Баабар О.Чулуунбатыг унагаж Монголбанкны ерөнхийлөгч болох уу

Гэвч могжоохон биетэй Баабар томоожих болоогүй бололтой. Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болсоныхоо маргааш нь л шахам олон зөвлөхтэй болсоны нэг нь Баабар. Түүнтэй хамт Ерөнхий сайдын зөвлөх болсон П.Цагаан БСШУ-ны сайдаар, Да Ганболд ТЗХЭГ-ын даргаар томилогдож одсон бол одоо Д.Дорлигжав тэр хоёр л дамжин өнгөрүүлэх дээр хаана хуваарилагдахаа тэсч ядан хүлээж суугаа билээ.
Ерөнхий сайдын зүгээс Баабарт Гадаад хэргийн дэд сайдаас эхлээд олон ажил санал болгосон ч тэрбээр хүлээж авсангүй. Харин Монголбанкны ерөнхийлөгч болно гээд гэдийгээд суучихсан гэнэ. Гэтэл Ц.Элбэгдорж цаагуураа О.Чулуунбатыг хөдөлгөхгүй гэсэн амлалтыг Ху намынханд өгчихсөн байжээ. Гэвч Баабар, Санхүү, эдийн засгийн сайд Н.Алтанхуягаар дэмжүүлэн Элбэгээг шахаанд оруулсаар санаснаа гүйцэлдүүлэхээр болоод байгаа аж. Энэ томилгоог Э.Бат-Үүл, М.Энхсайхан, Р.Гончигдорж гээд олон нөлөө бүхий лидерүүд дэмжиж байгаа учраас тэрбээр хэзээ мөдгүй Монголбанкны ерөнхийлөгч болох нь тодорхойд Худалдаа Хөгжлийн Банкны хувьчлал, Их өрөнд өгсөн 250 сая долларын хувь заяа гээд олон ээдрээтэй хэргүүд сөхөгдөх магадлалтай учраас Ху намынхан айж, эвслийнхэн ихээхэн маадгар байгаа гэнэ.
/2004.12.02 ,Маш нууц/