МАШСН сураг тасарч, ИЗ-БНН суудалдаа цадаж, АН бууриа сахиж үлдэв

Мөн бүлгийн дэд дарга С.Баярцогт, Р.Эрдэнэбүрэн, Н.Батбаяр нарыг чөлөөлж тэдний оронд Л.Гүндалай, Ц.Жаргал, М.Зоригт нарыг сонгосон байна. Бүлгийн ахлагчид шинээр сонгогдсон дээрх гурван эрхэм бүлэг дотроо намаа ахлах аж. Бүлгийн ахлагчид М.Энхсайханаас гадна Э.Бат-Үүл, Р.Гончигдорж,
Л.Гүндалай нар яригдаж байсан ч тэд энэ удаа нэрээ дэвшүүлсэнгүй. Учир нь Р.Гончигдоржоос бусад эчнээ нэр дэвшигчид нам дотроо М.Энхсайханы талыг баримтлагчид билээ. Гишүүн Э.Бат-Үүл бүлгийн ахлагчийг солих санал гаргасан байна. Бүлгийн ахлагчид АН-ын дарга М.Энхсайхан, Эх орон-МАШСН-ын улс төрийн зөвлөлийн гишүүн С.Отгонбаяр нар өрсөлдсөн байна. Ингэснээр сонгуулийн дараа эвсэл доторхи бусад бүлэглэлүүдэд нэлээд шахагдаж, ямар ч албан тушаалгүй үлдээд байсан М.Энхсайхан нар байр сууриа Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө дахин бэхжүүлж эхлэв. Түүнчилэн АН-ын үндэсний зөвлөлдөх хороо ирэх бямба гаригт хуралдаж зохион байгуулалтын асуудал хэлэлцэхээр болоод байсан юм, үүнийг ч больжээ. Тус хурлыг Үндэсний зөвлөлдөх хорооны зөвлөлгөөн болгон нэрийг нь өөрчилсөн байна.
Ингэснээр АН-ыхан энэ удаа намын даргаа суудал сэлгэлгүйгээр 2005 онтой золгоно гэсэн үг юм. Зарим эх сурвалжийн мэдээллээр бол Ерөнхийлөгчийн сонгууль дуустал дотроо ямар нэгэн зохион байгуулалтын асуудал ярилцахгүй гэж АН-ын лидерүүд тохиролцсон аж. Харин саяхан ТЕГ-ын даргад нэр дэвшээд МАХН болон Ерөнхийлөгчийн зүгээс дэмжлэг аваагүй С.Эрдэнэ дээрх тохиролцоонд сэтгэл дундуур байгаа бололтой. Тэр МоАХ-г нам дотроо анхын албан ёсны фракц болгон УИХ, Засгийн газартай тулахаар зэхэж байгаа сурагтай. Уг нь Эх орон-Ардчилал эвсэл гурван
намынх. Одоогоор Эх орон-МАШСН Засгийн газарт хоёр сайдтай болсноосоо хойш эвслээс зайгаа барих болсон. Тэр бүү хэл, намынхаа нэрийг солих ажлыг хэсгийг байгуулж улмаар Ерөнхийлөгчийн сонгуульд дангаараа оролцох хувилбар ч байгаа.
Тус нам Эх орон гэсэн шинэ нэртэй болж Ерөнхийлөгчийн сонгуульд намын дарга Б.Эрдэнэбатаа нэр дэвшүүлнэ гэсэн таамаг ч бий. Харин ИЗ-БНН-ын хувьд УИХ-д хоёр суудалтай ч Засгийн газрын танхимд төлөөлөлгүй, харин нэг дэд сайдтай. ИЗ-БНН УИХ-ын дэд дарга болон дэд сайдын албан тушаалдаа сэтгэл цадаж аажмаар АН—д уусч байгаа мэт чимээгүй болоод байгаа юм. Ингэснээр Эх орон-Ардчилал эвслийн
байр суурийг АН дангаараа илэрхийлэх боллоо. УИХ болон Засгийн газраас гаргаж байгаа томоохон шийдвэрүүд заавал зөвшилцлийн шүүлтүүрээр орж байгаа.
Зөвшилцлийг МАХН-д ч, эвсэлд ч бүлгийн ахлагчид тэргүүлдэг. Иймд М.Энхсайхан бүлгийн ахлагч болсноор итгэлийн 10 мянган төгрөгийг санаачлагчид, түүнийг өгүүлэх хатуу, байр суурьтай, бас хүүхдийн мөнгөөр улс төр хийх сонирхолтой хэсгийнхэн цаашид МАХН-тай зөвшилцөх болов.
/2004.12.14 Зууны мэдээ/