Монгол улсын ерөнхийлагч Н.Багабанди радио телевизээр хэлсэн үг

Эрхэм бэлгэдэл, утга төгөлдөр энэхүү тэгш ойг угтаж иргэдийнхээ эх оронч үзлийг хөгжөөн бадраах, их бүтээн байгуулалтыг өрнүүлэх, түүх соёлоо дээдлэн хүндэтгэх, төр, улсынхаа бүрэн эрхт байдлыг бататгах талаар зохистой ажил өрнүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон зарлиг шийдвэрээ би жилийн өмнө гаргасан.
Энэ талаар юу хийснээ, цаашид юу хийх ёстойгоо төр засаг ч, иргэд ч дор бүрнээ дүгнэн цэгнэж, үүрэг юүгээ ухамсарлаж ажиллах нь түүхт ойг хүндэтгэн тэмдэглэхийн утга агуулга төдийгүй хариуцлагын асуудал мөн билээ.

Өнөөдөр 80 жилийн ойг нь тэмдэглэж байгаа энэ үйл явдлын ач холбогдлыг тэр цаг үеийн хүмүүс хэрхэн үнэлж байсныг нь бичиг сурвалжаас сөхөн үзвэл Бидний монгол язгууртанд хэдэн зуун оноос янагш үзэгдсэнгүй гайхамшигт хэрэг бөгөөд үүгээр улсын дааман нурууг босгосон лугаа адил болно гэхчилэн тодоос тод тэмдэглэгдэн үлджээ. Үүний гүн их утга агуулга, учир холбогдлыг өөрсдөө бид ухаарч, үеийн үедээ таниулан ойлгуулж байх нь эцэг өвгөдийн амь амьдрал, ухаан бодлоор гэрээслэгдэн өнөөгийн бидэнд уламжлагдан ирсэн эрхэм үүрэг билээ.

Тиймээс энэ өдөр нь иргэн хүн бүр сонгож байгуулдаг Бүгд найрамдах төр, улсынхаа бүрэн эрхт байдалд бодол сэтгэлээ хөвчрүүлэн чиглүүлж, улс монголынхоо эрт, эдүгээ, ирээдүй хойчийг ухаандаа чагтаглан тунгааж, эх оронч үзлийн жинлүүрээр түүхийн бахархал, эмзэглэлийг дэнсэлдэг үндэсний бодрол ухаарлын өдөр байх учиртай.
Алдаа оноо алаглан томолдсон өнгөрсөн түүхийн энэ 80 жилд Үндсэн хуульт төрийн үзэл санаа улам тодорч, төрийн засаглалын сонгодог хэлбэр болох Бүгд найрамдах ёсны дааман нуруу тулгуураа алдаагүй ирсэн нь монголын ард түмний их хувь заяа төдийгүй бахархан дуурсах гавьяат үйлс мөн.

Монгол нутагт бүрэлдэн тогтсон төр ёсны түүхэн дэх 2000 гаруй жилийн уламжлалт хаант ёсыг халж Бүгд Найрамдах төрийн хэлбэр, үндсэн хуульт байгууллыг сонгосноо тунхагласан нь тухайн цаг үеийн алтан боломжийг төдийгүй дэлхий дахины хэтийн төлөвийг алдалгүй олж харсан эцэг дээдсийн мэргэн ухаан, холч бодол, эрсдэлтэй атлаа зөв шийдвэр, зоримог алхам байсныг туулсан түүх гэрчилж байна.

Анхдугаар Үндсэн хууль нь ардын хувьсгалын үр дүнг баталгаажуулж, бүх нийтээрээ сонгон байгуулдаг Бүгд Найрамдах төрийн цоо шинэ хэлбэрийг тунхаглаж, Үндсэн хуульт байгууллыг тогтоон нийт иргэдийн эрх чөлөөг хуульчлан хамгаалж, ардын эрхт засгийн эрх зүйн үндсийг бүрдүүлэх цоо шинэ зорилтыг тодорхойлж, улс төр, эдийн засаг, эрдэм соёл юугаа дэлхийн жишиг, нийтийн байдлын шинэ ёсонд дэвшүүлэх үндсийг тавьсан олон талын гүн утга агуулга, учир холбогдлоороо үндэсний ой санамжаас үл мардагдах түүхийн баримт,үеийн үед хичээн хамгаалбал зохих өнөөгийн бидний ардчилсан үзэл, бодлогын гарааны эх булаг болж чадсан юм.
Анхны Үндсэн хуулийн амин сүнсийг залгуулан баяжуулж, Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна хэмээн даяар олноо зарлан тунхагласан шинэ Үндсэн хуулиа дээдлэн хүндэтгэж, түүний гадуур, түүнээс дээгүүр байх гэсэн аливаа санаархал, ашиг сонирхлыг үл тэвчин, үндсэн зарчим, үзэл санааг нь үйл ажиллагаандаа ягштал баримтлах нь төрийн бүх шатны байгууллага, иргэн хүн бүрийн журамт үүрэг мөн.

Бүгд Найрамдах ёсны гол шалгуур, сонгодог утга чанар бол бүгдийн оролцоо хүчин чармайлтаар байгуулж босгосон засаг төр нь иргэд олондоо ээлтэй ханддаг, эрх тэгш, шудрага ёсыг хэрэгжүүлж, улс үндэстнийхээ бүрэн эрхт хийгээд аюулгүй байдлыг баталгаатай байлгаж бүхий л бодлого шийдвэр, үйл ажиллагаа, түүний үр дүнг ард иргэддээ толь мэт ил тод, тодорхой тайлагнан ажиллахад оршдог гэдгийг бид хаана хаанаа, хэзээ хэзээнээс илүү анхаарч ажиллахыг даяаршлын энэ эринд үргэлж санаж явах учиртай. Үүний хамт Элдэв улсын мандах мөхөх нь гадаадын туслах, хорлоход үгүй, харин дотоод засгийн ариун, тодорхойд буй гэсэн их эрдэмт Дандаа хэмээх Дэмчигдорж агсны орой руу ортол хэлсэн онч мэргэн үгийг ч эл өдөр дурдууштай, санууштай.

Эрхэм хүндэт иргэд ээ,
Үндсэн хууль ба аливаа цааз хууль, дүрэм, хэмжээ, зарлал тушаалыг цөм нийтээр сайтар журамлан дагаж, бүгдээр нэгэн сэтгэл, нийтийн хүчээр зүтгэж улс төр, үндэс язгуур ба олон түмэн ардын эрх чөлөөг үүрд батлан хамгаалбал зохино гэж ухуулан учирласан Улсын Анхдугаар Их Хурлын үзэл санаа өнөөдөр ч ач холбогдолтой хэвээрээ байгааг сануулан тэмдэглээд Та бүхэндээ эрх тэгш, амар түвшин, элбэг хангалуун, аз жаргалтай амьдралын төгс бүрдэл цогцлон байхын ерөөл хүслийг дэвшүүлье.
Эцэг дээдсээс өвлөгдсөн үндэс язгуур, эх хэл, амин нутаг, дархан хил, түүх соёл, төрт ёс, заншил уламжлал хийгээд тусгаар тогтносон бүрэн эрхт улсын бэлгэдэл бүхий туг, сүлд, далбаа, тамга, дуулал бүхэн цөм бүрдмэл, эрх чөлөөт эх сайхан монгол орноо улам улам цэцэглүүлэн хөгжүүлцгээе.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН АЛБАНААС МЭДЭЭЛЖ БАЙНА 2004.11.24

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button