Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдааны тоймоос

Өнөөгийн улс төрийн шинэ нөхцөл байдалд хоёр талын хамтын ажиллагааг нийцүүлэн хэрэгжүүлэх зорилгоор 1988 онд байгуулагдсан Эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны БНМАУ, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын Зөвлөлдөх комисс байгуулах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, түүний хавсралт болох уг Зөвлөлдөх комиссын үйл ажиллагааны тухай дүрмийг өөрчлөн шинэчлэх шаардлагатай байгааг талууд зарчмын хувьд тохиролцоод байгаа юм. Yүнийг дагуу хоёр тал дипломат шугамаар тохиролцож Эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Монгол Улс, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын Зөвлөлдөх Комисс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын Хэлэлцээр-ийн төслийг боловсруулсныг хэлэлцээд, зарчмын хувьд зөвшөөрлөө.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛИЙН ТӨСЛYYДИЙГ ДЭМЖЛЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Чингис хаан нэр, Чингис хааны хөргийг хэрэглэх тухай, мөн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийг хэлэлцэв. Хуулийн төслүүдийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа хууль санаачлагчид уламжлахын зэрэгцээ Чингис хаан нэр, Чингис хааны хөргийг хэрэглэх тухай хуулийн төсөлд зарчмын болон хэл найруулгын, бусад хууль тогтоомжтой нийцүүлэх талаар зарим саналыг өгчь хуулийн тусгуулахаар тогтлоо.
ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлд уг хууль батлагдахаас өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээд хууль хүчин төгөлдөр болсон 2004 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс хойш зургаан сарын дотор холбогдох баримт бичгийг бүртгэх байгууллагад ирүүлж бүртгүүлэх бөгөөд ирүүлээгүй тохиолдолд шүүх бүртгэх байгууллагын саналыг үндэслэн уг хуулийн этгээдийг татан буулгахаар заасан билээ. Гэвч заасан хугацаанд хуулийн этгээдүүдээс баримт бичиг ирүүлж бүртгүүлэх асуудал хангалтгүй байна. Иймд хуулийн этгээдүүдээс бичиг баримтаа бүрдүүлэн ирүүлж бүртгүүлэхээр хуульд заасан зургаан сарын хугацааг сунгаж 18 сар болгон өөрчлөх тухай асуудлыг хэлэлцээд зүйтэй гэж үзэн дээрх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.
Одоогийн байдлаар Yндэсний татварын ерөнхий газар болон түүний орон нутаг дахь албанд нийт 31597 аж ахуйн нэгж, байгууллага баримт бичгээ бүрдүүлж ирүүлэхээс 18874 нь, Хууль зүй, дотоод хэргийн яаманд 6599 төрийн бус, үйлдвэрчний, шашны байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслээс 1139 нь, Улсын дээд шүүхэд 18 намаас 9 нь бичиг баримтаа бүрдүүлэн ирүүлжээ. Харин Боловсрол, соёл, шинжлэх ухааны болон эрүүл мэндийн яамдад нэг ч хуулийн этгээд дахин бүртгүүлэхээр хандаагүй байна.
АГЕНТЛАГИЙН НЭРИЙГ ӨӨРЧЛӨХ АСУУДЛЫГ УИХ-Д ӨРГӨН МЭДYYЛЖ ШИЙДВЭРЛYYЛЭХЭЭР БОЛОВ
Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай УИХ-ын энэ оны 14 дүгээр тогтоолоор Засгийн газрын гишүүн-сайд нарын эрхлэх асуудлыг хүрээний агентлагуудыг оноон батласан билээ. Уг тогтоолоор Монгол Улсын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг-Улсын мэргэжлийн хяналтын газар ажиллахаар заасан. Тогтоолын энэ заалтад өөрчлөлт оруулж Улсын мэргэжлийн хяналтын газрын нэрийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болгох тухай асуудлыг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, тогтоолын төслийг УИХ-д оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
Тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэл нь Улсын мэргэжлийн хяналтын газрын одоогийн нэр нь өөрийн харъяа мэргэжлийн хяналтын газруудтай адил түвшинд, тэгш эрх мэдэлтэй мэт ойлгогдохоор байгаагийн зэрэгцээ хуульд заасан мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв байгууллага-ын үйл ажиллагааны хүрээ, статусыг бүрэн илэрхийлж чадахгүй байгаатай холбоотой юм. Энэхүү үйл ажиллагааны хүрээ, статуст агентлагийн нэрийг нийцүүлэн өөрчлөх нь тус байгууллагын өөрийн эрх, үүргийн хүрээнд гадаад улс орнуудтай харилцаж хамтын ажиллагаа хөгжүүлэх, олон улсын гэрээ хэлэлцээр байгуулах, бусад орны туршлага судлах зэргээр зах зээлийн эдийн засгийн өнөөгийн нөхцөлд гадаад улс орон, тэдгээрийн ижил түвшний байгууллагатай ажил хэргийн харилцаа холбоо тогтоох, тэдгээртэй хамтран ажиллахад нэн шаардлагатай байгаа юм.
ГАМШГААС ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗАРТ БАЙРЫГ НЬ ӨМЧЛYYЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу хуучнаар Иргэний хамгаалалтын газар байрлаж байсан төрийн өмчийн байрыг химийн лаборатори, гарааш болон Төв аймгийн Баянчандмань сум, нийслэлийн Налайх, Чингэлтэй дүүргүүд дэх агуулахын хамт Гамшгаас хамгаалах ерөнхий газрын мэдэлд балансаас балансад шилжүүлэхийг Төрийн өмчийн хороонд зөвшөөрч тогтоол гаргалаа. Уг тогтоолоор, тус байранд байрлаж байсан батлан хамгаалахын эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгүүдийг шилжүүлэн байрлуулах байрыг засварлахад шаардлагатай хөрөнгийн төсвийг хянаж 2004 оны хөрөнгө оруулалтын батлагдсан дүнд зохицуулалт хийж санхүүжүүлэхийг Сангийн сайд Н.Алтанхуягт даалгав.
ХУУЛЬ, ТОГТООЛЫГ ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭВ
Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн шинэчлэгдэн өөрчлөгдсөнөөр гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаатай холбоотой асуудлыг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамааруулах болсон билээ. Тиймэс энэхүү шинэ нөхцөл байдалтай Гамшгаас хамгаалах тухай хуулийг нийцүүлэн өөрчлөх, Монгол Улсын сайдын хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуульчлах, хуулийн зохицуулах харилцаа, хүрээг улам боловсронгуй болгох шаардлага урган гарч буй юм. Түүнчлэн, гамшгаас хамгаалах асуудалд дэлхийн олон нийт шинэ үзэл санаагаар хандах болсон болон гамшгийн аюул, эрсдэл, хор уршиг нь зөвхөн ганц нэг улсын хил хязгаараар хязгаарлагдахгүй болсон зэрэгтэй уялдуулж гамшгаас хамгаалах удирдлага, зохион байгуулалтын тогтолцоог шинэ шатанд гаргах эрх зүйн нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай болж буй юм.
Эдгээр үндэслэлийг харгалзан Гамгаас хамгаалах ерөнхий газар, Батлан хамгаалах яам хамтран Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай УИХ-ын энэ оны 14 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсруулныг хэлэлцээд зүйтэй гэж үзэн, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. УИХ-ын 14 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөлд Гамшгаас хамгаалах ерөнхий газрын нэрийг Онцгой байдлын ерөнхий газар болгож өөрчлөх асуудлыг тусгасан байна.
ЭКСПО-2005 YЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХ ОРОЛЦОХ АСУУДЛЫГ ЦАГ АЛДАЛГYЙ ШИЙДВЭРЛЭХИЙГ YYРЭГ БОЛГОВ
ЭКСПО-2005 дэлхийн үзэсгэлэн Японы Айчи мужийн Тоёота, Сето, Нагакуте хотуудад 2005 оны гуравдугаар сарын 25-наас есдүгээр сарын 25-ны хооронд зургаан сарын хугацаанд болох гэж байгаа билээ. Уг үзэсгэлэн Байгаль дэлхийн зохилдоо гэсэн ерөнхий сэдвийн доор болж, соёл иргэншлийг хөгжүүлэх оновчтой, зохистой хандлагыг тодорхойлох, мөн XXI зууны хүн төрөлхтний амьдралын хэв загварыг тэдний өнгөрсөн хугацаанд оршин тогтнож ирэхдээ хуримтлуулсан баялаг туршлага, мэдлэгт нь суурилж тодорхойлох зорилт тавьсан байна. Энэ арга хэмжээ энэ зуунд хүн төрөлхтний өмнө тулгарсан саад бэрхшээлийг багасгах, арилгах, түүнийг хамтдаа даван туулах нийтлэг арга замыг эрэлхийлэхэд чухал алхам болно гэж зохион байгуулагчид үзэж байгаа ажээ.
Манай улс 2002 онд тус үзэсгэлэнгийн 33 дахь албан ёсны оролцогчоор бүртгэгдсэн билээ. Ирэх оны үзэсгэлэнг дэлхийн өнцөг булан бүрээс 15 сая орчим хүн ирж сонирхоно гэсэн тооцоо одоогоор хийгээд байгаа аж.
Байгаль орчин, амьдрах ухаан, эко-нийгмийн хөгжил гэсэн дэд сэдвүүдээр явагдах ЭКСПО-2005 дэлхийн үзэсгэлэнд манай улс нэг павильон буюу 324 хавтгай дөрвөржин метр талбайд оролцохоор гэрээ байгуулаад байгаа билээ. Харамсалтай нь үзэсгэлэнд оролцох зардлыг 2005 оны улсын төсөвт тусгаж чадаагүйгээс өөрийн талбайд үзэсгэлэнгийн павильоноо барьж босгох ажил удаашралтай байна. Энэ асуудлыг судалж шийдвэрлэх ажлын хэсгийг ажлыг эрчимжүүлж, цаг алдалгүй шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн, холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг болголоо.
БНАСАУ-Д ХYМYYНЛЭГИЙН ТУСЛАМЖ YЗYYЛНЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди энэ сарын 20-22-нд БНАСАУ-д албан ёсны дээд хэмжээний айлчлал хийх гэж байна. Тус улсын эдийн засгийн өнөөгийн байдал бэрхшээлтэй байгааг харгалзан энэ айлчлалын үеэр хүмүүнлэгийн тусламж үзүүлэх асуудлыг хэлэлцээд зүйтэй гэж үзлээ. Хүмүүнлэгийн тусламжийн бараа болох нөөшилсөн махны үнэ, түүнийг тээвэрлэх зардалд зориулан 15.0 сая төгрөгийг Улсын төсвийн хуваарилагдаагүй зардлаас гаргаж санхүүжүүлэхийг Сангийн сайд Н.Алтанхуягт зөвшөөрөв.