Зөвшилцөл бүдэрч монголын төмөр зам орос даргатай болов

Түүнчлэн эвслийнхний дургүйд хүчгүй зан, М.Энхсайханы улс төрийн тоглолт, Р.Рашийн оросуудтай ажиллаж сурсан туршлага, танилын хүрээ зэргийн хамтын хүчээр Монголын төмөр зам орос даргатай боллоо.
Монголын төмөр замын орос дарга
Монголын төмөр зам 13 жилийн дараа дахин орос даргатай боллоо. Түүнийг В.В.Магдей гэдэг. Дорнод Сибирийн төмөр замд ажиллаж байжээ.
Арван гурван мянга орчим монгол ажилчинтай энэ вант улсыг орос хүн тэргүүлэх болсон нь Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийн Засгийн газрын ханцуй дотроо хийсэн бүтэлгүй наймаа, монголчуудын хоорондын зөрчил, үл ойлголцлоос үүдэлтэй юм. Гэхдээ Монгол, Орос хоёр улс тус бүр тавин хувийн дүрмийн сантай УБТЗ-ыг ийнхүү орос хүн толгойлох болсноор санасандаа хүрсэн монгол хүн ч бас бий. Уг нь УБТЗ-ын хувь нийлүүлэгчдийн хурал сарын өмнө болж Төмөр замын даргад МАХН-ынхан Хан-Уул дүүргийн Засаг дарга Д.Загджавыг, эвслийнхэн Төмөр замын хэрэг эрхлэх газрын дарга Да.Ганболдыг, тэр үед албан тушаалаа хавсарч байсан Р.Раш өөрийн орлогч Болдоо төмөр замын даргад зүтгүүлээд аль нь ч дэмжлэг аваагүй юм. Харин оросууд Төмөр замын даргаар монгол хүн томилно оо. Та нар дотроо ойлголц, сарын дараа дахин хуралдъя гээд буцсан талаар тухайн үеийн хэвлэлүүд мэдээлж байсан билээ.
Төмөр замын даргын өмнө зөвшилцөл тос биш, шороо үмхэв
Сарын дараа гэж товлосон УБТЗ-ын хувь нийлүүлэгчдийн хурал өнгөрсөн даваа гаригт эхлэв. Манай сонин хурал эхлэх өдрийн дугаартаа хэрэв монголчууд дотроо ойлголцож нэгдүгээрт, төмөр замын мэргэжлийн бус, хоёрдугаарт өмнө нь энэ албан тушаалд нэр дэвшээд гологдсон хүмүүсийг дахин зүтгүүлбэл оросууд В.В.Магдей хэмээх өөрийн хүнийг Төмөр замын даргаар томилохоор Москвагаас авчирч байгаа тухай мэдээлсэн билээ. Хоёр өдөр хаалттай хуралдсан хувь нийлүүлэгчдийн хурлын дараа манай сонины дээрх мэдээлэл батлагдаж төмөр зам орос даргатай боллоо.
Бидний олсон мэдээллээр бол, төмөр замын даргад гурван хүний нэр дэвшиж ярилцжээ. Тэдний нэг нь Хан-Уул дүүргийн Засаг дарга Д.Загджав, нөгөө нь Хурцаа, гурав дахь нь дээр өгүүлсэн В.В.Магдей аж. Энэ удаа Да.Ганболд нэрээ дэвшүүлээгүй байна.
Ерөнхий сайд Ц.Элбэгдорж сайд Г.Батхүүг дуудаж МАХН-тай зөвшилцсөн тул заавал Загджавыг томилуул хэмээн үүрэгдэж. Өмнөх хуралд ороод орос хэлний мэдлэгээрээ чамлагдсан Д.Загджавыг оросууд энэ удаа мэргэжлийн бус, цэргийн хүн хэмээн голсон гэнэ. Түүнчилэн Д.Загджавын хувийн сахилга бат ч өөрийнх нь эсрэг нэрмээс болжээ. Тэрээр хурлын эхний өдрийн орой төлөөлөгчдийн байрласан буудалд урилгагүй зочилж хаалга үүд балбасан нь оросуудад таалагдаагүй бололтой. Харин Хурцаагийн тухайд Тагнуулын газарт ажилладаг гэхээс өөр мэдээлэл үгүй. Түүний нэрийг Ерөнхий сайд үүрэгдээгүй, бас зөвшилцлөөр тохироогүй. Сайд Г.Батхүү, Төмөр замын хэрэг эрхлэх газрын дарга Да.Ганболд нар зүтгүүлсэн ч бас л бүтэлгүйтжээ. Ингээд Оросын талынхан та нар дотроо ойлголцоогүй, өөрсдийнхөө хэрүүлийг биднээр хагалуулах гэлээ, тэгээд ч мэргэжлийн хүн биш байна гэж монгол хүн томилохоос татгалзсан үндэслэлээ хэлээд В.В.Магдейг томилсон байна.
Ийнхүү эрх баригчид бүдэрч, тэдний хийсэн зөвшилцөл сонгуулиас хойш анх удаа тос биш, шороо үмхэв.

МАХН төмөр замд тулгуургүй үлдлээ
Оросууд яагаад тохиролцооноосоо буцав. МАХН-тай зөвшилцсөн Ерөнхий сайдын шийдвэрээс гадуур хэн тоглолт хийв гэдэг нь өөрөө улс төрийн сэдэв болж, улстөрчдийн сонирхлыг татаж эхэллээ. Янз бүрийн таамгууд ч гаргаж байна.
Орос хүн томилсныг сонсоод Ерөнхий сайд нэлээд бухимджээ. Томилгоо болсон орой сайд Г.Батхүү утсаа салгачихаад Ерөнхий сайдад олдоогүй байна. Г.Батхүү энэ томилгооны талаар өчигдөр болсон эвслийн бүлгийн хаалттай хуралдаанд мэдээлэл хийжээ. Энэ мэдээлэл болон эвслийн бүлгийн гишүүдийн тайлбараар бол эвслийнхэн Да.Ганболд л биш бол Төмөр замын даргаар МАХН-ын хүн, тэр дундаа Д.Загджавыг томилуулахгүй гэж үзэж байсан бололтой. Нөгөө талаас Да.Ганболд өөрийг нь хүлээж авахгүй байгаа тохиолдолд Төмөр замын даргыг Оросын талаас томилуулаад өөрөө Монголын талаас нэгдүгээр хүн байх сонирхолтой байсан байж ч болох. Түүнчилэн хувь нийлүүлэгчдийн хурал эхэлдэг өдөр бүлгийн ахлагч болсон М.Энхсайханы оролцоо төмөр замын даргын томилгоон дээр илүү харагдлаа гэж зарим хүн хардаж байгаа юм. Төмөр замын дүрэм болон 1949 оны гэрээгээр бол замын дарга орос хүн байвал нэгдүгээр орлогч нь монгол, замын даргаар монгол хүн байвал нэгдүгээр орлогч нь орос хүн байдаг. Уг жишиг энэ удаа ч үйлчлэв. Төмөр замын даргаар В.В.Магдейг томилсноор түүний нэгдүгээр орлогчийг Монголын талаас томилох болсон. Энэ албан тушаалд М.Энхсайханы Засгийн газрын үед ХААҮ-ийн сайд байсан Л.Нямсамбуугийн дүү Л.Пүрэвбаатарыг томилжээ. Л.Пүрэвбаатар төмөр замын мэргэжилтэй ч хэдэн жилийн өмнө санхүүгийн будлианд холбогдсон гэж Р.Раш дарга ажлаас халж байж. Түүнчилэн Л.Пүрэвбаатар АН-ын гишүүн, М.Энхсайханы талыг хатуу баримтлагч. Чухам энэ нь М.Энхсайханы оролцоо байсан гэх хардлагыг төрүүлж байгаа юм. Хардлагад өртөж байгаа өөр хүн ч бий. Тэр бол өмнө нь Төмөр замын болон Хэрэг эрхлэх газрын даргын албыг 13 жил хашсан Р.Раш юм. Тэрээр өөрийн хүнээ томилуулах гэж хэрдээ л зүтгэсэн. Хурлын өмнөхөн хүртэл ОХУ явсан гэсэн сураг байгаа. Энэ мэтээр тоочвол олон таамаг хөвөрч болно.
Харин нэг үнэн бий. Эрх баригч хоёр нам УИХ-ын даргыг дэд даргаар, Ерөнхий сайдыг Шадар сайдаар, сайдыг дэд сайдаар нь, Засаг даргыг орлогчоор нь гээд давхар цагдуулахаар харилцан тохирсон. Харин төмөр зам хэмээх том айлын Хэрэг эрхлэх газарт ч, УБТЗ гэдэг аж ахуйн нэгжид ч МАХН тулгуургүй үлдлээ.
Ямартай ч хүнээ олоогүй эрх баригчдын зөвшилцөл, монголчуудын дотоод зөрчил, эвслийнхний дургүйд хүчгүй зан, М.Энхсайханы улс төрийн тоглолт, Р.Рашийн оросуудтай ажиллаж сурсан туршлага, танилын хүрээ зэргийн хамтын хүчээр Монголын төмөр зам гурван жил орос даргатай байх нь.

Оросууд төмөр замд харийн хүн гэж үү
Монгол Улс оросуудын хүчээр 1111 км төмөр замтай болсон. Түүнээс гадна боловсон хүчний бэлтгэл, төмөр замыг дагасан хотжилт, техник технологи гээд тоочвол оросуудын ач тусыг өгүүлж барашгүй. Оросууд бол Монголын төмөр замд харийн хүмүүс биш. Тэд өөрийн өмч дээрээ л ирж байгаа. Орос хүн төмөр замыг удирдлаа гээд энэ салбарын ажил уначихгүй нь лав. Харин ч ОХУ-д одоо ид өрнөж байгаа шинэчлэлт Монголын төмөр замд өрнөхийг үгүйсгэхгүй.
Хамгийн гол нь зөвшилцлийг гардаж байгаа УИХ-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий сайд Ц.Элбэгдорж нарын хийсэн зөвшилцөл энэ удаа хожигдлоо. Хэн тэднийг хожсон нь нууц үлдэв. Өөрөөр хэлбэл, зөвшилцөл үнэгүйдэж эхлэв. Эсвэл эвслийнхэн хамтрагчаа молигдов уу. Энэ бүхэн цаашид давтагдвал зүүний үзүүрт тогтсон ширхэг арвай адил зөвшилцөл хэмээх эмзэг эд амархан задарна даа. Түүнээс гадна монголчуудын эв нэгдэл, эрх баригч хоёр намын хамтрах чадвар ямар байгааг төмөр замын томилгоо харууллаа.

/Зууны мэдээ 204-12-16/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button