Далай лам Намайг үхчихвэл…

Хэрэв түүнийг насан өөд болбол Түвдийн ард түмний ирээдүй яах вэ, дараагийн Далай лам хэн болох вэ….
Энэ бүхний талаар тэр ямар бодолтой явдаг талаар Business Week сэтгүүлд өгсөн ярилцлагыг нийтэлж байна.
-Түвдээр сонин юу байна даа?
-Эдийн засаг бага зэрэг өсөж хөгжсөнийг эс тооцвол манай соёлын өв уламжлал шашин шүтэх эрх чөлөө байгаль орчны хувьд байдал тун ноцтой байна. Мөн хөдөө орон нутгийн амьдрах орчин боловсрол эрүү мэнд ер нь бүхий л зүйл дорой тун ядуу байна. Түвд бол Хятадын баян хоосны ялгааг харуулдаг нэг хэсэг нь болжээ гэхэд болно. Ер нь бүхэлдээ дүр зургийг нь аваад үзэхэд бараг итгэл найдвар алга. 13-р далай лам Хятадад 20-р зууны эхээр зочлох үед манжийн маш том засаглал байсан. Түүнээс хойш бараг 50 жилийн дараа Манжид очиход байдал яг хэвээрээ л байсан. Түвдийн хувьд байдал үүнтэй яг ижил. Энэ бол маш том эмгэнэл учир би итгэл найдвар алга гэж хэллээ. Тийм ч учраас бид эрх мэдэлтэй болохын төлөө зүтгэж байна.
-Тэгээд ямар ч гэрэл гэгээтэй зүйл алга гэж үү?
-ЗХУ-аас авахуулаад маш олон оронд коммунист дэглэм ард түмний тэмцлийн хүчээр нуран унасан. Энэ бол том ололт том хөгжил. Хятад өнөөг хүртэл хуучин дэглэмээрээ явж байна гэхдээ бодит байдал маш ихээр өөрчлөгдсөн. Мэдээллийн эрх чөлөө шашны эрх чөлөө хэвлэлхийн эрх чөлөө зэрэг нь нэлээд дээшилсэн. Миний бодлоор бол хүн төрөлхтний бий болгосон хиймэл тэр нийгэм нь эцсийн эцэст эргээд хүмүүнлэг нийгэмдээ эргэн орж байна. Амьтан ч гэсэн эрх чөлөөнд дуртай байдаг шүү дээ. Байгалийн жам ёс эргэн ирж байна. Хэрэв энэ өнцгөөс нь харах юм бол Түвдэд ирээдүй харагдаж байгаа. Өнөөдөр Хятадын маш олон хүмүүс Түвдийн ард түмний соёл зан заншил сүсэг бишрэлийг хүндэтгэн үзэх хэрэгтэй гэж үзэх болсон. Түвдийн сүсэг бишрэл бол Хятадын соёл иргэншилийн маш том хэсэг нь яах аргагүй мөн учир түүнийг хайрлан хамгаалах нь эргээд Хятадын соёлыг баяжуулна гэдэгт олон хятад хүмүүс санал нийлэх болсон. Хятадын сая сая хүмүүс Буддын шашныг шүтдэг бөгөөд маш олон хүмүүс Түвдийн Буддизмыг эргээд сонирхож байна.
-Та Бээжинтэй одоо ямар харилцаатай байна вэ?
-Бид Бээжинтэй харилцах харилцаагаа 3 жилийн өмнө шинэчлэсэн. Гэхдээ огцом
өөрчлөлт гарна гэдэгт найдахгүй л байна. Түвдийн асуудал бол маш ярвигтай бөгөөд Хятад үүнд маш хянуур болгоомжтой хандаж байгаа. Үүнд цаг хугацаа хэрэгэй. Гэсэн хэдий ч нүүр тулан уулзаж харилцан санал бодлоо солилцох нь маш чухал. Хятадын зарим зохиолч жүжигчин зэрэг сэхээтэн хэсэг нь асуудлыг зөөлөн, аядуу аргаар шийдэх гэж хичээж байгаа миний дундыг баримталсан байр суурийг маш сайн ойлгон хүлээн авч байгаа. Тэд Түвдийн ард түмнийг шууд тусгаар тогтнолоо зарлах биш харин Түвдийн соёл хэл байгаль орчныг хамгаалах гэсэн эрх мэдлийг эрх чөлөөг нь олгоочээ гэсэн байр суурьтай байгааг дэмжиж байгаа.
-Та Түвдэд тусгаар тогтнол авчрах тэмцлээсээ бууж өгсөн гэж шүүмжлүүлж байгаа шүү дээ?
-Зарим Түвд хүмүүс намайг тэдний тусгаар тогтнох эрхийг нь авчрах талаар ярихгүй байна гэж шүүмжилж байгаа нь үнэн л дээ. Бүр миний ах хүртэл намайг буруушааж зэмлэдэг бөгөөд тэр ч мөн адил Түвд тусгаар тогтносон улс болох хэрэгтэй гэж үздэг. Гэхдээ яг үнэндээ миний байр суурь бол бидний л эрх ашгийн төлөө байгаа. Түвд бол хөгжил дэвшлээс маш их хоцрогдсон асар уудам нутаг дэвсгэртэй маш их баялагтай орон. Гэхдээ бидэнд энэ их баялгаа ашиглах судлах хайх хэмжээний технологийн хөгжил, боловсрол мэдлэг огт алга байна шүү дээ. Тэгэхээр бид Хятадтай хамт үлдэх юм бол өнөөгийн нөхцөл байдлаа сайжруулж энэ их баялаг маань бидний амьдралын баталгаа болохуйц ашиг хүртэх боломжтой. Энэ бол бид орчин үеийн болж шинэчлэгдэхэд тус болох зүйл. Хамгийн наад зах нь Түвдрүү шинэ төмөр зам тавигдана шүү дээ. Улс төрийн бус өнцгөөс харах юм бол тусгаар тогтнолоо шууд зарлахгүй байх нь хөгжилд хөтлөх сайн зам.
-Зарим хятадууд таныг…
-Үхэхийг хүлээж байгаа.
-За бараг тийм дээ. Та энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?
-Энд хоёр бодол яригддаг. Зарим нь үнэхээр Далай лам үхчихвэл Түвдийн талаарх
асуудлууд тэр чигээрээ алга болчихно гэдэг. Харин нөгөө нь бол гомдол тэмцэл
үргэлжилсээр байх бөгөөд харин ч илүү хурц хүчтэй болох боловч тэдний ашиг
сонирхлыг хамгаалах өмгөөлөх бусдад энэ талаар ятган ухуулах хүн үгүй болж Түвдийн байдал улам дордоно гэдэг. Аль нь зөв юм бүү мэд . Би мэдэхгүй байна. Намайг үхэхээр л мэдэгдэх байх дээ /инээв/
-Гэхдээ та өөрөө юу гэж бодож байна. Таныг үхвэл Түвдийг бусад оронтой холбох
холбоо алга болох уу?
-Түвдийн асуудал бол бүхэл бүтэн үндэстний асуудал мэдээж нэг хүн үгүй болно
гэдэг бол гарз хохирол мөн. Гэвч нэгэнт л энэ бол үндэстний асуудал учир тэр
үндэстэн байгаа цагт асуудлууд байж л таарна. Хангалттай хүрэлцэхүйц хэмжээний
эдийн засгийн хөгжилд хүрчихвэл заавал байгаад байх шаардлагагүй байж болох
талтай. Еврей үндэстнийг хар л даа. 1000 жилийн турш тэд сүсэг бишрэл итгэл үнэмшлээ хадгалсаар ирлээ шүү дээ. Заримдаа Түвдийн ард түмэн аливаа зүйл амархан байх тусам биеэ тоосон болдог. Миний бодлоор бол алив зүйл хэцүү бэрхшээлтэй ярвигтай болох тусам Түвдийн ард түмний ухаан нь хурц болдог.
-Таныг нас барвал дараагийн Далай ламын суудалд хэн ирэх вэ?
-Далай ламын институци байх уу, үгүй юу гэдэг нь Түвдийн ард түмнээс хамаарна.
Хэрэв тэд ач холбогдолгүй, хэрэггүй гэж үзвэл 15-р далай ламыг тодруулахгүй байж болно. Гэхдээ хэрэв өнөөдөр би үхвэл тэд өөр далай ламтай байхыг хүсэх байх гэж бодож байна. Дахин амилахын зорилго нь өмнөх амьдралдаа хүрч чадаагүй зүйлүүдээ гүйцээхэд оршдог юм шүү дээ. Тэгэхээр миний амьдрал бол Түвдээс гадна байсан. Энэ логикоороо бол дахин амилах Далай лам гаднаас л тодрох байх даа. Гэхдээ дараагийн асуулт бол Хятадууд үүнийг зөвшөөрөх үү гэдэг асуудал шүү дээ. Хятадын засгийн газар дараагийн Далай ламыг өөрсдөө томилох байлгүй дээ. Тэгэхээр хоёр далай лам бий болно. Нэг нь Түвдийн ард түмний зүрх сэтгэлийн, харин нөгөө нь албан ёсоор томилогдсон.
-Өмнө нь Түвдийг чөлөөлөхийг дэмжсэн олон улсын хөдөлгөөн шаардлага өрнөж байсан уу?
-Үгүй байх гэж бодож байна. Гэхдээ би олон олон хүмүүс өнөөг хүртэл Түвдийг
идэвхитэй, анхааралтай ажиглаж байгаа гэдэгт итгэлтэй байна.
-Хэрэв олон улсын сонирхол Түвдийг дэмжихгүй бол яах вэ. Хятад ялах уу?
-Хятад бүх л зүйлд ялаад, ялаад, ялаад байгаа шүү дээ. Өнөөдөр л гэхэд тэд Түвдийг хянаж чадаж байгаа /инээв/. Гэхдээ та ялах, ялагдах гэдэг үгээр ямар санааг илэрхийлж байна вэ. Энэ бол маш ярвигтай зүйл. Бид Хятадаас салан тусгаарлах санал тавихгүй байгаа шүү дээ. Түвд Хятадтай хамт байснаар илүү хөгжих боломжтой бөгөөд үүнийг ч зарим Хятад хүмүүс сайтар ойлгож бидний соёлын өвийг хамгаалах талаар санал нэгтэй байгаа. Та тусгаар тогтнох эсвэл салан тусгаарлах ойлголтыг ялах, ялагдахаар авч үзэж байгаа бол миний өгөх хариулт энэ. Хэрэв олон улсын анхаарал Түвдийн асуудлыг сонирхохоо больж энэ нь тийм чухал биш болвол Хятадын засгийн газар ч гэсэн түвдэд анхаарах нь буурах болов уу гэж бодож байна. Гэхдээ Америк,Канад, Энэтхэгт байгаа түвдүүд энэ тал дээр нэлээд хурцаар хандаж байгаа.
-Эх орноосоо хөөгдсөний зардал танд хэрхэн тусч байна даа?
-Би мэдэхгүй юм. Эх оронгүй болсноосоо хойш 45 жил боллоо. Гэхдээ энэ нь надад
гадаад ертөнц, шинэ соёлтой танилцах сайхан боломжийг олгосон. Үүний үр дүнд би бусдаас хамаарахгүй эрх чөлөөтэй байхын үнэ цэнийг мэдэрсэн. Тиймээс улам
хүчтэйгээр эрх чөлөөг хүсэх болсон. Би бусад хүмүүсийн бий болгож бүтээсэн гайхамшигт соёл зан заншилтай танилцаж түүнийг төлөөлдөг, түүндээ итгэдэг олон
гадаад найз нөхөдтэй болсон. Энэ утгаараа би шашинд өөрийн жаахан ч гэсэн хувь
нэмрээ оруулсан гэж бодож байна. Хэрэв би эх орондоо байгаад гадаад ертөнцийг
бөглүү газраасаа дурандаад сууж байсан бол энэ бүхнийг мэдрэх боломжгүй байх
байсан.
Хэдийгээр би оргодол босуул шиг болсон боловч аливааг бодитой хардаг болсон.
Манай шинэ үеийнхэн маш их өөрчлөлтөд орж байна. Бид дотоод давуу талаа гадаадад харуулах сайхан боломжтой болж байна. Тиймээс үүнийг дан ганц хараар эсвэл дан ганц цагаанаар, эсвэл 100% сайн зүйл, 100% муу зүйл гэж хэлж чадахгүй нь. Таны харж байгаа бүх зүйл холимог. Мөн та хэрхэн ямар өнцгөөс нь харж байгаагаас маш их хамаарна.
-Түвдэд байдал өөр болох болов уу?
-Би тийм гэж бодож байна. Манж улс аюул заналхийлал дор байх үед гадаад ертөнцөөс хэн ч үүнийг мэддэггүй байсан. Харин одоо бол байдал өөр шүү дээ. Өнөөдөр Түвдийн соёл иргэншил нь дэлхийн соёл иргэншилийн нэгээхэн хэсэг нь болж байна. Энэ бол бидний маш том давуу тал.
-Та ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?
-Хэрэв та ирээдүйг Түвдийн дотор талаас нь харах юм бол итгэл найдвар, горьдлого байхгүй. Харин та энэ улсыг гаднаас нь харвал ирээдүй гэгээтэй, итгэл найдвар төрүүлэхүйц байгаа. Бид ингэж л хэлэх байна. Тийм ч муугүй шүү.