дээ.
Харин 1990-ээд оноос хойш хэд хэдэн банк шинээр байгуулагдаж сангийн аж ахуйнууд хувьд шилжиж, хувийн хэвшлийн байгууллагууд олноороо төрөн гарсантай холбогдон банкнаас ахиухан зээл авах сонирхол эрс нэмэгдсэн гэдэг. Тэр ч байтугай 1992-1994 оны үед банкууд төрийн албан хаагчдад зээл өгөх хөдөлгөөн өрнүүлж билээ. Тухайн үедээ үүн шиг амархан юм байсангүй. Банкнаас очиж хоёр хуудас авна. Дараа нь байгууллагынхаа дарга дээрээ орж, энэ хүн манай байгууллагад тийм ажил хийдэг нь үнэн болно гэсэн тодорхойлолт бичүүлээд л боллоо. Ийм маягаар мөн ч олон хүн банкнаас их бага хэмжээний зээл авсан даа. Аймхай нэг нь банкнаас зээл авчихаад төлж чадахгүй өрөнд унаж, дээлээ толгой дээрээ нөмрөхөөс айж зүрхлээгүй бол зоригтой нэг нь 20-30 мянгаар нь зээлж одоог хүртэл төлөлгүй явсаар хэрэгсэхгүй өр болгожээ. Ийнхүү асар богино хугацааны дотор банкууд хамаг мөнгөө дуустал нь зээлэнд тараачихсан түүхтэй.
Хөх, ягаан тасалбар
Эдийн засгийн бага зэрэг мэддэг, холын бодолтой нэг нь хувьчлалын гэх хөх, ягаан тасалбаруудынхаа учрыг ч сайн мэдэж амжаагүй хот, хөдөөгийн иргэдээс тэрхүү цаасыг нь 50-60 төгрөгөөр худалдан авч энд тэнд ашиглагдахаа больж, нурж унахаа шахсан байшин барилгуудыг худалдаад авчихдаг байж. Дараа нь тэрнийгээ өндөр ханшаар үнэлүүлж аваад зээлийн баталгаа олгож, аль нэг банкнаас их хэмжээний зээл аваад бултаж орхидог байжээ. Банкныхны хувьд зээлийнхээ хойноос санаа зовж эмээхийн шаардлагагүй. Яагаад гэвэл тараасан мөнгө нь төрийнх. Оронд нь байшин сав барьцаа болоод л байж байна. Харамсалтай нь тэрнийг нь хэн ч тоож авахгүй. Хэсэг хугацааны дараа найдваргүй өр гээд л хэрэгсэхгүй болгочихно.
Банк дампуурахад хэн хождог вэ?
Өнөөдөр тухайн үед банкуудыг толгойлж байсан эсвэл тэдгээр төрийн өмичйн банкнаас их хэмжээний зээл авсан хүмүүс л жип унасан, 2-3 давхар хувийн байшинтай баячууд болж.Гэхдээ хууль, номоороо зээл тусламжаа авсан пүүс, компанийн эзэд бий л дээ. иймэрхүү маягаар л төрийн өмчийн банкууд дампуурдаг ажээ. Тэрхүү дампуурсан банкинд мөнгөө итгэж хадгалуулсан иргэд хохирол амссан нь харьцангуй бага байдаг гэнэ. Учир нь төрийн өмчийн банк дампуурсан тохиолдолд иргэдийн хохирлыг төр бүрэн хариуцдаг журамтай. Харин тус банкинд дансаа нээж мөнгөө байршуулсан төрийн мэдлийн аж ахуйн байгууллагууд л хохироод үлддэг. хувийнх нь мөнгө биш болохоор хэл ам татлаад байдаггүй. Тэгэсхийгээд л дараа жилийнхээ төсвөөс алдагдлаа нөхсөн болоод мартагдана.
Сүүлийн үед мөнгө хожихын тулд бас албаар банкаа дампууруулах үйл ажиллагаа цэцэглэж байгаа гэнэ шүү. Жишээ нь та банкинд 10 сая төгрөгөө 1,5 хувийн хүүтэй хугацаатай хадгалуулжээ. Хэнд ч хэзээ ч мөнгө хэрэгтэй болдог үе байдаг. Банкин дээр очиж бүх мөнгөө хүүтэй нь авъя гэхэд манай дотоод журманд өөрчлөлт орсон, тэгээд ч та хугацаатай хадгалуулсан мөнгөө урьдчилж авч байгаа тул таны мөнгөний хүүг 0,6 хувиар өгнө гээд л суучихна. Та мөнгөө хадгалуулахаасаа өмнө журамтай нь танилцахад 10 саяас дээш мөнгө хадгалуулсан тохиолдолд хэзээ ч авсан хүү нь 1,5 хэвээрээ байна гэж байсныг нь сануулаад ч хэрэггүй. Мөн гадаадын банктай хувь нийлүүлсэн банкуудад мөнгөө хадгалуулахад бас нэг эрсдэл байдаг гэнэ. Муугаар бодоход банк дампуурлаа гэхэд манай тал хэдхэн хувийг нь эзэмшиж байсан тул бүгдийг нь гадаадын хөрөнгө оруулагчид хамаад аваад явчихсан гээд таныг юу ч үгүй үлдээнэ. Гэхдээ л та 5 сая төгрөгөө зуухандаа хийж нөхрөөсөө нууж байж шатаалгаж байснаас банкинд хадгалуулсан нь өлзийтэй болов уу.
Инфо /2004.11.13/