Хоригийг хүлээж авбал төсөвт тодотгол хийж таарна

-Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2005 оны төсвийн төсөлтэй хамт УИХ-д өргөн барьж, хамтад нь хэлэлцсэн. Тэгэхээр 2005 оны төсвийн тооцоонд энэхүү хуулийн өөрчлөлттэй холбогдон гарах орлогын өөрчлөлтийг тооцож тусгасан гэсэн үг. Архи, тамхи, шар айрагны онцгой албан татварт өөрчлөлт оруулан үүний дагуу төсвийн орлогыг 13.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцоолж, 2005 оны төсвийг батлуулсан.
Нөгөө талдаа энэхүү орлогын эх үүсвэр нь төсвийн зардлын эх үүсвэр болж батлагдсан гэж хэлж болно. Тухайлбал, 2005 оны төсөвт 1995 оноос өмнө болон хойно тогтоосон тэтгэврийн зөрүүг арилгахад 4.7 тэрбум төгрөг, төрийн албан хаагчдын цалинг 7.5 хувиар нэмэгдүүлэхэд зориулж 5.2 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа. Амьжиргааны баталгаажих доод төвшнөөс доогуур орлоготой өрхийн гурав ба түүнээс дээш хүүхэд бүрт сар бүр олгох 3000 төгрөгийн тэтгэлэгт 21.6 тэрбум төгрөг төсөвлөсөн. Ингэхээр хоригийг хүлээж авах тохиолдолд эдгээр зардлын эх үүсвэр дутагдахад хүрэх юм.
-Тэгвэл энэхүү хүндрэлээс яаж гарах вэ?
-Үүнээс гарах хоёр л арга зам байгаа. Нэгдүгээрт, УИХ 2005 оны төсвийг хэлэлцэж баталсан болохоор Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авахгүй байх магадлалтай. Хэрэв УИХ хоригийг хүлээж авбал 2005 оны төсөвт тодотгол хийхээс өөр аргагүйд хүрнэ.
-Та өмнө нь Үйлдвэр, худалдааны сайд байсны хувьд хуульд орсон өөрчлөлтийг хэрхэн үзэж байна вэ?
-Онцгой албан татвар хэрэглээний татвар учраас өөрчлөлт нь үйлдвэрлэгчдэд шууд нөлөөлөхгүй. Нөгөө талаар импортын ижил төрлийн барааны онцгой албан татварын хэмжээг нэмэгдүүлж байгаа учир дотоодын үйлдвэрлэгчдийг хамгаалах хөшүүрэг болно гэж үзэж байна. Тухайлбал, өмнө нь эх орны үйлдвэрийн шар айргийг татвараас чөлөөлж, импортынход 20 центийн онцгой албан татвар тогтоож байсан бол одоо эх орны үйлдвэрийнхэд 20 цент, импортынход 50 цент ногдуулахаар болж өөрчлөлт оруулсан.
Ер нь энэ чиглэлийн үйлдвэрлэлийг дэмжүүлэх, дэмжих тухай яривал гадаад орнуудад төр хяналтдаа байлгадаг, онцгой бараа гэж үздэг юм билээ.
/Зууны мэдээ 2004-12-16/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button