Үзэсгэлэнт ядуу эх орон минь /тэмдэглэл/

Би ангидаа, бараг сургуульдаа Монголоос ирсэн ганцхан оюутан байв. Манай ангийнхны ихэнх нь, ялангуяа Европ болоод Өмнөд Америкийн орнуудаас ирсэн нь Монголын талаар мэдлэг маш нимгэнтэй. Тэд надаас Чи цөлөөс ирсэн үү?, Та нар майханд амьдардаг уу?, Монголд машин байдаг уу?, Танай улс Хятадын нэг хэсэг үү? гэх мэтийн нүд орой дээрээ гармаар асуултыг асуудаг. Үүнийг сонсоод эхэндээ би сэтгэлээр бяцхан унахын зэрэгцээ, эх орноо өрөвдөн хайрлаж байсан. Энэ асуултанд би хариулахдаа Манай орон тусгаар тогтносон, Бүрэн Эрхт, НҮБ-ийн гишүүн орон. Ази, Европ тивийг холбон оршдог Азийн ч, Европын ч соёл иргэншил нэвтэрсэн өвөрмөц улс. Хотын амьдрал нь яг өнөөдрийн Лондонгийн дүр төрхтэй адилхан, хөдөөдөө түүхийн хэдэн мянган жилийн уламжлалаа хадгалсан ахуй, амьдралтай гэсэн. Харин би дараа нь үүнээс арай өөр тайлбарыг бодож оллоо.
Миний эх орон Орос, Хятад гүрний дунд хавчуулагдсан сандвич. Сандвичны хоёр талын талх нь гол дундах өндөг, салат, улаан лооль, тахиа гэх зэрэг хамгийн амттай бөгөөд тэжээлтэй зүйлээ хашиж хамгаалж байдаг. Яг үүний адил миний эх орон түүхийн туршид дээрх хоёр гүрнээр хашигдан, хамгаалагдан оршсон, тэдний дундах, өөрөөр хэлбэл, сандвичны голын хамгийн амттай бөгөөд, тэжээлтэй хэсэг нь гэж билээ.
Энэ л Амттай бөгөөд тэжээлтэй зүйл бол онгон зэлүүд байгаль хийгээд тэрхүү байгальтайгаа зохицон бас шүтэлцэн амьдарч байгаа уужуу ухаант, ариун сэтгэлт ард түмэн минь бөгөөд тэдний ур ухаан, ахуй амьдрал нь юугаар ч үнэлж баршгүй баялаг юм.
Гадны ихэнх хүмүүс Монгол гэдэг улс байдгийг мэддэггүй мөртлөө Чингис хаан гэхээр сайн мэддэг. 18 настай Али гэдэг Англи хүүтэй ярилцаж байхад Монголын түүхийг дунд сургуульд Чингис хаанаар нь маш сайн судалсан. Чи тэгвэл БҮХ ЮМНЫ ЭХЛЭЛЭЭС ирсэн хүн байна ш дээ гэж билээ. Өнөөгийн гаднын ертөнцөд танигдаагүй талын Монгол орныхоо нуугдмал энэ л үзэсгэлэнг бахдан бишрэх тусам би санаж, хайрладаг.
Харин харийн Англид би эх нутгаасаа огт өөр дүр зургийг харж, өөр уур амьсгалыг мэдэрлээ. Хар, шар, цагаан арьстан долоон сая гаруй хүн цуглан, ажиллаж амьдарч байгаа Лондон хотын завгүй дүр төрхийг харахаар улс үндэстэн, арьс өнгө, хэл соёлын ялгааг даван гарч хүн төрөлхтөн нэгэн гэр бүлийн халуун ам бүл байж, эвтэй найртай амьдарч болох юм байна гэдгийг таниулна.
Энд ирээд миний хувьд хамгийн сэтгэл хөдөлсөн зүйл гэвэл хотын хэсэг бүрт байрлах засаж тохижуулсан паркууд (цэцэрлэгт хүрээлэн). Хүмүүс ажлаа тарсны дараа алжаалаа тайлан цэвэр агаарт зугаалах, нохой болон тэжээвэр амьтнаа салхилуулах, хувийн эрүүл мэнддээ анхаарч биеийн тамираар хичээллэхэд тун тохиромжтойгоор засаж тохижуулсан энэ газарт хүн, амьтан маш эв найртай халуун дотноор зэрэгцэн оршино.
Модонд авиран дүүлэх хэрэм, нууранд шумбан сэлэх галуу, нугас, хун шувууд, тэднийг өхөөрдөн хоол хүнсний зүйл өгөхөд ямар ч айдас хүйдэсгүйгээр хүний гар дээрээс идэж байгаа нь тэдгээр амьтад ч гэсэн гэр бүлийн нэг гишүүн юм байна гэмээр сэтгэгдэл төрүүлнэ. Энэхүү дотно харилцааг ажиглаж харахад Хүн-Байгаль-Амьтны хоорондох жинхэнэ харилцаа ёстой энэ байна шүү хэмээн дуу алдмаар.
Лондон хот өөрөө хуучны дүр төрхөө хадгалсан даруухан боловч техник технологийн хөгжил дэвшил, хүмүүсийн боловсрол, соёлын түвшингээс харахад дэлхий ертөнцийг удирдан чиглүүлэхэд гол үүрэг гүйцэтгэх орны нэг нь яахын аргагүй мөн юм гэдгийг илтгэнэ.
Энэ бүгд хүний ая тухтай амьдрах бүхий л орчныг бүрдүүлж, тэрхүү баялгаас хүртэх хүн бүхний эрх тэгш байгаа нь ардчилсан нийгмийн шударга зарчим хүчтэй үйлчилж, биелэлээ олсных билээ.
Гэвч харамсалтай нь, хүмүүс хоорондын харилцаа нь тэдний, ялангуяа залуучуудын ёс суртахууны хэм хэмжээ алдагдаж, энэ бүх ая таатай орчныг өөрсдийгөө зугаацуулах хэрэгсэл болгож, цагийн ихэнхийг найз нөхөдтэйгээ баар, шөнийн цэнгээний газарт зугаацан өнгөрүүлнэ.
Өндөөр залуучууд, ялангуяа, сургуулийн сурагчдын зан авир тун өөрчлөгдсөн. Тэдний хэл яриа, бусдыг хүндэтгэх ухамсар маш доройтож байгаа гэж нэгэн Англи танил маань халаглаж байлаа. Би энэ хүнтэй Лондонгоос 200 гаруй км-ын зайд орших Бүрнмаoт (Bournmouth) хотод их сургуульд элсэн орох Англи хэлний шалгалт өгч явахдаа уулзсан юм. Нэрийг нь Бобби Клейр гэдэг бөгөөд барьцаат үйлчилгээний компанид ажилладаг, 50 эргэм насны эмэгтэй. Үүнээс хойш гурван сарын дараа би Лондонгоос нүүж, Бүрнмаотод очихдоо Боббигийнд нэг өрөөг нь хөлслөн амьдарсан юм.
Нэг зүйлийг эргэн санахад Лондонд очсоны дараахан буюу 2002 оны тавдугаар сарын эхээр Хатан хааны нэрэмжит тэмдэглэлт баяр Жюбилий селебрэшн болсон юм. Энэ баяр үнэхээр сүр дуулиантай, хатан хааны сүр хүчийг, нэр хүндийг өндөрт өргөсөн болж өнгөрсөн. Ер нь нилээд настай Англичууд хатан хаанаа их хүндэлдэг хэдий ч, харин идэр насныхан, залуучууд, Төр барихад шийдвэр гаргахад ямар ч нөлөөгүй, хүчгүй мөртлөө иргэдийн татварын мөнгөнөөс маш ихийг гэр бүлдээ зардаг хэмээн нилээд таагүй байгаа нь хатан хааны нэр төр, сүр хүч улам доройтон унаж байгааг харуулна.
Бобби ч бас хатан хааныхаа талаар таагүй сэтгэгдэлтэй байсан. Тэд үнэхээр л Хааны (Royal) гэр бүл юм бол ард түмнээ ёс суртахууны доройтлоос аврахад үлгэр жишээ болох ёстой. Гэтэл өөрсдөө салж сарнин, элдэв хэрүүл шуугианд орооцолдон, харин ч ард түмний өмнө ёс суртахуунлаг бус байдлыг дэлгэн харуулж, ялангуяа залуучуудад муу үлгэр дууриал болж байна. Хатан хааныг манай хотод зочилдог юм аа гэхэд би л лав түүнийг хүндлэгсдийн эгнээнд орж жагсахгүй хэмээн эгдүүцэнгүй ярьж билээ.
Хэдийгээр Бобби хувийн, хоёр давхар тохилог байшинтай, машинтай, цалин сайтай ажилтайн дээр Туркэд хувийн эдлэн газар, орон сууцтай, юугаар ч дутагдаж гачигдахгүй сайхан амьдардаг ч, тэр энэ амьдралдаа сэтгэл хангалуун биш байсан. Учир нь тэр эд мөнгө, албан тушаал, байр сууц, ая тухтай орчин гэхээсээ хүний сэтгэл, хүмүүс хоорондын халуун дулаан харилцааг илүүд үзэж, үүгээр цангаж амьдардаг.
Лондонд гадаа гудамжинд явсан ч яаравчлан зөрөн алхах, галт тэрэг, автобусанд суусан ч сонин ном унших юм уу, чихэвчний хөгжим сонсон нүдээ анин, дүнсийн суух энэ орчинд ямар ч хүмүүс хоорондын эелдэг, хайрын халуун дулаан харилцаа бараг явагдахгүй.
Өөрийн амьдралаа удирдан авч явах нь чиний өөрийн л хариуцлага. Өөр хэнд ч хамаагүй. Өөрийгөө өөд нь татаж, авч явж чадахгүй бол хохь чинь гэсэн зарчимтай Англичуудыг манай ангийнхан болоод бидний адил харь орноос ирж амьдарч байгаа ихэнх хүмүүс Хүйтэн хүмүүс хэмээн тодорхойлдог.
Өмнөд Америкийн Гаяананаас гаралтай нэгэн Англи найз маань ээлжийн амралтаараа төрсөн нутагтаа очиж амраад ирснийхээ дараа хэдэн өдрийг нилээд сэтгэл дундуур, санаа алдан дүнсийн өнгөрүүлсэн. Тэр хэлэхдээ, Хэдий би Англид өсч, өнөөг хүртэл амьдарч байгаа ч энэ тусгаарлагдмал орчинг эвлэрэн хүлээж авахад маш хэцүү байна гэж билээ. Түүний хэлснээр, Гаяана нутгийнхан өөрт юу байгаагаа дандаа бусадтайгаа хуваалцаж, Миний юм бол чинийх, энд миний гэж өмчлөх зүйл байхгүй, бүгд биднийх гэж ханддаг гэнэ. Олон орны жуулчдын их хөлийн газар энэ орны ард түмнийх нь найрсаг халуун дулаан, хөгжилтэй харилцаа нь л гадны жуулчдын анхаарлыг татдаг ажээ.
Тэдний найрсаг сайхан зочломтгой зан аашинд татагдсан гадныхан талархсан сэтгэлээ илэрхийлэхдээ мөнгө гарган өгч байгааг харсан найз маань тэдэнд, Та нар эдэнд мөнгө өгсний хэрэггүй. Түүний оронд БАЯРЛАЛАА гэдэг үгийг чин сэтгэлээсээ хэлбэл эд нар баярлана. Хүний сайхан сэтгэлийг хичнээн ч мөнгөөр хэмжиж болохгүй гэж хэлснээ ярьж байсан.
Эндээс би юуг ухаарсан бэ гэвэл, эд мөнгө, элбэг хангалуун, амьдрал, ая тухтай байр сууц, нэр төр, албан тушаал эд бүгд хүний амьдралынхаа туйлын зорилго болгох, түүнд хүрэх гэж тэгтлээ их улайрах зүйл биш юм байна гэж бодсон. Бүр цаашлаад миний гэж эргэлзээгүйгээр хэлэх махан бие цогцос ч биднийх биш. Байгалиас зээлж авсан түүнийгээ нас эцэслэхдээ байгальд нь буцааж өгчихөөд л нөгөө ертөнц рүү явна. Нүв нүцгэн орчлонд нүв нүцгэн ирээд нүв нүцгэн буцна гэсэн шүлгийн мөр өөрийн эрхгүй үнэн болж тэр үед сэтгэлд минь бууж билээ. Тиймээс ямар ч аргаар хамаагүй, ялангуяа, шударга бус замаар дээрх бүгдийг махран зүтгэж байж олж байгаа бол энэ нь угтаа хоосон зүйл юм. Хүний энэ хорвоод бүтээж, түүний төлөө амьдрах эрхэм зүйл нь хүн хүнээ хайрлах, бие биеэ дэмжин туслах хүмүүс хоорондын халуун дулаан хайрын харилцаа, түүнээс үүдэх үр дүн л бидний жинхэнэ өмч юм.
Хүн гэдэг амьтан үнэ цэнийн төлөө амьдардаг. Энэ үнэ цэнэ бол хүмүүс хоорондын хайрын, хүндэтгэлийн зөв бөгөөд жинхэнэ харилцаагаар бий болдог гэж нэгэн хүндтэй хүн хэлж байсныг би санаж байна. Ингээд бодохоор Гаяаначуудын адилаар зочломтгой, цагаан цайлган, ариухан сэтгэлтэй хэмээн цоллуулдаг Монголчууд бид одоохондоо жинхэнэ өмчтэйгээ байгаа эзэн хүмүүс.
Алт хэдий үнэтэй ч газарт булаастайгаа байвал түүний үнэ цэнийг хэн ч мэдэхгүй. Бидэнд хичнээн сайхан зүйл байгаад түүнийгээ бусадтай хуваалцахгүй бол сайн байхын үнэ цэнэ болоод учир утга нь харагдахгүй. Тиймээс энэ сайхан баялгаа бусадтай хуваалцаж, ард түмнээ, хүн төрөлхтөнг хүн ёсны, шударга амьдралын Тэнгэрлэг замаар дагуулж, үнэ цэнэ нэмсэн амьдралаар амьдарцгаая!
Эх орон минь одоохондоо гадаад талаараа ядуу буурай байгаа ч, дотроо байгаа энэ нуугдсан баялаг, өөрийн үзэсгэлэнгээ таниулах цаг болсон. Хүн байхын, улс үндэстэн байхын үнэ цэнэ чухам үүнд л орших буй за!