Хүн бүр цасан цагаан гоё шүдтэй байхыг хүсдэг.

Шүд шарлах, харлах нь гадаад дотоод шалтгаантай.
Гадаад шалтгаан гэвэл байнга өтгөн цай, кофе уух, тамхи татах, амны хөндийн ариун цэврийг сахихгүй байх гэх мэт.
Заримдаа өөрөөс үл хамаарах шалтгааны улмаас хүний шүд шарладаг, төмөр агуулсан эм уух, заримдаа насны өөрчлөлтөөс гэх мэт. Дээр үед Японд хар шүдтэй хүүхэн сайханд тооцогддог байсан гэдэг, тэгээд зориуд их хэмжээний мөнгө зарцуулж шүдээ харлуулдаг байж. Гаднаасаа харласан шүдийг содатой уусмалаар цэвэрлэж, үрж эсвэл элдэв цагааруулагчаар цагааруулахад амархан.
Шүд цагааруулах хамгийн энгийн арга бол абразив оогоор цэвэрлэх явдал. Зөөлөн абразив материал болох папаин, карбамидын хэт исэл гэх мэт. Ахимаг насны хүмүүст зориулсан, будсан шүдийг цайруулах, шүд хорхойтохоос сэргийлэх, буйл ломбонд хөнөөлгүй оо, амны үнэр бактерийг устгадаг зайлах хэрэгслүүд гээд олон төрлийн оо хэрэгслүүдийг эрдэмтэд зохион бүтээжээ. Гэхдээ эдгээр нь учир дутагдалтай, шүдний эд хэт элэгддэг, гадаргууг гүйцэд цэвэрлэдэггүй, буйл гэмтээдэг гэх мэт.
Шүдний оо худалдаж авахын өмнө түүний абразив чанартай сайн танилцах хэрэгтэй.
Шүдний оонд агуулагдах устөрөгчийн хэмжээ 1 хувиас ихгүй байх ёстой.
Орчин үед шүдний эмч тусгай аппаратаар шүдний өнгөрийг арилгаж цагааруулах үйлчилгээ хийдэг, гэхдээ дараа нь шүд хэт мэдрэмтгий болж, халуун хүйтэнд маш эмзэглэдэг тул шүдийг тусгай уусмалаар бүрэх хэрэгтэй болдог. Шүд цайруулах өөр нэг арга бол лазераар цагааруулах явдал, гэхдээ ийм үйлчилгээг хийхийн өмнө амны хөндийг маш сайн, нямбай цэвэрлэж бэлтгэх хэрэгтэй. Гэхдээ эдгээр аргуудыг хэрэглэснээс хойш 2-3 долоо хоноод шүд дахиад харлаж, шарладаг, энэ нь цай, кофе, тамхи, төмөр агуулсан эм зэрэгтэй холбоотой.
Шүд өнгөө алддаг дотоод шалтгаанд шүдний хөгжлийн согог, эмээс болж шүд гэмтэх, бэртэл авах гэх мэт ордог. Шүдний хөгжлийн согогоос болж шүдний өнгө, хэлбэр, хэмжээ өөрчлөгдвөл буцаж сэргэхгүй.