МYОХ-ны чуулган дээр монгол улсын ерөнхийлөгчийн хэлсэн үг

Миний бие хэдэн жилийн өмнө Та нартай уулзаж ярилцахдаа, мөн 2003 оны 11 дүгээр сард Монголын үндэсний олимпийн хороонд /МЇОХ/ зочлохдоо спорт, олимпизмийн хөдөлгөөнийг эрчимжүүлэх, тамирчдад урам дэм өгч, тэдний ур чадварыг дээшлүүлэх, олимпод эртнээс бэлтгэх, биеийн тамир, спортын байгууллагууд шинжлэх ухаанд түшиглэн алсын хараатай, бүтээлч ажиллахыг сануулж, зөвлөж байсан.
Бидний уулзалтаас хойш Монголын үндэсний олимпийн хороо өөртөө болон спортын холбоодод ажил төрлөө явуулах ая тухтай орчин бүрдүүлж, олимпийн боловсрол-сургалт сурталчилгааны ажлыг өөд нь татаж, үйлчилгээнийхээ хүрээг тэлэхэд нэлээн ахиц гаргасан байна. Спортын холбоодтой хамтын ажиллагаагаа идэвхжүүлж, гадаад харилцаагаа өргөжүүлсэний дээр тамирчдын бэлтгэл, дасгалжуулалтад хөрөнгө хүч заржээ.
Монголын үндэсний олимпийн хорооны ажил үйлийн ахицыг Монголдоо төдийгүй Олон улсын олимпийн хороо үнэлдэг болсон юм билээ.
2003 онд миний бие Олон улсын олимпийн хороонд зочлоход тус холбооны Ерөнхийлөгч Жаг Рогге МЇОХ Олимпизмийн хөдөлгөөнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа гэж хэлснийг тод санаж байна.
Та бүхэн энэ чуулганаараа амжилт бүтээлээ, алдаа оноо, алс хэтийнхээ зорилт аль алиныг нь ажил хэрэгчээр, идэвх санаачилгатайгаар, ний нуугүй ярилцах нь мэдээж.
Амжилтаа бүү дар, алдаагаа бүү уучил гэсэн мэргэдийн үг бий.
Олимпизмийн хөдөлгөөнд монголын спорт анх хөл тавьснаас хойшхи 50 шахам жилд цөөн хэдэн спортоор харьцангуй өндөр амжилт үзүүлсэн боловч сүүлийн жилүүдэд тамирчдын ганзага хоосорч, дэлхийн энд бэлчээрийн ая даахгүй сульдаж, урьдах амжилтын байр суурианаасаа доош гулслаа. Їүний баримтыг хэд хичнээгээр нь хэлж болохоор байна.
Бидний тэргүүн зэргийн гэж нэрлэдэг бөхийн Чөлөөт барилдаанаар сүүлийн 20 жилд дэлхийн аварга төрөх нь байтугай, олимпиос медаль авсангүй. 21-р зууны эхний 4 жилд өвөл, зуны З олимпод монголын 50 шахам тамирчин оролцоод, чихэнд чимэгтэй мэдээ бас л дуулгасангүй. Харин 2004 оны Афины олимпод оролцсон 20 тамирчнаас ганц хүрэл медаль, шагналт байртай ирэв. Монголын баг байраа гучаар урагшлууллаа гэцгээх боловч энэ нь урьдахаа бодвол ахиц, хэдий ч амжилтын дээд байтугай, дундаж нь бишээ.
Афины олимпийн тоглолтыг орон даяар телевизээр нэвтрүүлэхэд манайд их спортын хөгжил ямар түвшинд байгааг монголчууд бид нүдээрээ харж, оюунаараа ухаарч, дэлхийн сайчуудтай өрсөлдсөн монголын спортын шилдгийн шилдгүүд маань хурд, хүч тамирын болон техникийн бэлтгэлжилт хангалтгүй, тэсвэр, овсгоо самбаа дутмаг, ялалтыг туйлын зорилт болгох сэтгэлийн хат тэвчээр, эх оронч сэтгэлгээ үгүйлэгдэж байгааг мэдэрсэн нь хэнээр ч хэлүүлэлтгүй харагдлаа. Миний дээр хэлсэнчлэн Алдаагаа бүү уучил гэдэг үг хичнээн жил үргэлжлэн чихэнд хангинах нь та бүхний ажил, үйлсээс л шалтгаалах болно.
Уулзаж буй энэхүү завшаанаа ашиглан нэгэнт хийсэн зүйлийг тань биш хийх ёстой, санаж сэрэх ёстой наад захын зарим зүйлийн талаар санал, бодлоо хэлье.
Нэг. Өнөөдөр иргэд, тэр тусмаа залуу үеийнхэн спортоор сонирхон хичээллэх хүсэл эрмэлзэл нэмэгдэж байвч тэр оргилуун хүслийг нь угтан тосч, хүчийг нь зохион байгуулан тэдэнд биеийн тамирын боловсрол олгох, сургалтыг шинжлэх ухаанд түшиглэн зохион байгуулах, спорт, олимпизмийн сурталчилгааг өргөжүүлэх ажил хоцорсоор байна Спортоор хичээллэхийг зөвхөн спортын амжилтын төлөө гэж өрөөсгөлөөр хандвал долоон нэхийгээр таван нударга эсгэх-ийн үлгэр болж, хүнийг хөгжүүлэх, чийрэгжүүлэх, эрүүлжүүлэх, хүмүүжүүлэх хийгээд их спортын шавхагдашгүй ундаргыг нээх, спортын залгамж хүчний нөөцийг хайхрахгүй хар аянд нь орхиж байгаагаас өөрөөр үзэх аргагүй.
Бүх нийтийг хамарсан, төрөл зүйл бүхнийг хөгжөөсөн спортын хөдөлгөөн өрнүүлэхгүйгээр биеийн тамирын соёл төлөвшиж, шилдэг тамирчид угсаа залгахад тун бэрх гэдгийг санаж, бас спорт, биеийн тамирт улирал, цагийн хязгаар байдаггүйг харгалзан хавар, намар, өвөл, зуны спортоор хичээллэх орчинг сайжруулах, ашиглалт, ажиллагааг жигдрүүлэх талаар ирэх жилээс дорвитой, мэдэгдэхүйц ажил хийгдээсэй гэж хүсч байна. Спорт тоглоом, цана, тэшүүрийн бааз олноор байгуулах, нийтийг өргөн хамруулах, шинэ төрөл зүйл нэвтрүүлэх, хувцас хэрэглэлээр хангахад Биеийн тамир, спортын улсын хороо /БТСУХ/ идэвхийлэн ажиллах нь бүх нийтийн захиалга болоод байна.
Хоёр. Биеийн тамир спортод иргэдийг, ялангуяа хүүхэд залуучуудыг татан оролцуулах нь нэн хангалтгүй байна. Төв, орон нутгаас бүх ард түмний спартакиад, улсын аварга шалгаруулах тэмцээн зэрэг өргөн олныг хамрах ёстой арга хэмжээнд анхан шатнаас нь бэлтгэхгүй, сайтар шигшин өрсөлдүүлж шалгаруулалт хийхгүй, мэддэг таньдаг хэдэн хүнээ томилолтын журмаар ирүүлж аргацаадаг нь энэ арга хэмжээний өгөөж ач холбогдлыг бууруулж, ирээдүйтэй тамирчин, залуусын урмыг хугалж, амжилтыг дарж, шударга бус монопольчлол гаргахад хүргэж байгааг эрхбиш анхаарч, арга барилаа өөрчилцгөөе.
Гурав. Бие бялдрын соёл эзэмшүүлэх сургалтын хөтөлбөрийг оновчтой болгож, сургуулиудад спортын сонгон сургалттай шигшмэл анги бүлэг нээн хичээллүүлэх, анги бүлгүүд, сургууль болон сургууль хоорондын тэмцээнийг тогтмол зохиож, сурталчилж, урамшуулж байж авъяаслаг хүүхдүүдийг олж, их спортоор дагнан хичээллүүлэх, улмаар тамирчдын залгамж халааг зогсоо зайгүй бэлтгэхгүй бол спортын сүрлэг мод ургаж цэцэглэхгүй.
Байгаль цаг уурын онцлог, спортын уламжлалыг харгалзан түлхүү хөгжүүлэх спортын төрөл, байршлыг Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай нийцүүлэн тогтоож, сургалт, дасгалжуулалтын орчин, багшлах боловсон хүчнээр хангах, баг тамирчдыг харилцан туршлага солилцуулах зэрэг үр дүнтэй олон хэлбэрийн ажлыг хэвшүүлбэл, сайн тамирчид төрөхөөс биш цөөрөхгүй.
Дөрөв. Нийтийн спорт, их спортыг хөгжүүлэхэд Олон улсын стандартын шаардлага хангасан орчин зайлшгүй хэрэгтэй. Олимпийн иж бүрэн цогцолбор байгуулах талаар бүх нийтийг уриалсан МЇОХ-ны уриалга хүн амыг эрүүлжүүлж, чийрэгжүүлэх, их спортод хүч сорих залуусыг бэлтгэхэд чухал ач холбогдолтой санаачлага гэж үзээд Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжиж, зарлиг буулгасан. Шинэ Засгийн газар ч зарлигийг дэмжлээ. Зарлигийг ажил хэрэг болгохын тулд Засгийн газар, төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж санаачлага, хүч бололцоогоо нэгтгэж МЇОХ, спортын холбоод харилцаат орнууд, олон улсын байгууллагын туслалцаа дэмжлэгийг авах талаар улам идэвхийлэн ажиллаарай гэж шимтэн захъя.
Тав. Монголын үндэсний олимпийн хороо, Биеийн тамир спортын улсын хороо, спортын холбоодын өмнө тавигдаж байгаа хамгийн гол зорилт нь 2006, 2008 оны олимпод шаргуу бэлтгэж оролцох явдал. Ялангуяа Бээжингийн олимп газар нутгийн ойр дөт, байгаль, цаг уурын ойролцоо нөхцөлд сайн бэлтгэлтэй, өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, амжилт гаргах ховорхон боломжийг олгож байна. Өвөл, зуны олимпод бэлтгэн оролцох асуудлыг Засгийн газрын хэмжээнд одооноос эхлэн авч үзэж, холбогдох арга хэмжээг чанартай, үр дүнтэй зохион байгуулах хэрэгтэй.
Олимпийн бэлтгэл ажлын үр дүн 2005 онд Макао-д болох Зүүн Азийн наадам, 2006 оны Турины өвлийн олимп, 2007 онд Хятад Улсад болох Азийн өвлийн наадам, 2008 оны Бээжингийн зуны олимпийн наадмаар шалгагдаж, ард түмэндээ хүч, авъяасаа харуулах болно.
Зургаа. Биеийн тамир, спортын улсын хороо улсын шигшээ багийг бүрдүүлэхэд онцгой хариуцлагатай хандвал зохино.
Спортын холбоод, олимпод бэлтгэх багаа цаг алдахгүй шалгаруулж, нэг зай, жинд олон тамирчин өрсөлдөх боломжийг бүрдүүлж, бэлтгэл сургуулилтын ажлаа эрчимтэй эхэлье. Сорилт тэмцээний тоог олшруулж, хоёр талын болон олон улс, тэрчлэн олимпийн болзол хангах уралдаан тэмцээнүүдэд баг, тамирчдаа бэлтгэл сайтай оролцуулан туршлагажуулж, түүнд зарцуулах хөрөнгө, хүчийг нэмэгдүүлмээр байна.
Ямар нэгэн бүс нутгийн чанартай тэмцээнээс алт, мөнгөн медаль авснаар сэтгэл ханаж, спортын оргилд гарав хэмээн сайрхах бардам зангаас тамирчид хол байх хэрэгтэй.
Долоо. Спортын сургалт, дасгалжуулалтын шинжлэх ухааны үндэслэлийг чанарын дээд түвшинд хүргэж, орчин цагийн судалгаа шинжилгээний аппарат, тоног төхөөрөмжөөр иж бүрэн хангаж, тамирчдын ёс суртахуун, сэтгэл зүйн бэлтгэлд онцгой анхаарч, чиглэсэн зорилготой арга хэмжээ авахгүй бол бид эхний биш эцсийн байрандаа байсаар байх нь. Їүнтэй холбогдуулж манай олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг олимпод бэлтгэх сан байгуулахыг би уриалж байна.
Улс хот, бүсийн чанартай тэмцээнд зэрэглэл тогтоож, бүс, тив, дэлхийн тэмцээнд оролцох тамирчдыг шалгаруулах шүүлтүүрийг нарийсгаж бэлтгэл, дасгалжилтын түвшинг шинжлэх ухааны шалгуураар л тогтоож байх нь зүйтэй байна.
Онцлон хэлэхэд бид спортын боловсон төрөл зүйл буюу усан спорт, уран гимнастик, уран гулгалт, мөсний хоккей, элсний волейбол, элсний цана, техникийн спортоор бусдын адагт орж, нийслэл хот маань хүртэл нэг ч трамплингүй, мото болон авиадромгүй, өвөл, зунгүй ажилладаг мөсөн гулгуурын ордон, талбайгүй хэвээрээ л зуунаас зуунд орлоо шүү дээ. Бодох, сэдэх цаг болжээ.
Эдүгээ цаг дор тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, олимпийн тоглолт нь хүний биеийн нөөц чадамжийг нээх, илрүүлэх шинжлэх ухааны их өрсөлдөөн болжээ. Энэ өрсөлдөөнд бид шинжлэх ухаанаар уяа сойлгоо тааруулахаас өөр гарц алга.
Иймд тамирчид, дасгалжуулагчид дэлхийн энгээр сэтгэж, дэлхийн энтэй хөдөлмөрлөж байж л амжилт гаргах цаг болсон байна.
Орчин цагт нэгэн дасгалжуулагчийн шүглийн дуунаар сонирхогч хэдэн хүн цуглуулж, нэгэн хэлэмгий хүний санаагаар, дэлхий, олимпийн аварга бэлтгэнэ гэвэл санашгүй хэрэг. Сургалт, дасгалжуулалтын ажилд багш, дасгалжуулагчид, мэргэжилтний багийг нэгдмэл үзэл бодолд зангидах, олон улсын байгууллагуудтай тогтоосон харилцаагаа идэвхжүүлж, тэднээс туслалцаа авах, хөрш зэргэлдээ орнуудтай хамтарсан бэлтгэл хийх, дэлхийн аваргуудтай халз тулахаас шантралгүй, их дэвжээнээс өмнө ерийн цагт ч хүчээ сорьж, өөрийгөө таньж, хирээ мэдэх, ер нь тамирчны сэтгэл зүйн төлөвшилд онцгой анхаарах зэргээр ихээхэн санаачлагатай, эрч хүчтэй ажилламаар байна.
Төр, засаг спортод дэмжлэг үзүүлж, тамирчдын амжилтыг үнэлж, төрийн урамшуулал хайрыг гар таталгүй хүртээж ирсэн. Цаашид ч ийм байх болно. Монголын спортын амжилтыг дэлхийн тавцанд эн зэрэгцүүлэхийн төлөө хүчин зүтгэж, монголчуудаа бүх нийтийн болоод мэргэжлийн спортын ололтоор дэлхийд дуудах нэртэй болгох талаар төрийнхөө бодлогыг хэрэгжүүлэхэд тусална гэдэгт Та бүхэнд найдаж байна.
Та бүхний хөдөлмөр зүтгэл, хүчин чармайлтын дүнд тив, дэлхий, олимпийн аваргуудын нэрийн жагсаалтад монгол тамирчны овог, нэр дурайтал бичигдэж, дуурьстал дуудагдана гэдэгт итгэх ерөөлөө өргөж байна.
Мөнх тэнгэрийн сүр хүчин Та биднийг ямагт ивээж байх болтугай.