Монголчууд эрх чөлөөний харанга дэлдсэн 15 жилийн ойгоо тэмдэглэнэ

Энэ өдрийн арга хэмжээ ардчиллын удирдагч С.Зориг агсны хөшөөнд журмын нөхөд хүндэтгэл үзүүлсэнээр эхэлсэн юм.С.Зориг агсны төрсөн, нас эцэслэсэн өдөр болон Олон улсын хүний эрхийн өдөр хөшөөнд нь хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд Ардчилсан хөдөлгөөн үүсч хөгжсөн цагаан морин жилийн тэр өдрийг улс даяар бүх нийтээр тэмдэглэлт өдөр болгон зарласанаараа онцлог юм. Энэ өдөр С.Зориг агсны дүү УИХ-ын дэд дарга С.Оюун, ах С.Баяр, журмын нөхөд болон Ерөнхий сайд Ц.Элбэгдорж, Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Ерөнхий сайд асан намын дарга М.Энхсайхан, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл нар болон ардчиллыг дэмжигчид ирсэн байлаа. УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийн хэлсэнчлэн Өвлийн хүйтэн өдрийг хайлуулсан тэр халуун өдрүүд Монголын улс төрд хаврын урин салхийг авчирсан. Түүний төлөө тэмцэж ирсэн хүн болгонд баяр хүргэе гэсэнтэй утга ижил үгс энэ өдрийн өнгийг тодорхойлж байв.
Р.Гончигдорж энэ үгийг Соёлын төв өргөөнөө болсон Хүндэтгэлийн хурлын үеэр
хэлсэн юм. Соёлын төв өргөөнд энэ үеэр ардчилсан хөдөлгөөнд анхлан гар бие
оролцсон, дэмжигчид цугласан байлаа. Энд казах малгай духдуулсан эр, эрх барьсан ламтан, Алтарт эхийн одонгоо зүүсэн буурал эжий, хүүхэд залуус, идэрмэг эрсүүд гээд монголчуудын бүх төлөөлөл цугласан гэлтэй. Хэдийгээр 15 жил гэдэг нийгмийн амьдралын хувьд богинохон хугацаа ч ардчиллын залуучууд гэгдэг ихэнхийнх нь санчиганд буурал хяруу буусан байх юм. Тэг яг л арван жилийн андууд олон жилийн дараа уулзаж буй мэт хөөр баяр болж байна. Хаа сайгүй бие биенээ дотночлон дуудаж, тэврэлдэн баярлах уур амьсгал өрнөж байв. Монголын.ардчилсан холбоо /МоАХ/-ныхны хувьд урьд хожид байгаагүй олон шагнал 15 жилийн ойгоор тохиосон гэж тус холбооны тэргүүн С.Эрдэнэ хэлэв. Ардчилсан хөдөлгөөнийг өмчлөх эрхтэй холбооны гишүүдээс дөрөв нь Алтан гадас одон, долоо нь Хөдөлмөрийн хүндэт медаль, 150 гаруй хүн салбар, яамдын шагнал хүртжээ. МоАХ-ны бас нэгэн хүндэтгэлт шагнал Хүний эрхийн төлөө шагналыг энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандид гардуулсан талаар манай сонин мэдээлсэн. Нэг нам дангаараа шахам эрх барьж, хүний эрх зөрчигдөх байдалд хүрсэн сүүлийн жилүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч хуулийн дагуу үүргээ гүйцэтгэж чадсан учир энэхүү шагналыг олгосон гэж МоАХ-ны дарга хэлсэн. Харин энэ оны шагналын хоёр дахь эзнээр тодорсон сонгуулийн ерөнхий хорооны ажилтан Р.Бурмаагийн шагналыг Ерөнхий сайд Ц.Элбэгдорж гардуулав.
Будилаан, зөрчилтэй болсон гэж шуугиан тарьсан өнгөрсөн зуны сонгуулийн үеэр
тэрбээр бидний сонгох, сонгогдох эрхийн төлөө дуу хоолойгоо илэрхийлж, хилэгнэн цугласан сонгогчид Бурмааг оруул гэж түлхэлдэж байсныг санаж байна. Энэ мэтчилэн Ардчиллын 15 жилийн ой баяр бахдал, ирээдүйн зорилго, хариуцлагаа сануулсан уур амьсгалтай болж өнгөрөв. Ардчилсан намын дарга М.Энхсайханы хэлсэнчлэн Хонхны дуу-гаар төрсөн ардчилсан хөдөлгөөн цаашид үргэлжлэн улам хөгжин дэвших болтугай.