Бага л алдъя гэвэл Улаан бид хоёрыг сонсохоос өөр зам байхгүй

Төрийн албыг хориод жил хашиж байгаа сайдыг эвслийнхэн хамгийн ихээр нүд үзүүрлэж, янз бүрээр нь хэлж байдаг. Гэсэн ч сайдын өөрийнх нь хэлснээр дарах гэж янз бүрээр хэлэх тусам нь хүч орж байдаг гэдэг нь оргүй үг биш байх. Юутай ч өнгөрсөн их хэл амын дараа эрхэм сайдтай хөөрөлдлөө.
-Шинээр байгуулагдсан зөвшицлийн засгийн газрын үйл ажиллагааны талаар хүмүүс янз бүрээр л ярьж байна. Таны бодлоор шинэ засгийн газрын ажил хэзээ жигдрэх гэж байна вэ?
-Ирэх оны эхээр жигдрэх биз. Мөрийн хөтөлбөр батлагдлаа. Ирэх оны үндсэн чиглэл, төсөв, мөнгөний бодлого хэлэлцэж эхэлж байна. Орон нутгийн сонгуулийн үр дүнг энэ сард багтаад баталгаажуулах байх. Энэ бүхнийг хийснээр ажил жигдрэх тийшээгээ хандана.
-Тэгвэл таныг Хууль зүйн сайд болоход эвслийн зүгээс дургүйцээд байсан. Эгээ ёс суртахуунгүй гэж дургүйцээгүй байлгүй дээ?
-Ёс суртахуунгүй нь ёс зүйтэйгээ баалдаг болсон үе учраас гайхаад байх хэрэггүй. Намайг дайрч давшилдаг тодорхой цөөн хүмүүс чинь эвслийн бүлгийн хамгийн ёс суртахуунгүй хэсгэ нь шүү дээ. Үүнийг монголын ард түмэн мэднэ. Бат-Үүл малгайдаа эзэн болж чаддаггүй атлаа хариуцлага яриад эхлэхээр нь миний инээд, тохуурхал хүрдэг.
-Дэд сайдуудын томилгоо одоо хэр нь шийдэгдэхгүй байгаа нь юутай холбоотой вэ?
-Аль аль тал нь халгаад, бэргээд хойшлуулаад байх шиг байна. Уг нь хүнд ч гэсэн цаг алдалгүй шийдэх хэрэгтэй л асуудал.
-Хууль зүйн дэд сайдад тохирох хүн олдохгүй байгаа юмуу, таныг барих хүнээ эвслийнхэн хайгаад байгаа юмуу?
-Тийм яриа байдаг л юм. Намайг барина гэж юу байхав. Би чинь зөвхөн төрийн эрх ашиг, хууль хоёрт л захирагддаг юм. Бусдаар намайг барина гэвэл санаа нь байвч сачий нь хүрэхгүй ээ.
-Та заавал ингэж янз бүрээр хэлүүлж, чичлүүлэн байж Хууль зүйн сайд байх хэцүү биш үү?
-Намайг анх боорлоод ч эд дийлэхгүй. Боорлох тусам нь би ирлэгдэж шинэ эрч хүчээр өөрийгөө сэлбэдэг юм. Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ургадаг гэсэн ардын үг бий.
-Таны хувьд эвслийнхэнд хамгийн их муу муухайгаараа дуудуулдаг нь. Одоо нэг ширээнд зэрэгцээд суухад хэр их асуудал гарч байна вэ?
-Эвсэлд надад дургүй цөөхөн хүн байдаг юм. Тэд нь гарын таван хуруунд багтана. үлдсэн нь надтай хэвийн харьцаатай, хүндэтгэдэг хүмүүс бас найз нөхдүүд ч бий. Засгийн газрын бүрэлдэхүүнд орсон хүмүүсийн тухайд надтай тэгтлээ муудалцсан хүмүүс байхгүй, ажил, харьцаа хэвийн байна. Маазрах үедээ инээлдээд ажлаа ярих үедээ яриад л явж байна.
-Сургаал айлдлаа гэж зарим нэг шинэ гишүүд дургүйлхдэг гэж сонсогдсон?
-Ний нуугүй хэлэхэд эдэнд Монголын бодит нөхцлийг дүгнэх чадвар, ажлын дадлага туршлага дутаад байгаа нь илт мэдрэгдэж байна. Иймд зарчмын том алдаа гаргуулчихгүй байх талаас нь анхаарч санаа оноогоо харамгүй хэлж байгаа. Муудалцах шахсан үе ч бий. Цаана нь төр улс, энэ хоёр сая ард түмний эрх ашиг байгаа учраас ингэхээс өөр аргагүй. Үүнийг сургаал гэж ойлгож байгаа бол бодлоороо л дүгнэг. Яг төрийн ажил хийсэн туршлага, зэрэг зиндаагаараа бол Улаан бид хоёр чинь эд нарт сургаал айлдах түвшинд хүрчихсэн улс. Намайг сайрхлаа, сагсуурлаа гэх вий. Тэгж бодож дүгнэнэ л биз. Гэхдээ энэ бол үнэн. Энэ төрд мэргэжлээрээ 20 гаруй жил тасралтгүй зүтгэсэн Улаан бид хоёр болон өчигдөр компанийн захирал байгаад өнөөдөр сайд болсон хүмүүсийн хооронд асар их ялгаа бий. Бага л алдъя гэж байгаа бол хүссэн ч, эс хүссэн ч Улаан бид хоёрыг сонсохоос, санаа бодлыг нь харгалзахаас өөр зам эдэнд байхгүй.
-Цагдаагийн удирдлагад халаа сэлгээ хийгдэх талаар яригдах боллоо. Энэ үнэн үү?
-Би бодоо ч үгүй юм байна. Энэ төрийн шинэ хүн түүхийн нэн эгзэгтэй үед туйлын хүнд, аминд халгаатай ачааг хамт үүрчихээд одоо би тэднийг золигт гаргах болж байна уу. Тийм юм байхгүй. Цагдаагийн дарга болно гэж ярьдаг, мөрөөддөг хүмүүс олон байдгийг би мэднэ. Гэхдээ энэ бол тэдний л асуудал. Энэ байгууллагын толгойд тавьтаргүй хүн гарахаараа ямар хор уршиг тарьдгийг би мэднэ. Одоо ч гэсэн гор нь, хор нь бүрэн арилаагүй байна. Муу юм модон улаатай гэсэн мэргэдийн үг бий.
-Сүүлийн үед эрүүгийн гэмт хэрэг буурч байгаа ч гэсэн онц ноцтой хэргүүд гарсаар л байна. Гэмт хэрэг тэр дундаа эрүүгийн хэргийн талаар шинэлэг ямар хууль оруулж байгаа вэ?
-2002 онд батлагдан мөрдөгдөж байгаа хуулиудад зарим засвар хийнэ. Төслө нь бараг бэлэн болсон. Хуулийн орчин нь хангалттай сайн болсон. Одоо хэрэгжилтийг сайжруулах нь гол ажил. Малын хулгайтай тэмцэхэд хуулийн, цагдаагийн хүчин чадлыг бүрэн дайчилна гэж тооцон холбогдох чиглэл өгсөн. Энэ бол хамгийн гол тулгамдаж буй асуудал.
-Нэг хэсэг таныг хятадын тагнуул гэж бөөн юм болоод намжаад байсан чинь одоо эргээд сөхөгдөж энэ талаар гарах боллоо. Яагаад энэ тухай дахин дахин сөхөж тавиад байгаа юм бэ?
-Монголын тусгаар тогтнолыг үнэн голоосоо үзэн яддаг, харь элэгтэй, харь гаралтай, саяхан хариас ирсэн хүмүүсийн зохион байгуулж байгаа гүтгэлэг. Ойрд цусны хүн монгол төрийн эсрэг явсан түүх байдаггүй юм. Би тэдний л нэг. Намайг тагнуул гэж цоллоод байгаа зарим хүний өвөө нь 1933-аад оны хүн амын тооллого хийх үед монголд биш урд байсан юм билээ. Бодох бас туйлаас сэрэмжлэх асуудал.
-Ер нь асуудлыг та нэг тийш нь болгох цаг болсон юм биш үү?
-Аль хэдийн нэг тийш болсон. Би монгол төрийн эсрэг яваагүйг хууль хяналтын бүх төрлийн байгууллага, бүх түвшиндээ хүлээн зөвшөөрч шийдвэрээ гаргасан, намайг гүтгэсэн хүн нь ял эдэлж байна. Өөр юу хэрэгтэй юм.
-Саяхан Ганц худагт Д.Энхбат, өмгөөлөгч Л.Санжаасүрэн нарын хурал болсон. Энэ хурлаас шүүгдэгч хоёрт тодорхой ял оноосон. Энэ хурлыг мөн урьдын адил тантай холбох асуудал гараад байгаа энэ талаар тайлбар өгөх үү?
-Санжаасүрэн өмгөөлөгч хийж байгаад яг уг үйл ажиллагаатайгаа холбогдсон гэмт хэрэгт холбогдсон тул ТЕГ, Монголын өмгөөлөгчдийн холбооны сахилгын хорооны саналаар би хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд өмгөөлөгчдийнх нь эрхийг түдгэлзүүлсэн юм. Тэгээд л надтай холбож улс төржүүлэх замаар ялаа нимгэлэх гэж байхгүй юу. Санжаасүрэнг гүйцэтгэх ажлын нууц задруулаад өг гэж би даалгаагүй биз дээ. Ер нь олон хавар нэгэндээ гэсэн үг байдаг аа. Ж.Баатар, Санжаасүрэн хоёр сүүийн арваад жилд мэргэжил, ёс зүйгээ огоорч тавьтаргүй авир мөн ч олныг гаргасан, түүнийг нь эвслийнхэн өөгшүүлж их ч ашигласан. Эцсийн дүндээ өөрсдөө хохироод л дуусч байна.
-Баатар генерал болон Цагаан шонхор-ын С.Энхтайваны шүүх хурлыг ч мөн таныг ард нь байж удирдан явуулсан гэх хар одоо хэр нь байгаа юм биш үү?
-Би шүүх, прокурорын ажлыг удирдаж байгаагүй, цаашдаа ч удирдахгүй. Худлаа хэлж л байхгүй юу.
2004.11.15, Хүмүүс