Засгийн газрын ээлжит хуралдааны тоймоос

Хуульд заасны дагуу Төрийн өмчийн хороо нь дарга, найман гишүүнээс бүрддэг бөгөөд гишүүдийн бүрэлдэхүүнд Түлш, эрчим хүчний, Хүнс, хөдөө аж ахуйн болон Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Цэрэнпүрэв, Н.Батсуурь, Б.Цэрэндорж, Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Ц.Маналжав, Yйлдвэр, худалдааны яамны Худалдааны бодлого, хамтын ажиллагааны газрын дарга Д.Галсандорж, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын Бодлогын хэрэгжилт, зохицуулалтын хэлтсийн дарга А.Мөнхбат нар томилогдон ажиллахаар болов. Яамдын бүтэц эцэслэн батлагдаж амжаагүй байгаатай холбогдуулан тус хорооны гишүүдийн бүрэлдэхүүнд оруулах Боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Сангийн яамдын төлөөллийг эдгээр яамдын бүтэц батлагдсаны дараагаар нөхөн томилохоор тогтсоны дээр Төрийн өмчийн хорооны гишүүнээр өмнө нь ажиллаж байсан Г.Цэндсугар, Ж.Хатанбаатар, Ц.Базар, Ш.Сономдагва, Д.Баярсайхан, А.Баасанжав, Я.Пүрвээ, Ч.Хүрэлбаатар нарыг Төрийн өмчийн хорооны гишүүнээс чөлөөллөө.
ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖИВ
УИХ-ын гишүүн Д.Одбаярын санаачилсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөлд Засгийн газраас санал дүгнэлт өгөх тухай асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, нэрийг нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай гэж өөрчлөх нь зүйтэй гэсэн саналыг хууль санаачлагчид уламжлахаар тогтов. Мөн, шүүх бүрэлдэхүүн асуудал бүрийг олонхийн саналаар шийдвэрлэх тухай заалт нь Yндсэн хууль зөрчөөгүй байгаа тул хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэж байгаагаа санал дүгнэлтэнд тусгахаар боллоо.
ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ХЭРЭГЖYYЛЭХЭД УЧИРЧ БУЙ ХYНДРЭЛИЙГ ШИЙДВЭРЛЭЖ АЖИЛЛАХЫГ ДААЛГАЛАА
Манай улс ХБНГУ-ын Засгийн газрын байгууллага болох Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгтэй 1990 оноос эхлэн хамтран ажиллаж эрх зүй, эдийн засаг, байгуль орчин, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт нийт 90 гаруй сая еврогийн буцалтгүй тусламж авч ажилласан билээ. Энэхүү хамтын ажиллагааны үндэс нь 1992 онд байгуулсан Техникийн хамтын ажиллагааны тухай БНМАУ-ын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Хэлэлцээр юм. Хэлэлцээр цаашид ч хүчин төгөлдөр хэрэгжих бөгөөд Германы тал тусламжаа бууруулахгүй гэдгээ илэрхийлээд байна. Дээрх Хэлэлцээр нь Олон Улсын гэрээний тухай Монгол Улсын хууль батлагдан гарахаас байгуулагдсан бөгөөд манай улсын эрх зүйн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотой зарим хүндрэл учирч байгаа юм. Тиймээс энэ асуудлыг хэлэлцээд, Хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд учирч буй бэрхшээлийг шийдвэрлэж ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болгов.
ФРАНЦЫН ЗАСГИЙН ГАЗАР ХYНСНИЙ ТУСЛАМЖ ОЛГОНО
Хүнсний тусламж олгох тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцээд, уг хэлэлцээрийг байгуулахыг зарчмын хувьд зүйтэй гэж үзлээ. Хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэн эрхийг Сангийн сайд Н.Алтанхуягт олгохоор тогтож Ерөнхий сайдын захирамж гаргахаар болов.
Энэхүү хэлэлцээрийн дагуу БНФУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 4320 тонн хүнсний гурил үйлдвэрлэх зориулалттай зөөлөн хүчит улаан буудай нийлүүлэхээ мэдэгдээд байна. Нийт 1,0 сая еврогийн өртөг бүхий энэхүү тусламжийн борлуулалтаас олсон орлогоор сан байгуулах бөгөөд тус сангийн хөрөнгийг Монгол Улсын эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангахад тус дэм болох салбаруудад зарцуулах юм.
ШОУХА-ТАЙ БАЙГУУЛАХ БУЦАЛТГYЙ ТУСЛАМЖ, ХYYГYЙ ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ЗYЙТЭЙ ГЭЖ YЗЛЭЭ
Эрчим хүчний системийн дамжуулах сүлжээний техник, эдийн засгийн судалгааг Шведийн олон улсын хөгжлийн агентлаг (ШОУХА)-ийн техникийн буцалтгүй тусламжаар 2000 онд хийж гүйцэтгэсэн юм. Уг судалгаагаа сүлжээний өнөөгийн байдалд дүгнэлт өгч шинэчлэлтийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлагатайг тодорхойлж, цогц хөтөлбөр боловсруулсан байна. Шинэчлэлтийн эхний шатны төслийн санхүүжилтэнд 10,0 сая ам.доллар шаардлагатай бөгөөд Дэлхийн банкнаас зөвлөмж болгосны дагуу ШОУХА-т төслийн санхүүжилтийн асуудлаар дахин хандсан юм. Удаа дараагийн яриа хэлэлцээний үр дүнд тус агентлаг төслийн санхүүжилтийг буцалтгүй тусламж, хүүгүй зээлийн хэлбэрээр хангахаар тохиролцоод байна.
ШОУХА-аас уг төслийн санхүүжилтэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийн 80 хувийг буюу 80,0 сая швед кроныг үүнийхээ 72 хүртэлх хувийг буцалтгүй тусламжаар, үлдэх 28 хувийг хүүгүй зээлийн хэлбэрээр олгохоор тохиролцоод байгаа бөгөөд хүүгүй зээлийн үндсэн өрийн төлбөрөөс эхний долоон жилд чөлөөлөгдөж, 2012-2019 онд төлж барагдуулах нөхцлөөр хэлэлцээрийн төсөл боловсруулаад байна. Энэхүү хэлэлцээрийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.
БYС НУТГИЙН АВТО ЗАМЫГ ХӨГЖYYЛЭХ ТӨСЛИЙГ ЗӨВШӨӨРӨВ
Азийн хөгжлийн банкны 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Авто зам хөгжүүлэх хоёр дахь төслийн хүрээнд Налайх-Чойр чиглэлийн улсын чанартай 200 км замыг барьж байгуулах ажлыг гүйцэтгэж байна. Энэ замын үргэлжлэл болгож Чойр-Замын-Yүд чиглэлийн 454 км хатуу хучилттай замыг Азийн хөгжлийн банк, БНСУ, БНХАУ-ын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэхээр тохиролцоод байна. Энэ замыг барьснаар Мянганы зам хөтөлбөрийн босоо тэнхлэгийн зам болон Азийн авто замын нэгдсэн сүлжээнд орсон АН-3 чиглэлийн замыг барьж бүрэн дуусгах юм. Замын ажлын зардлыг Азийн хөгжлийн банкны Тусгай сан, тус банкны Төв Азийн орнуудын бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр нийт 37.1 сая ам.долларын, БНСУ-ын Засгийн газар 23.9 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр, БНХАУ-ын Засгийн газар 50 сая юанийн буцалтгүй тусламжаар, мөн Монгол Улсын Засгийн газар 15.6 сая ам.долларын хөрөнгөөр тус тус санхүүжүүлэх тул энэхүү төслийг Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх хэмээн нэрлэсэн байна. БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Замын-Yүдээс тус улсын хил хүртэлх замын ажлыг санхүүжүүлэх юм. Энэхүү зам нь олон улсын дамжин өнгөрөх тээврийн зам болох бөгөөд Азийн хөгжлийн банкны тооцоолсноор төслөөс нийт 244.8 сая ам.долларын эдийн засгийн цэвэр ашиг гарах юм. Yүний 215 сая ам.долларын буюу 87.8 хувийн ашгийг Монгол Улсын авто тээврийн үйлчилгээ эрхлэгчид, зам ашиглагчид хүртэх аж.
Энэ асуудлыг хэлэлцээд, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд байгуулах Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх төслийн зээлийн гэрээг зарчмын хувьд зөвшөөрч, УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцсөний үндсэн дээр уг гэрээнд гарын үсэг зурах бүрэн эрхийг Сангийн сайд Н.Алтанхуягт олгохоор тогтлоо.
ХУУЛЬ, ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ УИХ-Д ОРУУЛЖ ХЭЛЭЛЦYYЛЭХЭЭР БОЛЛОО
Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар Байгаль орчны төлөв байдлын тайланг жил бүр боловсруулан танилцуулж байхаар тусгасан. Энэ ажлыг хоёр жил тутам хийж байхаар хуульд өөрчлөлт оруулахаар Байгаль орчны яамнаас хуулийн төсөл боловсруулсныг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн, Байгаль орчны төлөв байдлын 2003 оны тайлангийн мөрөөр авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд, зарчмын хувьд зөвшөөрч УИХ-д оруулахаар болов. Энэхүү тогтоолын төсөлд тоо толгой, нөөц нь цөөрч байгаа мазаалай, хавтгай, бөхөн, халиун буга, баданга, бараан хэрэм, монгол тарвага зэрэг амьтдыг хамгаалах, зоистой ашиглах менежментийн хөтөлбөр, боловсруулж хэрэгжүүлэх, хөнөөлт шавьж, түймэр, ашиглалтад өртсөн ойг нөхөн сэргээх, ой модны хулгайг таслан зогсооход чиглэгдсэн төрийн бодлого, эрхзүйн зохицуулалтыг боловсруулах, агаар, ус, орчны бохирдлыг багасгах, байгалийн гамшгаас сэргийлэх талаар дорвитой арга хэмжээ авах зэрэг асуудлыг тусгажээ.
ТАВДУГААР САРЫН ЭХНИЙ НЯМ ГАРИГ-ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ АЖИЛТНЫ ӨДӨР
Өнөөдөр Монголын газрын харилцааны байгууллага үүсэж хөгжсөний 50 жилийн ойн өдөр. Энэ салбарын үе үеийн ажиллагсад Монгол Улсын газрын ашиглалт судалгаа, эрэл хайгуул, нөөцийн сан бүрдүүлэх, захиран зарцуулах, нөхөн сэргээх, зохион байгуулалтын болон кадастр, зураглалын ажлыг нэр төртэй гүйцэтгэж ирсний дээр энэ салбарын эрх зүйн орчныг төлөвшүүлэх, боловсронгуй болгохтой холбоотой олон талт арга хэмжээг авч ирсэн юм. Монгол Улсад Газрын тухай багц хуулиуд батлагдаж, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлж эхэлсэн түүхэн энэ үед газар зохион байгуулалтын салбарын ажилтны өдөр бий болгох нь зүйтэй гэж үзэн, жил бүрийн тавдугаар сарын эхний Ням гаригийг Газрын харилцааны ажилтны өдөр болгохоор шийдвэрлэн холбогдох тогтоолд өөрчлөлт оруулахаар боллоо.
ДХБ-Д ХYРГYYЛЭХ ЗАСГИЙН ГАЗРЫН ИЛТГЭЛИЙГ ХЭЛЭЛЦЭВ
Монгол Улсын худалдааны бодлогыг Дэлхийн худалдааны байгууллага ирэх оны гуравдугаар сард хянан үзэх гэж байна. Yүнтэй холбогдуулан Дэлхийн худалдааны байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлэх Монгол Улсын Засгийн газрын илтгэлийг хэлэлцлээ. Илтгэлд Монгол Улсын эдийн засаг, худалдаанд өнгөрсөн хугацаанд гарсан гол өөрчлөлтүүдийг 1995, 1997, 2000 онуудтай харьцуулан тусгасан байна. Тус илтгэлийг хэлэлцээд зүйтэй гэж үзэн Дэлхийн худалдааны байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газарт энэ оны 12 дугаар сарын 17-ны дотор хүргүүлэхийг Yйлдвэр, худалдааны сайд С.Батболдод даалгав.
МОНГОЛ, УКРАИНЫ ХОЁР ТАЛЫН ХЭЛЭЛЦЭЭ ХИЙСЭН ТАЛААР ПРОТОКОЛ БАЙГУУЛАХЫГ ДЭМЖИВ
Украин Улс Дэлхийн худалдааны байгууллагад нэгдэн орох тухай мэдэгдлээ 1993 онд өгсөн бөгөөд тус улсыг элсүүлэх ажлын хэсгийг Дэлхийн худалдааны байгууллагаас мөн онд байгуулж, бүрэлдэхүүнд нь 48 гишүүн орныг оруулсан юм. Монгол Улс энэ ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтаж буй юм. Украин Улс 2005 онд Дэлхийн худалдааны байгууллагад элсэх зорилт тавьж ажлын хэсгийн гишүүн орнуудтай хоёр талын хэлэлцээ хийж байна. Энэ ажлын хүрээнд Монгол болон Украины төлөөлөгчид худалдааг өргөжүүлэх, харилцан зах зээлд нэвтрэх асуудлаар хоёр талын хэлэлцээ хийгээд дууслаа. Энэ тухай протокол байгуулахаар хоёр тал харилцан тохиролцсоныг зүйтэй гэж үзлээ.
ЭКС САЙД НАРТ ТЭТГЭЛЭГ ОЛГОХ АСУУДЛЫГ УИХ-Д ОРУУЛАХААР БОЛЛОО
Засгийн газрын гишүүн байсан хүмүүст тэтгэлэг олгох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Тогтоолын төсөлд, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан Ш.Батбаяр, Ч.Ганзориг, Ж.Гүррагчаа, Б.Жигжид, Д.Насанжаргал, П.Нямдаваа, Л.Эрдэнэчулуун нарт өмнө нь авч байсан үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэлгийг зургаан сарын хугацаагаар тооцон олгохоор заасан байна.
САНГИЙН ЯАМНЫ БYТЦИЙГ БАТАЛЛАА
Засгийн газрын тухай болон Яамны эрх зүйн байдлын тухай хуульд заасныг үндэслэн Сангийн яамны зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталж тогтоол гаргалаа. Энэхүү тогтоолын дагуу тус яам Эдийн засгийн нэгдсэн бодлогын, Салбарын бодлого, хөрөнгө оруулалтын, дотроо Зарлагын, Орлогын, Төсвийн нэгтгэлийн гэсэн гурван хэлтэстэй Төсвийн бодлого, зохицуулалтын, дотроо Захиргаа, хуулийн, Мэдээллийн технологийн, Хяналт, шинжилгээ-үнэлгээний гэсэн гурван хэлтэстэй Төрийн захиргааны удирдлагын, Санхүүжилт, тайлан, бүртгэлийн, Өрийн удирдлагын, төлбөр тооцооны гэсэн гурван хэлтэстэй Төрийн сангийн, Зээл, тусламжийн нэгдсэн бодлого, зохицуулалтын, Худалдан авах ажиллагааны бодлого, зохицуулалтын гэсэн долоон газар, Нягтлан бодох бүртгэлийн бодлого, арга зүйн гэсэн нэг бие даасан хэлтэстэйгээр ажиллахаар боллоо. Түүнчлэн уг тогтоолоор, сангийн яамны орон тоо, цалингийн санг УИХ-аар батлагдсан төсвийн дагуу 121 орон тоо, 178.8 сая төгрөг байхаар тогтоов.
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АГНАХ АМЬТНЫ НЭР, ТОО ТОЛГОЙГ ТОГТООВ
Ан агнуурын тухай хуульд заасныг үндэслэн 2005 онд тусгай төлбөртэйгөөр агнах, барих агнуурын амьтны тоо толгойг баталж тогтоол гаргалаа. Тогтоолд тусгагдсаны дагуу ирэх онд 80 угалз, 280 тэх, 60 хар сүүлт, 40 бор гөрөөс, 100 цагаан зээр, 10 зэрлэг гахай, 150 саарал чоно, 8 шилүүс мий, 1200 хүртэл ус, намаг, ой хээрийн агнуурын шувууг тусгай төлбөртэйгөөр агнуулна. Түүнчлэн 10 хүртэл толгой мануул мийг амьдаар нь тусгай төлбөртэйгөөр гадаадад гаргахаар тусгалаа. Мөн дээрх тогтоолоор, олон улсын ангийн үзэсгэлэн худалдаанаас зохион байгуулдаг ангийн дуудлага худалдаанд Монгол Улсаас угалз, тэх зэрэг агнуурын зарим амьтан агнах эрхийг дуудлагад оруулах арга хэмжээ авахыг Байгаль орчны сайд У.Барсболдод зөвшөөрөв.
МОНГОЛ УЛС ОУХМХА-НЫ АГЕНТЛАГТ ЭЛСЭНЭ
Олон улсын худалдааны мэдээлэл, хамтын ажиллагааны агентлагт элсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ байгууллага нь санхүүгийн нөөц хязгаарлагдмал хөгжиж буй болон шилжилтийн эдийн засагтай орнууд, түүний дотор жижиг, эмзэг эдийн засаг бүхий орнууд, ялангуяа нэн буурай хөгжилтэй орнуудад Дэлхийн худалдааны байгууллага ба олон улсын худалдааны тогтолцоонд үр бүтээлтэй оролцоход дэмжлэг, туслалцаа үзүүлэх зорилготой юм. Тиймээс тус байгууллагад элсэх нь зүйтэй гэж үзэн, Олон улсын худалдааны мэдээлэл, хамтын ажиллагааны агентлагийг Засгийн газар хоорондын байгууллага болгон байгуулах тухай Хэлэлцээр-т гарын үсэг зурах бүрэн эрхийг Монгол Улсаас НYБ-ын Женев дэх салбар болон Олон Улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Бэхбатад олгохоор шийдвэрлэн Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов.
Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ
2004.12.15