15-тай жаалууд

Хөлд ч ороогуй байхдаа Дүрсгүй жаалууд хэлд орж, хөгжим, тэр дундаа рокийг онцгойлж олон бүтээл туурвилаа. Харанга-ынхандаа Өнөөдөр сонин төрсен өдрийн мэнд хүргэе. Цаашдаа илүү олон шүлэг, хөгжим бичиж, рок дуу төрүүлээрэй.
Тэд нэг өдөр, нэг цаг мөчид эхээс унасан ихрүүд. Яагаа ч үгүй эрт Амьдрал үзэж, ийм нэртэй тоглолтоо 1989 онд хийж ард түмний сонсох дуртай Монголын анхны рок хамтлаг болоон. 1990 оноос залуус хүчээ авч аялан тоглож, ар Монгол рокеруудтай болсныг таниулав. Гадаад, дотоодын мэн ч олон наадмын түрүүг Харанга булаасан даа.
Дэлхий ертөнц, Миний рок, Тэртээх өдрүүд, Эрин зууны хөг, Бодлын тэнгис … тоглолтууд жил дараалан хөвөрч залуус Япон, Герман, Америкийн хил даван олон оронд айлчлан, тив алгасан тэнүүчилж эхлэв.
Урлагт 25, Харанга-д арван жил зүтгэсэн том ах нь Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ. Дүү нар нь соёлын тэргүүний ажилтан болж, Засгийн газрын жуух бичиг өвөртлөв. 15 жил гэдэг хүний амьдралын бага хугацаа.
Гэсэн ч энэ хугацаанд амжуулж хийсэн бүтээлээр-ээ өөрсдийгөө ард түмний хамтлаг гэж хүлээн зөвшөөрүүлж болохыг Хуучин гитар-тай Дүрсгүй жаалууд нотоллоо.
Харанга гэж хэлэхтэй зэрэгцэн л Амьдрал, Манан, Энэ бол дурлал биш, Аялгуу, Учирлын хорвоо, Зөвхөн Монгол-доо, Халуун сэтгэл…дууны үг, аялгуу сэтгэлд бууна. Харанга-ыг Санана даа гэдэг үг гарсан нь үе, үеийн ийм хит дуунуудтай нь холбоотой биз.
Харанга-ын Манлай, Харанга-ын Чука, Харанга-ын Одсүрэн, Харанга-ын Пүүжээ, Харанга-ын Лхагваа… Дуудах нэрийг эцэг, эх нь өгсөн ч дуурсах алдраа жаалууд олсон байна. Тэд одоо өнэр өтгөн болсон. Зарим нь өвөө гэж ач зээгээрээ дуудуулж буй. Бодвол бяцхан тэр амьтад нь би Харанга-ын ач гээд бөмбөрийн цохиур тэвэрч, банзан гитар дааж ядан алхаа байлгүй.
Харанга 15 нас хүрлээ. Тэд ийн зарлаж байна. Энэ сарын 11-нд Соёлын төв өргөөнд болох тоглолтынхоо үеэр бүр чанга дуугарна. 200 гаруй дууныхаа жагсаалтыг харж байгаад гучханыг нь сонгон дуулахаар болсон гэнэ. Ийм сонголт хийсэн шигээ тэднийг сонсдог хүн болгонд тоглолтоо сонирхуулж чадахгүйдээ уучлал эрэв. Зөвхөн фэнүүддээ
зориулав гэсэн тамгатай тасалбарын тоо даанч цөөхөн юм билээ.
(өнөөдөр 2004.12.07 284)