Гэр бүл тогтвортой аз жаргалтай амьдрахад орон гэрийн байршил нь чухал нөлөөтэй…

Тэгвэл амьдралд байнга тохиолддог Заяаны ханьтайгаа хэрхэн учрах вэ, хүүхдүүдээ яаж зөв хүмүүжилтэй болгох вэ, албан тушаалаа хэрхэн ахиулах вэ, мөнгө санхүүгээ яаж сайжруулах вэ гэх мэт нийтлэг асуудлыг Фэнг Шү-гийн ухаанаар шийдэж, зөвлөсөн зөвлөмжүүдээс өөрт хэрэгтэй олон ашигтай зүйлийг эрхэм уншигч та бүхэн мэдэж авах өргөн боломжтой болжээ. Ингээд Монголын Фэнг Шуй холбооны тэргүүн, эдийн засагч С.Ганбаатарыг Хань сониныхоо хүндэт зочноор урьлаа.
-Та манай Хань сонины уншигчидтай анх удаа уулзаж байна. Өөрийгөө танилцуулахгүй юу?
-Юуны өмнө энэ сайхан сонины уншигчидтай уулзах аз завшаан тохиосонд маш их баяртай байна. Би Монголоороо бахархаж, эх орныхоо ирээдүйд итгэдэг жирийн нэгэн залуу. Анх МУИС-ийн Германы инженерийн бэлтгэлд сурч дараа нь Политехникийн одоогийн ТИС-ийн Геодизийн ангид суралцаж улмаар Англи улсад боловсрол эзэмшсэн. Эдийн засагч мэргэжилтэй.
-Хаана ямар сургуульд сурч ямар ямар мэргэжил эзэмшсэн бэ?
-Би Англи улсын Лондон хотод найман жил суралцахдаа Хаммерсминг энд вэст Лондон хэмээх сургуульд инженерийн, мөн Сити Бизнес коллежид эдийн засагч, менежментийн чиглэлээр боловсрол эзэмшсэн. Монголдоо ирээд ХААН банкинд газрын захирлаар ажиллаж, бас СЭЗДС-д багшилж байсан. Одоо Удирдлагын Академид багшилж байна.
-Дурсажтай хамгийн сайхан үе бол оюутан ахуй цаг байдаг. Та тэр цаг үеийнхээ нандин дурсамжаас уншигчидтай хуваалцахгүй юу?
-Эх орноосоо хол харийн нутагт сурч байхад надад хүнд хэцүү бэрхшээлтэй, аз жаргалтай, дурсамжтай зүйлүүд зөндөө л тохиолдож байлаа. Сэтгэлд минь хамгийн ихээр хоногшиж үлдсэн зүйл гэвэл Германы инженерийн бэлтгэлд сурч байгаад Герман явж чадахгүй дотоодынхоо сургуульд суралцах болсон тэр үе миний хувьд газар тэнгэр хөмөрчихсөн юм шиг санагдаж байсан. Ингэж ялагдал амссан маань үнэхээр хүнд байсан шүү. Түүнийг даван туулж гарахын тулд надад сэтгэлийн хат суусан болов уу гэж боддог юм. Хүн ялагдлаасаа их юм олж, харж сурдаг. Яг тэр үеэс би гадаадад илүү их эрдэм ном сурах юмсан гэж мөрөөдөж эхэлсэн дээ.
-Та яагаад Фэнг Шү-г шимтэн судлах болсон юм бэ. Юу нь таныг тэгтлээ их татсан юм бол?
-Фэнг Шү-г сонирхож судалж байхдаа хамгийн гол анхаарсан зүйл гэвэл оюутан байсан тэр үед надад аз хэрэгтэй байсан болохоор тодорхой хэмжээгээр далдын хүч дэмжээсэй гэж байнга хүсдэг байлаа. Тэр үүднээс л би Фэнг Шү-г судалсан юм. Англид намайг сурч байхад сургууль коллежид нь дугуйлан маягаар фэнг шү-гийн хичээлийг заадаг байлаа. Тэндээс л би анх сонссон цагаасаа бие дааж судалсан. Фэнг Шү бол өөрөө амьдралын ажиглалтын ухаан. Харин шинжлэх ухаан, шашин биш юм. Энэ нь Монголоос үүссэн хүн байгальдаа шингэх ухаан нэртэй байр зүйн зөв зохистой амьдрах ухаан юм. Энгийнээр хэлбэл хүн байгаль, дэлхийтэйгээ яаж эв зүйтэй зохицож амьдрах вэ гэсэн л ухаан.
-Таны гаргасан Далд Уул, Фэнг Шү гэсэн номыг уншигчид өнөөдөр их сонирхох боллоо. Ер нь ном бичих болсон гол зорилго нь юу байв?
-Найман жил гадаад оронд суралцахдаа би өөрийгөө тэр орны ач буянаар маш их зүйлийг сонсож, мэдэж, уншиж чадсан гэж боддог. Сурч чадсан энэ бүх зүйлүүдээ залуучууддаа хэлэх юмсан, өнөөдөр хүмүүсийн амьдралыг өөрчилье гэвэл толгой доторх бодол, амьдралыг үзэх үзэлд нь тус болох санаануудыг хэлэх нь л миний үүрэг байсан. Тийм болохоор би эх орондоо ирээд залуучууддаа хандан Далд Уул Фэнг Шү-гийн цуврал мөн Хөх цэрэг хэмээх эдийн засгийн чиглэлээр, бас англи хэлийг яаж амархан сурах тухай өгүүлсэн цуврал зургаан ном, хуурцаг гээд нийтдээ арван зургаан ном бичиж гаргалаа. Энэ бол ард түмэндээ өргөж байгаа миний найман жил сурсан сургуулийн минь надад хайрласан мэдлэг боловсролын тайлан гэж хэлж болно. Ер нь би цаашид ч гэсэн бичих болно. Одоо би Хөх Цэрэг номынхоо дагуу зургаан сая төгрөгний шагналын сантай зохион бичлэгийн уралдаан зарлаж байгаа. Энэ уралдаанд танай сонины уншигчид өргөнөөр оролцоосой гэж хүсэж байна. Хэрвээ энэ талаар мэдээлэл авахыг хүсвэл 322571 гэсэн утсаар авч болно.
-Таны номыг уншаад уншигчид ямар үнэлэлт дүгнэлт өгч байх юм бэ?
-Намайг өөрсдөд нь зориулж ном бичсэнд ихэнх нь маш их хайрлаж хүндэлж, баярлаж талархснаа илэрхийлдэг. Надад эрч хүч, урам зориг хайрладаг уншигчиддаа би баярлаж явдаг юм. Өнөөдөр миний гаргасан нэг ч номыг шүүмжилсэн хүн байдаггүй юм. Магадгүй шүүмжилбэл би дуртайяа хүлээж авна. Харин ганц нэгхэн хүмүүс надад хэтэрхий энгийн хэллэгтэй байна, хэтэрхий шинжлэх ухааны бус хэллэгээр бичсэн байна гэж хэлдэг юм. Энгийн юм л агуу байдаг шүү дээ. Заавал шинжлэх ухааны хэлээр толгой эргэм байдалд оруулах нь одоо нэгэнт хоцрогдсон. Дээх нь үед шинжлэх ухаан гэж юу юм бэ гэхэд Ойлгомжтой энгийн амьдралын зүйлүүдийг ойлгомжгүй хэлээр бичихийг шинжлэх ухаан гэж хэлнэ гэж нэг хүн хэлж байсан. Хэдийгээр энэ үг ёгт ч гэсэн үнэн үг. Тэгэхээр би өнөөдөр амьдралын үнэнийг үнэн бодитой, энгийн үгээр бичих нь бидний зорилго юм шүү гэдгийг мэдэрч ойлгосон болохоор хүмүүс надад хайртай байдаг юм.
-Фэнг Шү яг хаанаас гаралтай юм бэ. Ер нь ямар утгатай үг вэ?
-Фэнг Шү өөрөө ус салхи гэсэн утгатай хятад үг хэдий ч хүн байгальдаа шингэх ухаан нэртэйгээр анх Монголд 3000 жилийн өмнө үүссэн ухаан. Энэ нь Монголд үүсэхдээ Ширээ өнцөгдөж сууж болохгүй, хүнтэй суудаггүй юм шүү, эмтэрхий аяганд хүнд цай хийж өгдөггүй юм гэдгээс эхлээд хүн байгаль дэлхий, орчин тойрноосоо ажиглаж ирсэн тийм л ухаан. Тэгээд энэ ухаан Монголоос анх үүсээд Балба, Непаль, Энэтхэг рүү дамжиж улмаар Хятад руу орж дэлхий нийтэд түгэхдээ Фэнг Шү гэсэн Хятад нэрээр алдаршсан. Уг нэр нь Байр зүйн ухаан гэсэн санааг илэрхийлдэг.
-Манай Монголчууд эртнээс өөрсдийн гэсэн Фэнг Шү-тэй байсан юм байна. Yүнийгээ баримтлаад явсан бол өдийд ямар байх байсан бол оо?
-Өнөөдөр дэг жаягаа мэдэж, сахиж, өвөг дээдсээ хүндэлж хэлсэн үг болгоныг нь бид буулгаж бичиж уламжилж авсан бол хаана ч очсон Фэнг Шү гэдэг ухаан монголоос гаралтай гэж цээж бардам хэлнэ. Yүнийг би судалгаа, судлаачийн үгээр хэлж байна. Маш олон орны хүмүүс өнөөдөр Фэнг Шү-г Хятад, Энэтхэгээс үүсэлтэй гэж ойлгодог. Угтаа бол энэ нь монгол ухаан юм шүү. Монгол түмэн маань үүнийгээ судар номондоо сайтар үлдээж буулгаагүйгээс ам дамжиж өнөөдрийг хүргэсэн гэж би ойлгодог юм. Харин үүнийг өвөг дээдэс маань бидэнд аман хэлбэрээр дамжуулж ирсэн нь үнэн. Өнөөдөр өөрийн энэ ухаанаа буцааж англиас судалж суралцаж байгаа маань бидэнд өсөх дэвших цаг ирж буйг илтгэж байна.
-Yүнийг судалснаар амьдралд тань ямар өөрчлөлтүүд гарсан бэ?
-Энэ ухааныг судалснаар миний амьдрал илбэ ид шидийн юм шиг өөрчлөгдсөн. Фэнг Шү-гийн илбэ ид шидийн юм шиг далдын ухаан, хүч надад нөлөөлсөн гэж хэлэхээс илүү монгол хүний дотор уул шиг тэр их агуу хүчийг задалж гаргахад л энэ ухаан өөрөө тусалдаг гэдгийг хэлмээр байна. Түүнээс биш энэ ухаан илбэ ид шидийг бий болгодоггүй. Харин хүн чамд, хүн таны дотор байгаа ид шидийн юм шиг гэмээр тэрхүү агуу хүчийг тань нээж задалж өгдгөөрөө Фэнг Шү хамгийн агуу зүйл.
-Фэнг Шүгийн зөвлөмжөөр яваад амьдралд нь өөрчлөлт орсон хүмүүс танд эргээд яаж хандаж байна вэ?
-Амьдрал ахуй нь дээшилсэн маш олон хүмүүс байдаг. Над руу тэр хүмүүсийн ихэнх нь Би албан тушаал дэвшлээ, би мөнгөтэй болж арвижлаа, сайн ханьтай учирлаа, заяаныхаа ханийг оллоо, миний ажил үйлс бүтэмжтэй болсон шүү гээд хэлж ярьж утасддаг юм. Саяхан германаас хүртэл нэг хүн Ганбаатар багшаа танд маш их баярлалаа. Yрээ яаж тарих вэ гээд утасдаж байсан. Би түүнд хайрын үр өгсөн юм. Энэ мэтчилэн надад үргэлж урам хайрласан, намайг баярлуулж байдаг олон хүн байдаг. Харин надад гомдол мэдүүлсэн нэгэн тохиолдол байдаг юм. Нэг удаа эхнэр нь гал тогооныхоо өрөөг өөрчлөх гэхэд нь нөхөр нь Их засвар хийчихсэн үед таны энэ номыг уншаад өөрчлөлт хийх болчихлоо. Та засварын өртгийг хариуцах юм уу гэж хэлж байсан. Ер нь энэ хорвоо дэлхийд бэрхшээлгүй юм гэж хаа ч байдаггүй шүү дээ. Тэгэхээр би Фэнг Шү гэдэг зүйлийг заавал зайлшгүй судла гэж хэлэхгүй. Хамгийн гол нь энэ зүйлийг мэдэж байхад танд илүүдэхгүй шүү гэж хэлье. Миний шавь нараас зөвлөгөө авч надтай харьцсан хүмүүс маш өндөр сэтгэгдэлтэй байдаг болохоор тэдний амжилт бидний амжилт юм шүү дээ.
-Өнөөдөр хэт европжсон манайханд таны гаргасан энэ ном цоо шинэ ертөнц шиг санагдсан байх даа?
-Тэгж хэлж болно оо. Өнөөдрийг хүртэл бид эргэн тойрондоо Миний хажууд ямар ширээ байна вэ, гэр оронд минь энэ бүхэн яаж байрласан байна вэ гэдгийг ажигладаггүй, мэдэрдэггүй, тоодоггүй, ухаардаггүй явлаа. Харин Фэнг Шүг гарч эхэлснээс хойш Би ямар хувцас өмсөх вэ, миний ажиллаж, амьдарч байгаа эргэн тойрон орчин минь надад яаж нөлөөлж байна вэ, би ямар аяганд цай уух вэ, үсээ яаж засуулах вэ, миний ажил үйлс өөдрөг байхад эдэлж хэрэглэж байгаа эд зүйлсийн өнгө ямар байвал дээр вэ гээд бид орчин тойрноо ажиглаж эхэлж байна. Энэ л Фэнг Шүгийн давуу тал юм даа. Бид орчин тойрноосоо хэт тасархай ямар нэгэн материаллаг зүйл рүү шунадагтаа болоод алдаад байна уу даа гэж боддог.
-Өнөөдөр хүмүүс аж амьдралаа дээшлүүлж сайн сайхан явъя гэвэл Фэнг Шү-гийн зарчим, зөвлөмжүүдийг мөрдлөг болговол өөрийгөө өөрчилж аз жаргалаас хүртэнэ гэж итгэж болох уу?
-Миний хувьд бол итгэж болдог. Монгол түмний нэг эд эс Ганбаатар итгээд өөрт нь нөлөөлж чадсан бол бүх монгол адилхан хүмүүст нөлөөлнө гэж би бодож байна.
-Гэр бүл үргэлж аз жаргалтай сайхан амьдрахад юу хамгийн их нөлөөлэх вэ. Фэнг Шүгийн зөвлөмжөөр бол гэртээ юуг залж байрлуулбал зохих вэ?
-Энэ жилийн хувьд урд зүгт улаан өнгийн эд зүйлс сайтар тавьж өгөөрэй. Манай Фэнг Шүгийн төвд байгаа улаан суудалт бурхан, улаан зоос, улаан гэрэл, улаан хөшиг байрлуулбал их сайн. Мөн Энх-Амгалан хааныг (шавар баримал, шаазан эдлэл) гэрийнхээ баруун талд залвал үр хүүхдүүдэд чинь ээлтэй шүү. Гурван хөлт мэлхийг хоймортоо залж байрлуулвал эд баялаг арвидна. Мөн чулуун туулайг гэртээ хосоор нь тавьбал тэр өрх гэр сайн сайхан аз жаргалтай амьдарна гээд маш олон зүйлийг хэлж болно. Тэр бүгдийг багтааж хэлэх боломжгүй тул зөвхөн энэ жилд хамаатай зүйлүүдийг л хэллээ.
-Шинээр гал голомтоо бадраасан залуу хосууд амьдрах байр сууцаа яаж сонгож тохижуулснаас үүдээд салж сарних эсвэл бат бөх байх нь шалтгаалах уу?
-Шууд нөлөөлнө. Маш олон хүмүүс нөхөр маань болохоо байлаа, ингэлээ тэглээ гэдэг. Хэрвээ ямар нэгэн айл буруу байрлалтай байранд орвол нөхөр нь архи дарсанд орж улмаар гэр бүлийн зөрчилдөөн, хэрүүл маргаан тэмцэл өрнөдөг тохиолдол байдаг. Энэ талаар би жилдээ 1000-д хүнд зөвлөгөө өгдөг. Ер нь би оюутан байх үеэсээ эхлээд найз нөхөддөө зөвлөгөө өгдөг байсан. Тэр тусмаа хайр дурлал гэр бүлийн тогтвор суурьшилттай амьдрахад байр сууцны байрлал хамгаас чухал юм шүү. Ялангуяа баруун хойд буландаа гал тогоотой байвал Фэнг Шү-гээр засуулж манай зөвлөгч нараас зөвлөгөө аваарай. Хэрвээ нөхрийн тань уур уцаар ихдэж, архи тамхи хэрэглэж, эвгүй ааш авир гаргаад байвал баруун хойд буландаа улаан өнгийн эд зүйлс бүү байрлуулаарай. Энэ мэтчилэн байр зүй хамгаас чухал шүү.
Монголын Фэнг Шүй холбооны тэргүүн, эдийн засагч С.Ганбаатар Хэрэв та аз жаргалтай амьдрахыг хүсэж байгаа бол өөрөө өөртөө аз жаргалтай байх зөвшөөрлийг өг!
-Өвчин зовлон салдаггүй, эд хөрөнгө тогтдоггүй айл байдаг. Энэ ямар учиртай юм бэ. Энэ байдлаас гарахад Фэнг Шү тус болж чадах уу?
-Гэр бүл болоод өрх гэрийнхээ ямар байгааг мэдэхийг хүсэж байгаа хүмүүс манай Фэнг Шү төвөөс маш ул суурьтай асууж зөвлөгөө авах хэрэгтэй. Ямар ч байсан Фэнг Шү нөлөөлж тус болж чадна.
-Хайр дурлалд аз хийморьтой байх нь юунд оршдог гэж та боддог вэ?
-Гэр бүлийн хайр дурлалд хамгийн чухал юм гэвэл хариуцлага юм. Тэр тусмаа хайрыг үнэн утгаар нь ойлгох л хамгаас эрхэм. Гэр бүлийн хоёр гишүүн бие биедээ хайртай дуртай гэж байна. Yнэндээ бие биенээсээ хариуцлага хүлээж байгаагаа ухаарах хэрэгтэй.
-Хүн юуны төлөө амьдардаг гэж боддог вэ?
-Хүн хайрын төлөө л амьдардаг юм шүү дээ. Бид орчлон хорвоод нэг л өдөр ирсэн шигээ буцаад одно. Энэ хооронд бид хэр зэрэг хүнийг хайрлаж, бас хэр зэрэг хүнд хайрлагдаж чадсан бэ гэдгээрээ л дүгнэгддэг.
-Амьдралын утга учир гэдэг таны бодлоор юу вэ?
-Сайхан хайр л амьдралыг учир утгатай болгодог гэж би боддог. Энэ цэнхэр гараг дээр ирээд буцахдаа бид эх орноо хайрласан шиг хайрлаж, улс шиг улсыг үлдээгээд явах л бидний амьдралын зорилго. Тэгэхээр би хойч үеэ хэн нэгний өмнө Би монгол хүн гэж хэлэхдээ гутарч ичих вий гэхээс эмээдэг. Тийм учраас бид ирээдүйдээ нүүр бардам улс шиг улсыг үлдээх хэрэгтэй.
-Та амьдралаас юуг илүү сайн мэдэрдэг вэ?
-Би аз жаргалтай байх л хүний амьдралд чухал юм байна гэдгийг л мэдэрдэг. Аз жаргалтай байхын тулд хүнд олон зүйл хэрэггүй. Заавал хангалуун амьдралтай, машин техник, өндөр албан тушаал, их мөнгөтэй байж аз жаргалтай байх албагүй. Харин чи аз жаргалтай амьдрахын тулд өөрөө өөртөө аз жаргалтай байх зөвшөөрлийг өг. Тэгэхээр аз жаргал гэдэг бол мөрөөдөлтэй байж түүнийхээ төлөө амьдрахыг л хэлдэг байх.
-Хүн дурлаж хайрладаггүй байсан бол ямар байх бол?
-Хүн дурлаж хайрладаггүй байсан бол энэ ертөнц дээр өнөөгийн хүн төрөлхтөн оршин тогтнож, хөгжихгүй байх байсан биз.
-Сайхан хайр, сайн ханийн тухай ямар бодолтой явдаг вэ?
-Эрэгтэй хүн бүр ханиасаа халуун дотно хайр, хүндэтгэл, итгэл, магтаалыг хүсдэг бол эмэгтэй хүн ханиасаа хайр энэрэл, өмгөөллийг хүсдэг болов уу гэж боддог.
-Та гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Миний ханийг Тунгалаг гэдэг. Эдийн засагч мэргэжилтэй. Бид хоёр охинтой. Манайх бусдын л адил жирийн нэгэн гэр бүл дээ.
-Тэгвэл сайхан ханийн ямар зан чанараар бахархдаг вэ?
-Би ханийнхаа намайг алдаа оноотой, амжилттай, бүтээлтэй минь хамт хайрлаж чаддаг зан чанарт нь маш их баярладаг. Тэр тусмаа ханийнхаа намайг байгаагаар минь хайрладаг сайхан сэтгэлээр нь би бахархах дуртай.
-Таны амьдралын хэв маяг ?
-Би хийж бүтээх их хүсэлд хөтлөгдөж явдаг хүн. Надад өнөөдөр хийж бүтээгээгүй олон зүйл байгаа болохоор түүнийхээ төлөө тууштай зүтгэдэг зүтгэл маань миний амьдралын хэв маяг байх.
-Бусдын алдааг уучилж өршөөж чаддаг уу?
-Чадна. Аймшигтай алдаа хийж намайг гомдоосон ч би түүнийг өршөөж уучилж чадна. Yүнд л миний давуу тал оршдог. Яагаад гэвэл Харанхуйг харанхуйгаар нь бус гэрлээр зайлуулдаг гэдэг энэ л үг миний баримталдаг зарчим.
-Та юугаар их баян хүн бэ?
-Би сэтгэлээр сайхан явахын тулд амьдралын туйлын зорилгыг ойлгосноороо баян хүн.
-Таны болдлоор ямар хүнийг ядуу гэх вэ?
-Мөрөөдөлгүй хүнийг би хамгийн ядуу хүн гэж хэлнэ дээ. Хүсэл тэмүүлэлгүй хүн арьсан дотроо үхчихсэн байдаг. Хэрвээ тийм хүн байвал ядуу хүн.
-Өөрөө хэр олон найз нөхөдтэй вэ?
-Би сайхан сэтгэлтэй олон найз нөхөдтэй. Би өөрийгөө бусадтай эвсэг нийтэч гэж боддог.
-Ер нь хүний хайр хүндэтгэлийг хэр даадаг вэ?
-Хүний хайр хүндэтгэл, итгэлийг дааж амьдрах л сайхан. Надад хэн нэгэн хүний итгэлийг алдаж, хугална гэдэг хамгийн аймшигтай санагддаг.
-Санаа зөв бол заяа зөв гэдэг үгийн талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Санаа зөв бол аз өөрөө хүрч ирдэг. Зөв юм бодоход бүтэмжтэй зүйлийг даллаж дуудаг юм. Оюун ухаандаа дандаа эерэг сайхан бодлуудыг тээж явбал чамд сайн сайхан азтай учралууд тохиолдоно шүү. Булингартай өөдгүй, хар санасан бодол тээвэл ямар нэгэн байдлаар муу хорон зүйл чамайг ямагт дагана. Хүн юу бодож санана түүнийхээ бүтээгдэхүүн байдаг юм.
-Таны хэлэх дуртай үг?
-Намгийн мэлхий далай байдгийг мэдэхгүйгээрээ дэндүү аз жаргалтай… гэдэг үг байдаг. Өөрөөр хэлбэл залуучууд маань их юм сураасай гэж хэлэх дуртай даа.
-Сүүлийн үед хүмүүс үнэт эдлэлийг ихээхэн сонирхож худалдаж авдаг болсон. Таны хувьд юу сонирхдог вэ?
-Би үнэт эдлэлээс илүү уран зураг их сонирхож цуглуулах дуртай.
-Өнөөдөр залуучууд цалин ихтэйг нь бодоод бүгд л гадаадад гарч ажиллах сонирхолтой боллоо. Таны бодлоор энэ зөв алхам уу?
-Маш зөв алхам. Өнөөдөр гадагшаа гарч амьдарч сур. Гараад ажил хийхдээ бус эрдэм ном сурч өөрийнхөө оюуны мэлмийг нээж эдийн засгийг нь танадаж, тагнаж, тагнуулдаж ололт амжилт бүхнийг нь судалж ирэх л хэрэгтэй. Энэ бол миний замнал байсан болохоор ингэж хэлж байна л даа.
-Манай бүсгүйчүүд эрчүүдээ голж гадаад хүнтэй гэр бүл болох нь нэмэгдсэн. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Монгол хүн хамгийн сайн сайхан хүмүүс гэдгийг манайхан өөрснөө мэдээгүй, мэдрээгүй байна даа. Манай охидууд материаллаг орчныг илүү сонирхсноос амьдралдаа алдаж байна. Харийн хүнийг би муу гэж хэлэхгүй ч сайн хүн нь өдрийн од шиг ховорхон байдаг юм даа. Гадаад хүнийг би Монгол эр хүнээс илүү гарна гэж бодохгүй байна.
-Хань сонины уншигчдад хандаад та юу хэлэх вэ?
-Хань сонины уншигчид та нар бол хамгийн зөв сониноо уншдаг хүмүүс байна. Ямар ч хүн эрт босоод нүдээ нээхэд би хэн нэгний төлөө амьд яваа гэдгээ мэддэг болохоор аз жаргалтай байдаг. Та бүхнийг би амьдралын утга учрыг мөн чанараар нь ойлгож чадсан улс гэж бодож байгаа болохоор миний үзэл бодолтой нийлнэ гэдэгт итгэж байна. Өнөөдөр гэр бүл болгон англи хэлийг сурах хөдөлгөөн өрнүүлээсэй гэж хүсэж байна. Учир нь айл гэрийн өсөх дэвших нь англи хэлний түвшин ямар байгаагаас шалгаалах цаг болсон байна шүү. Энэ хэлийг сурахад үнэг, чоно, согоо гэдэг өдөр бүр тэр болгон хэрэглэгддэггүй үгийг хэрэглэхээс илүү амьдралд үргэлж хэрэг болох амьд хэрэгцээтэй 200 үгийг цээжилвэл амархан сурна шүү гэж хэлмээр байна. Хамгийн сайхан гэгээлэг зүйлийг бичиж уншигч та бүхнийг ертөнцийн харанхуйгаас аварч оюуныг тань гэгээрүүлж байгаа Хань сонины хамт олонд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье.
-Танд баярлалаа.
/Мягмар, 4–р сарын 13/Хань (2004-10)