С.Зориг агсны хөшөөг сэргээв

Харамсалтай нь уг хөшөө сар гаруйхны өмнө алдагдсан. Эл хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа боловч одоогоор шарилд халдагсдыг тогтоож амжаагүй байгаа билээ. Зэвээр хийгдсэн уг хөшөөг хаягдал төмрийн шалихгүй луйварчид авсан байх гэсэн таамаглал бий. Харин энэ удаад ардчиллын удирдагчийн хөшөөг боржин чулуугаар урлан ардчилсан хөдөлгөөний анхын дуун цууриатаж, жагсаал цуглаан удирдаж явсан өдөр нь хүндэтгэлтэйгээр дахин байрлууллаа. С.Зориг агсны хөшөөг сэргээн байруулахад Ерөнхий сайд Ц.Элбэгдорж, Улаанбаатар хотын захирагч М.Энхболд нар ихээхэн санаа тавьж дэмжлэг үзүүлжээ. Хөшөөг яг өмнөх шиг хэв загвараар нь Л.Болд тэргүүтэй Монголын урчуудын эвлэлийн хорооны уран бүтээлчид урласан байна. С.Зориг агсны хөшөөг дахин сэргээн байруулах үеэр түүний дүү УИХ-ын дэд дарга С.Оюун дэмжлэг үзүүлсэн бүх хүмүүст талархлаа илэрхийлэн ийнхүү хэллээ.
Талийгаач ахын минь шарилын хөшөөг сэргээн бүтээх ажилд идэвх зүтгэл гарган ажилласан Л.Болд тэргүүтэй Монголын урчуудын эвлэлийн хорооны хамт олон, уран барималч Баатар, Очирболд, Батсүрэн нарт чин сэтгэлээсээ талархаж буйгаа гэр бүлийнхэн, Зориг ахын найз нөхөд, хамтран зүтгэгчид, Зориг санг төлөөлөн
илэрхийлье. Энэ ажилд сэтгэлийн угаас туслалцаа дэмжлэг үзүүлэн идэвх санаачлага гаргасан Ерөнхий сайд, Улаанбаатар хотын захирагч МоАХ-ны удирдлагад ч Зориг ахын дурсгалыг хүндэтгэдэг хүн бүрийн өмнөөс талархал илэрхийлэн Ардчиллын баярын мэндийг дэвшүүлье. Та бүгдийн үйлс бүтэмжтэй байх болтугай.