150-200 мянган тонн гурилыг хаанаас олж импортлох вэ

Жилдээ хүн ам маань 300 мянгаад тонн гурил хэрэглэдэг гэдэг. Урьдчилсан мэдээгээр аж ахуйнууд 100 мянгаад тонн гурил хийх улаанбуудайг үйлдвэрт нийлүүлэх боломжтой байна. Хэрэгцээнээс дутаж буй 150-200 мянган тонн гурилыг хаанаас авахвэ. Мэдээж, гадаадаас импортоор авчихна гэж хариулах байх л даа. Үнэнийг хэлэхэд өрөөлөөс бадар барихаас өөр аргагүй. Урд, хойд хоёр хөршөөс гадна Казахстан, Өмнөд Солонгос зэрэг орноос будаа гуйх биз. Америк, Канад, Франц, Германаас тусламжийн будаа ирнэ хэмээн ХХААЯ-ны түшмэд сэтгэл засах байх.
Гуйх нь гутамшиг, гуйлгах нь гайхамшиг хэмээн Монгол түмний мэргэн үгс бий. 1980-аад онд манай улс 800-гаад мянган тонн үр тариа хураан авч, дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаад, үлдсэнийг нь гадаадад экспортолж байсан гэгээн түүх бий.
Өөрсдийн тарьж ургуулсан буудайгаар жилийн хэрэгцээт гурилынхаа дөнгөж 40 хувийг хангах тооцоо байна. Стратегийн ач холбогдолтой хүнснийхээ бүтээгдэхүүний гуравны нэгээс илүүгүйг импортоор авч болно гэсэн олон улсын жишгийг хөгжингүй болон хөгжиж буй орнууд мөрдөж, үндэсний аюулгүй байдлаа хангаж иржээ. Гэтэл монголчууд бидний гол хүнс-гурилын хангамж бусдын мэдэлд ороод арав гаруй жилийн нүүр үзлээ. Зүүн өмнөд Азийнхан загас, тутарга хоёргүйгээр амьдарч чадахгүйртэй адил Чингисийн монголчууд мах, гурилгүйгээр амин зуулгаа залгуулж дөнгөхгүй. Мах, гурил хоёр манай улсын стратегийн хүнсний бүтээгдэхүүн. Өөрөөр хэлбэл, монголчуудын хүнсний хэрэглээний сагсны нэр төрлийн эхэнд мах, гурил хоёр улаан үсгээр бичигдэж, түүний агуулгыг тодорхойлдог. Стратегийн хүнсний бүтээгдэхүүний нөөц, хэрэглээний төвшинг тооцож, тухайн улс үндэстний аюулгүй байдлыг үнэлдэг гэсэн. тодруулбал, бидний хувьд хүнсний хангамжийн баталгаа алдагдсаныг цөөнгүй судлаач анхааруулсныг нийтээр мэднэ. Харамсалтай нь түүнээс санамж авсангүй, бахь байдгаараа өнөөдөртэй золгожээ. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас гаргасан шалгуураар тухайн орны дараагийн ургац хүртэл хадгалах нөөцийн хэмжээ улсын нийт хэрэгцээг 60-аас доошгүй хоногийн хугацаанд хангахад хүрэлцэхүйц байвал хүнсний хангамжийг баталгаатай гэж үздэг байна. Гэтэл Монголд юуны нөөцлөх манатай, хэрэгцээнийхээ тавин хувийг ч хангаж чадахгүй байгааг өмнө өгүүлсэн.
Усжуулах, эрчимжүүлэх арга хэлбэрийг газар тариаланд нэвтрүүлснээр энэ онд нэг га-гаас авах ургацыг өнгөрсөн оныхоос 0,6 центнерээр нэмэгдүүлсэн хэмээн ХХААЯ-ны газар тариалан, технологийн хэлтсийн дарга Д.Бурмаагийн ярихыг мэдээллийн хэрэгслээр цацсан. Усалгаатай тариалан эрхэлбэл бага талбайгаас арвин ургац авдгийг туршлага харуулсан. Тариалангийн гол бүс нутгуудад цас хамгийн их ордог. Цас тогтоох, хавартаа шар усны үерийг хуримтлуулан хөтөлж, тариа, ногооныхоо талбайг услах ажилд хашин хойрго хандаж байна.
Газар тариалангийн бүс нутгийг ч ХХААЯ-ны мэргэжилтнүүд алагчлан үздэг бололтой. Сэлэнгэ, Төв аймгийн аж ахуйнуудад л сайд, дарга нар шил шилээ даран үе үе очиж ажилладгаа зурагтаар харуулдаг. Энэ нь тариалангийн гол бүс нутаг гэдгээрээ зөв байх. Хязгаар нутаг төр, засгийн анхаарлын гадна байх учиргүй. Хах хөхийн ар нутаг дахь Баруунтуруун сумын аж ахуйнууд сүүлийн жилүүдэд ургац алдаж, тариаланчид модоо барихад ойртжээ. Тэнд төр, засгаас үзүүлэх дэмжлэг орхигдож, тариаланчид бор зүрхээрээ зүтгэж, тэнгэрийн аяыг царайчилдаг болсон нь ургац алдахад нэрмээсэлснийг Улсын аварга комбайнч Б.Сүхбаатар өгүүлсэн. хязгаар нутгийн аж ахуйнуудыг хяналтдаа авч ээлийн гараа сунгаач гэж төрийн түшмэдээс хүсч байна. Ингэвэл улсын ургацын санг арвижуулахад газар тариалангийн аль ч бүс нутгийнхан хувь нэмрээ оруулах нь дамжиггүй. Баруун монголчуудын ардын уламжлалт тариаланг сэргээхийн хамт орчин үеийн дэвшилт технологийг нэвтрүүлэхэд төр, засгаас бодитой дэмжлэг үзүүлбэл Увс, Ховдод газар тариалан сэргэхэд юухан байх вэ. Үгийн далимд дурьдахад тариалангийн талбайг тариг, усалгааны шуудууг бух гэж нэрлэдэг уламжлал өнөө хэр орхигдсонгүй. Тариг, бух хоёрыг нь өндөр бүтээмжтэй технологиор сэлбэн баяжуулж өгөхсөн.
Ирэх жилийн тариалалтад хэрэглэх 30 мянга гаруй тонн улаан буудайн үрийг нөөцлөхөд бэл бэнчин урьдын адил дутагдах төлөвтэй. Аж ахуйнууд цаад тал нь 15-20 мянган тонн үр нөөцлөхөөс хэтэрдэггүй, Дутагдсан улаан буудан үрээ улсын нөөцөөс зээлээр буюу бэлэн мөнгөөр авдаг жишиг 2005 оны хавар давтагдаж байх гэж ХХААЯ-ны мэргэжилтэн Б.Одонхүү өгүүлсэн нь нүдийг нь олоод хэлчихсэн үг болов уу.
Төмс, хүнсний ногооны хувьд жилийн хэрэгцээнийхээ 50 хувийг бэлтгэсэн дүн мэдээ гарчээ. Тэгэхлээр хэрэгцээнийхээ цоорхой орон зайг урд хөршөөс орж ирсэн чанар муутай төмс хүнсний ногоогоор хүссэн ч, хүсэгүй ч дүүргэх нь мэдээж. Зүй нь үр тарианы төдийгүй төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийн хэмжээ хүн амын өсөлттэй шуудхамааралтайгаар нэмэгдэж байвал хүнсний аюулгүй байдлын эрх ашигт нийцнэ. Гэтэл уг харьцаа урвуу хамааралтай болжээ.
Манай улсын хүн амын өсөлт сүүлийн 10 гаруй жилд өмнөх үеийнхээс хоёр дахин буурсан ч жил тутам 2,3-2,5 хувьтай байгааг статистик мэдээ гэрчилнэ. Үр тарианы үйлдвэрлэл мөн хугацаанд 25-10 хувиар буурсан. Ингэснээр монголчууд бид гурилынхаа хэрэгцээний 60 хувийг, төмс, хүнсний ногооныхоо 50 хувийг гадаадаас импортоор авч байна. Энэ нь 2004 онд хураасан ургацын хэмжээтэй холбоотой үзүүлэлт. Өмнөх онуудад гурилынхаа хэрэгцээний 70-75 хувийг гадаадаас импортолж байсан. МАХН Засгийн эрхийг дангаараа барьж байсан өнгөрсөн дөрвөн жилд газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээнэ гэж амласнаа биелүүлсэнгүй. Газар тариалангийн салбарын хувьчлалыг өөрсдөдөө ашигтай булхай зальхайн аргаар хийснээс тракторчдын бослого гарсан. Ардчиллын зарчимд нийцсэн ардын уг эсэргүүцлийг цагдаагийн хүчээр дарсан.
Газар хувьчлах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг амьдрал шаардаж байна. Газар хувьчлал шударга хийгдэж, тариаланчид талбайнхаа жинхэнэ эзэн болбол газар тариалангийн үйлдвэрлэл сэргэхэд үндсэн эргэлт гарах нь лавтай. Үржил шимтэй, өгөөмөр газар нутаг монголчуудад хангалттай байна. Өвгөд дээдсийн маань хойч үедээ үлдээсэн их өв тос даасан хөрс шороонд ургахгүй, тариа, нутагшихгүй, төмс, ногоо бий гэж үү.
Нэг хүнд ногдох газар нутгаараа дэлхийд тэргүүлдэг эх орны эзэн бид хүнсээ өөрсдөө бэлтгэж нөөцлөөд, харь орныг царайчлахгүй байхсан. Өрөөл бусдаас будаа горьдож, гурил гуйж амьдрах нь гутамшгийн адаг бус уу.
/Монголын мэдээ 2004.11.16/