Эрх баригч намууд ба даргын марафон

Бариа нь энэ сарын 18-нд хуралдахаар зарласан АН-ын Yндэсний зөвлөлдөх хорооны хурал. Тэдний шийдвэр хэрхэхийг харзнасны дараа буюу сарын сүүлээр МАХН бага хурлаа хуралдуулна. Эрх мэдэлд эн тэнцүү дөрөөлсөн энэ хоёр нам ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд сойх морьдоо сунгаанд хөлслөх зуураа даргын асуудлаа шийдэж буй. Энэ нь ч аргагүй юм. УИХ-ын сонгуулийн үр дүнгээс шалтгаалан даргын байр суурь нь ялимгүй ч болохноо ганхаад амжсан Н.Энхбаяр орон нутгийн сонгуулийн дараахан хувь хүнийхээ хувьд ацан шалаанд орчихоод байгаа нь нууц биш.
УИХ-ын даргын суудалд хоёр жил, Ерөнхий сайдын сэнтийд дахин хоёр жил залрах магадлал нь илүүтэй ихэсч, итгэл нь зузаараад байгаа боловч
Ерөнхийлөгчийн сонгууль хэмээх шид түүний улс төрийн карьерыг чангаагаад байгаа. Тиймээс ч МАХН шинэ даргын эрэлд мордов. ОХУ-д суугаа Элчин сайд С.Баярын нэр эхэнд нь цохиж явна. Хэрэв Н.Энхбаяр Ерөнхий сайдад тунасан хэвээр үлдвэл С.Баярыг намын ерөнхий нарийн бичгийн дарга болгож, улмаар ирэх оны сонгуульд уях хувилбар бас дэвшиж байгаа гэх. Ямартаа ч МАХН-ын даргын суудалд одоогоор дөрвөн ч хүний нэр яригдаж байна. С.Баяр, Yйлдвэр, худалдааны сайд С.Батболд, Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил, хотын мэр М.Энхболд нарыг энэ албанд бэлтгэгдсэн хэмээн намын бүлгийн гишүүд үзэж буй аж. Тав дахь өрсөлдөгч санаанд оромгүй өнцгөөс тодрох таамаг бий. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаярын нэр чих дэлсэв.
МАХН-ынхны баримталж байгаа зарчим бол энэ том намыг ямраар ч болов зангидан чиглүүлж, өнөөг хүрсэн Н.Энхбаярын зэрэгтэй ажиллах, гэхдээ түүнд дутагдаад байсан ардчилал шинэчлэлийг авчирч чадах ирээдүйтэй залуу хүнийг даргаар залах явдал. Сүүлийн үед МАХН-ын дарга Н.Энхбаярын ардчилсан мая-гаар найруулан тавьж байгаа жүжгүүдэд залуусын жигүүрийнхэн итгэл муутай хандаж байгаагийн илрэл нь энэ ч байж болох юм. Гэвч үүний нөгөө талд тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших өөр лидер байхгүйн гачлан нуугдаж байж ч болох. Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй ч Ерөнхий сайдын суудал нь түүнийг хүлээж байгаа. Эгзэгтэй үед нам, Засгийн газар хоёроо хаяад сонгуульд өрсөлдөх нь түүний хувьд зөвхөн амиа бодсон шийдэл болж ч мэдэх.
АН-ын даргын асуудал мөн л нээлттэй савлаж байна.
М.Энхсайханыг огц-руулбал тэр өөр нам байгуулан өрх тусгаарлаж, ингэснээрээ АН-ын хүчийг тарамдуулан, улмаар эдэлж буй эрх мэдлийг нь ганхуулах айдас нүүрлэж байгаагаас АН даргаа халж солих хувилбаруудыг цөөн хүний хүрээнд хэлэлцэж эхэлжээ. АН М.Энхсайханыгаа огцруулчихвал мань эрийн рейтинг санаанд оромгүй өсч, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нэгээр нэмэгдэж болзошгуй гэж үзэгчид ч бий. Харин М.Энхсайханы хувьд аливаа алерги болон амби-цаас ангид, уе балгасан мэт дуугүй байгаа боловч шинээр туурга тусгаарлахаа мэдэгдсэн МСДН-ыг сонирхож буй тухай мэдээлэл сонор дэлдсэн.
Ерөнхий сайдын сэнтийд тун ч овжин хувилбараар хүрч чадсан Ц.Элбэгдоржийг Америкаас ирснээс нь хойш АН-ын дарга болгох сонирхолтой тойрон хүрээлэгчид олширсон. Харин одоо мань Элбэгээгийн хувьд байдал өөрөөр эргээд байгаа. Хамгийн том, хамгийн амттай хэрнээ амтлахад хэцүү бялуу хүртсэнийх нь төлөө түүнд атаархан барьцагчид АН-ын даргын суудалд Ц.Элбэгдорж залрахыг тэвчихгуй бослого ч гаргаж мэднэ. Иим тохиолдолд М.Энхсайханы суудалдаа үл-дэх ганц арга нь Ц.Элбэгдоржтой гар барих явдал. Гэвч энэ нь бүтэшгүй мөрөөдөл гэдгийг батлан энэ албан тушаалд дахин хоёр ч хүний нэр сэм дэвшээд байна. АН урьдчилан таамаглахад хэцүү шинэ лидерийг төрүүлж, гэнэтийн өөрчлөлт хийж магадгүй л юм.
Угаас энэ нам алдаж, онодог нь үнэн боловч ямагт шинэчлэгдэж байдаг давуу талтай. Энэ удаа Фортуна Н.Батбаяр, УИХ-ын гишүүн АПУ-гаар овоглодог Г.Батхүү нарын нэр нэлээн үнэмшилтэй сонсогдож эхлэв. Хэн хэн нь Ц.Элбэгдоржид тун ч ойрхон хүрээнийх гэдгийг уншигчид таамаглаж байгаа байх. Зарим хүн .Ц.Элбэгдорж тэднийг утсан хүүхэлдэй болгож, хэрэг дээрээ өөрөө АН-д эзэн суух гэж байгаа хэмээн хардаж буй. Намын даргад зүй ёсоор нэр нь яригдах учиртай Р.Гончигдорж 2001 оны ялагдлаа цайруулж Ерөнхийлөгч болох гээд завгүй.
Хэдийгээр Эх орон-Ардчилал эвслийг байгуулан намаа ялалтад хүргэсэн боловч М.Энхсайханы ганцаарчилсан пээдгэр тоглолтоос АН-ынхан залхан уйдсан нь л цорын ганц үнэн юм. Энэхүү уйтгараа тэд М.Энхсайханы хуучирч гандсан эдийн засгийн боловсролыг Харвардын шинэхэн үнэртэй харьцуулан хэлэлц-сэнээр мартагнаж буй бололтой.
Гэвч нөгөө талд нь төр барилцах .хууль зүйн эрхтэй субьект болох Эх орон-Ардчилал эвслийн нэг багана МАШСН-д тун ч таагүй ханддаг Ц.Элбэгдорж АН-ын дарга болчихвол эвсэл задрах аюул отож буй. Тэгвэл үнэхээр л Ц.Нямдоржийн хэлсэнчлэн энэ Засгийн газар хэр урт настайг байтугай маргааш юу болохыг хэлэхэд хэцүү болно. Олонд илэрхий байгаа нэг хандлага бол Ц.Элбэгдорж өөрийг нь эзгүйчлэн АН-тай нөхөрлөж амжсан МАШСН-ыг яаж ийгээд тойргийн гадна үлдээх сонирхолтой байгаа явдал юм. Түүний энэ оролдлого эвслийн задралаар төгсөхийг үгүйсгэх аргагүй.
Ийнхүү 2005 онд болох Ерөнхийлөгчийн сонгууль эрх баригч намуудыг донсолгож, даргын суудлын марафон хэдийнэ гараанаас гарчээ.
(өнөөдөр 2004.12.09 286)