Их хүрээний байрлал нэрний тухай

Өргөн чөлөө-гөөс хойшхи Их тойрог хүртэлх шавар хашаа байшинтай есөн гудамжинд хятадууд олноор оршин сууна. Энд пүүс дэлгүүрүүд, янз бүрийн гар урлалын үйлдвэрлэлүүд явагддаг байсан ажээ. Энэ гар үйлдвэрлэлүүд нь янз бүрийн нэртэй байжээ.
Yүнд
-Бурханы хөрөг зурагчдыг – Хуажин
-Бурханы дүрийг гууль зэсээр урлагчдыг– Тунжиан
-Алт мөнгөний хүнийг- Инжиан
-Модон эдлэл хийгчдийг– Мужиан
-Чулуугаар урлагчдыг– Шожион
-Даавуугаар урлагчдыг– Сайвин
-Арьс элдэгчдийг – Танчин
-Төмрөөр урлагчдыг- Чээжээн
-Мах худалдагчдыг– Хоолойчин
Эдгээр нь Гандан, зүүн хүрээ хоёрын дунд оршиж байсан бөгөөд тэд Баруун сэлбэ голоос шуудуу татан хүрээний хойд хэсэгт хорьсон нь одоо хүртэл байгаа Ногоон нуур нэртэй ажээ.
Энэ гудамжаар болгосон хонь, ямааны толгой давсалсан ногоогоо дамнуургаар зөөдөг хятадуудыг Баруун дамнуурчид гэдэг байжээ.
Их чөлөөнөөс урагш Түшээт хааны хороотой нийлсэн Хятад, Монгол айлууд байсан зүүн талаархи гудамжийг Гийчний гэж нэрийджээ.
Туул рестораны орчимыг Махны дов, халуун ус байсан гудамжийг Усны гудамж гэж тус бүр нэрлэсэн байжээ.
Зүүн дамнуурчин
Зүүн Сэлбэ голын баруун зүүн хөвөөгөөр хятадуудын ногоо тариалдаг хашаанууд байсан бөгөөд тэд тарьсан ногоогоо дамнан явж худалддаг байсан тул Зүүн дамнуурчин хятад гэж нэрлэж байжээ.
Америкийн дэнж
Сэлбийн голын гүүрнээс зүүн тийшхи замын хойд талд бусад гадаадын иргэд оршин сууж байсан тул ингэж нэрлэжээ.
Консулын дэнж
Зүүн дөрвөн замын уулзвараас цаахна байх дэнж дээр Орос голдуу цөөн айл, Оросын элчин, орос сургууль гээд нилээд олон байшин байсан бөгөөд зүүн захад орших хоёр давхар улаан байшинг Городын улаан байшин гэж гүрнийхэн нэрлэж байв.
Наймаа хот
Туул голын дагуу оршдог хот бөгөөд хойд урд талаараа ногоо тарьдаг, ус шуудууны суваг, нууртай монгол хятад голдуу айл суурьшсан байж. Энэ хотод Монгол, Манж хэл бичигтэн ерөөл, магтаал, шүлэг, дуу хуур эгшиглэсэн сэхээтэн хүмүүс голдуу байжээ.
Хужир булан
Наймаа хотоос зүүн хойно байх Монгол цэргийн хуаран байсан балгасыг Хужир булан гэж нэрлэж байжээ.
Хөлийн модчин
Баянзүрхийн гүүр орчмын голын урд хөвөөн дээр Хөлийн модчин гэж нэрлэгдсэн хэсэг монгол айлууд байж. Тэд ядуучууд тул модон тэрэг, торх, араг савар хийж хүрээнд орж ирж байгаа аянчин гийчинд тохирсон зүйлээр сольж амьдардаг байжээ.
Налайх
Налайх нь Их хүрээний зүүн захад оршин харъяалагддаг. Хятадууд чулуун нүүрс ухаж хүрээ рүү байнга зөөдөг байжээ.