Хачирхалтай томилгоо буюу О.Чулуунбатын ганхалт

Энэ нь үнэн хэрэгтээ зөвшилцлөл нэрийн дор Ху намаас бойкот хийн зогсоож байсан юм. Гэвч халаа сэлгээ ихээхэн нарийн бодлогоор явагдаж эхэллээ. Хүн алахад хүндэтгэх шалтгаан хэрэгтэй гэдэг шиг халаа сэлгээ хийхийн тулд уг салбарыг толгойлж байгаа нөхдүүдийн ноцтой асуудлыг гаргаж ирэх, цаашлаад эрүүгийн хэрэг үүсгэж дээлийн нь нөмрүүлсэн тохиолдолд Саалийн үнээ-тэй болгох операци юм.
Энэ бүхэн жолоочоос жолоодогч хүртэлх бүхий л хүмүүсийн идсэн уусан, яасан ийснийг алган дээрээ байгаа юм шиг нэвт шувт харж байдаг Тагнуулын Ерөнхий газыг Ц.Элбэгдорж ямар ч байсан гартаа оруулж дөнгөснөөр эхэллээ. Үнэндээ ТЕГ-ын дарга хурандаа Батсайхан өөрөө өөрийгөө унагасан гэж хэлж болно. Түүний албатууд С.Зориг агсныг хөнөөсөн алуурчдыг Эрх баригчдын шахалтаар илрүүлэн, ардын баатар болохын сацуу 500 сая төгрөг халааслах шунаг хүслэд автахдаа Францад цагаачлаад гарчихсан байсан Дамирангийн Энхбат гэгчийг хулгайлан авчирч өвөг эцэг До яамныхаа хэрцгий аргыг хэрэглэсэн нь илрээд зогсоогүйгээр үл барам өмгөөлөгч Л.Санжаасүрэнг нь шоронд хатаахаар болсон.Энэ бол манайхаас өөр оронд ихээхэн өндөр түвшинд яригдаж өөрсдөө ч торны цаана суухуйц ноцтой асуудал юм. Ийм том бусармаг хэрэг өдрүүлээд байсан авч суудлаасаа ганхсангүй. Харин ТЕГ-ын ажилтнууд саяхан Хятадын Тан-Лу хэмээх мафийн томоохон байгууллагыг илрүүлэн толгойлогчдыг нь баривчилсан явдал Д.Энхбат,
Л.Санжаасүрэн нарыг хилсдүүлсэн гэм нүглээ хангалттай цайруулах үйлс байлаа.
Гэвч Тан-Лугийн хужаа нарын атганд манай цагдаа болоод хүчний байгууллагын ихэнх томчууд орчихсон байсан нь нэгэнт тодорхой болоод байна. Харин УИХ, Засгийн газрын гишүүдээс цөөнгүй хүн Тан-Лу бүлэглэлтэй холбоотой байсан уг хэргийг бүрхэгдүүлэх зорилгоор Батсайханаас хурдхан салах арга хэрэглэсэн.Тиймээс томчууд хурандаа Батсайханыг өмгөөлөн хамгаалах бус харин ч хурдхан зайлуулахын
тулд Ц.Элбэгдоржид түүнийг солихыг нэгэн дуугаар зөвшөөрсөн байж болох талтай гэж Саарал ордонд суугаа томоохон албан тушаалтан шивнэсэн юм. Үүнийг ч Ц.Элбэгдорж овжиноор ашиглаж чадлаа. Харин ТЕГ-ын даргаар боевик хочит мэргэжилийн бус Б.Билэгтийг сонгосон нь анхаарал татаж байгаа юм. Хэдийгээр тагнуулын мэргэжилгүй боловч Б.Билэгт НАХЯ-нд Боролдой нэрээр нууц мэдээлэгч байсан гэдэг яриа байдаг. Б.Билэгт нь уугуул гарлаараа Ховдынх гэгддэг бөгөөд мэргэжлийн бус байгаа нь юутай ч дарга нарт халгаа багатай байдаг аж. Мэргэжлийн хүн Тагнуулын байгууллагыг толгойлсон тохиолдолд Ж.Баатар генерал Н.Багабанди,
Ц.Нямдорж нарыг байдалд оруулж байсан гашуун туршлага давтагддаг гэнэ. Харин тагнуулын ажилтнууд нь болохоор Б.Билэгт шиг хагархай хэнгэрэг манайд тохирохгүй гэж ярьцгааж байгаа гэнэ. Юутай ч галзуу барын аманд гараа хийхээс
буцахгүй зоригтой Б.Билэгт ТЕГ-ын дарга болсноор Ху намынхны но-г бүхлээр нь сейфлэх бололцоог бүрдүүлж байгаа юм. Харин сүүдэртэй тал нь хэзээ нэгэн цагт сэтгэлийн хөдөлгөөнөөр ам мэдэн бурчихаад улсын нууц задалсан хэргээр аав-ын хаалга татахыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ Тан-Лу бүлэглэлийн хэргийг бүдгэрүүлбэл хууль биш юм аа гэхэд Мөнх тэнгэр лав өршөөхгүй биз ээ. За ТЕГ яахав ингээд шийдэгчихлээ.
Харин Монголын мөнгөний авдарын түлхүүрийг атгаж байгаа Монголбанкны
ерөнхийлөгч О.Чулуунбат хэзээ хэзээгүй дээлээ нөмөрснөөр эвслийн хүн томилогдох шансыг бүрдүүлээд байна. О.Чулуунбат бол ихээхэн хэмжээний мөнгө хөрөнгөтэй холбоотой гэдгийг нь хэн хүнгүй мэддэг ч нотлоод гаргаад тавьчих зориг зүрхтэй хүн байсангүй. Харин саяхнаас ЭЦГ-аас О.Чулуунбатад эрүүгийн хэрэг үүсгэхээр болчихоод байна. Уг хэргийг ЭЦГ-ын хэлтсийн дарга хошууч А.Энхтөр гардан мөрдөж байгаа юм. А. Энхтөр бол Казино-гийн хэргийг дөнгөж Завханаас ирэнгүүтээ мөрдөж байсан гээд бодохлоор амаргүй хоол гэдэг нь ойлгомжой. Гэхдээ О.Чулуунбат шиг мөнгөтэй хүнийг барахад хэцүү. Тэгээд ч түүнийг унавал томчуул чирэгдэх учраас хавтаст хэргийг чимээгүйхэн хаалгаад ажлаа өгөхөөс аар аргагүйд хүрнэ.
Ингэхэд О.Чулуунбаатар нь юу идчихсэн хүн бэ? Тэрээр Дарханы Силакит тоосго-ны үйлдвэртлуйвар хийж байгаад нэг сая ам.долларын зээл олгуулчихаад хувийн болгоод авчихсан сүйхээтэй нэгэн. Харамсалтай нь нэг сая доллар О.Чулуунбатад зээлдүүлсэн ХОТШ банк өнөөдөр газрын хөрснөөс арчигдаад мартагджээ.
Монголбанкны ерөнхийлөгч хийх хугацаандаа уг өрийг өөрийнхөө мэдэлд татаад авчихсан гээд бод доо. Түүгээр ч үл барам гадагшаа 10 сая доллар үл мэдэгдэх шалтгаанаар тавиад туучихсан хэрнээ ямар ч ял зэм хүртэлгүй өнгөрсөн хүн. Түүнийг нь асуухлаар 2004 оны 12-р сард багтаж ирнэ гэж ярьдаг боловч Монголын дансанд орсон мөнгө л лав алга. Мөн цаашлаад Худалдаа хөгжлийн банкны хувьчлалын асуудал хөндөгдвөл хэрэг явдал ихээхэн ээдрээртэй болох биз ээ. Тиймээс О.Чулуунбат нэгэнт шалдаа буучихсан байгаа бөгөөд чимээгүйхэн ажлаа өгөөд хар толгойгоо мэнд
мултлах санаатай дээгүүр доогуур хөөцөлдөж байгаа аж. Хэрэг явдал ийн
өнгөрснөөрөө О.Чулуунбат жийгдэж Монголбанкны ерөнхийлөгчийн суудал эвсэлд орно. Харин гурав дахь албан тушаалын цэвэрлэгээ Гаалийн Ерөнхий газарыг овлоод байгаа сураг чих дэлсэх боллоо. Гаалийн ерөнхий газрын дарга Баатар ч гэсэн.
О.Чулуунбатаас дутуугүй нэгэн бөгөөд суудал дээрээ юу ч хийхээс буцахгүй байгаа нь албан тушаалдаа хайртайгаасаа гадна бас л дээлээ нөмрөхөөс эмээсэн хэрэг юм. Гэхдээ Баатарын асуудал Тахиа жилд шийдэгдэх биз. Энэ хооронд харин хөрөнгө мөнгөний томоохон цутгалан болох Эрдэнэт-ийг авах операци хэрэгжих болно. Тэртээ тэргүй ТӨХ-г дахин толгойлох болсон З.Энхболд Х.Наранхүүг нэг л нартай өдөр шалгахад хэдэн тэрбумаар тоологдох мөнгөний асуудал гараад л ирнэ. Тэр цагт
МАХН-ынхан яаж ч авраад нэмэргүй байх биз. Энэ бүх санаа ганцхан Ц.Элбэгдоржоос гарсан гэвэл эндүүрэл болно. Түүний зөвлөх Баатар энэ бүхнийг маш ухаалгаар шат дараалан хэрэгжүүлж байгаа юм. Ингэснээр 2006 онд Ерөнхий сайдынхаа суудлыг МАХН-д шилжүүлсэн ч ямар ч байсан их цэвэрлэгээгээ дуусгаад эвслийнхнийг томоохон агентлаг газрын дарга нараар тавьж орхисон байна. Харин ГЕГ, Эрдэнэтийн УБҮ, Монголбанкны удирдлагад чухам хэнийг тавих нь томчуулын анхаарлыг ихээхэн татах
боллоо. Саарал ордныхны мэдээлээс сонсоход Монголбанкны ерөнхийлөгчид Баабар, Эрдэнэт-ийг Д.Дорлигжав, ГЕГ-ыг М.Энхсайханы фракцийн Т.Лхагвад өгөх магадлал өндөр байгаа аж. Бас Лу. Болд тэргүүтэй Зүүн хойд Азийн нийгэмлэгийнхэн ч ГЕГ, Татварын ерөнхий газруудыг сонирхож байгаа гэнэ. Гэтэл энэ бүхний хийж амжуулаагүй. Зөвхөн төлөвлөөд зах зухаас нь хэрэгжүүлж эхлээд байхад Ардчилсан
намынхан түүнийг оролцоод байгаа нь дэндүү түргэдсэн явдал юм.

2004.12.16 ,Маш нууц

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button