М.Энхсайханыг АН-ын даргын суудалд нь хэвээр үлдээх урьдчилсан нөхцөл бүрдэж байна уу?

Өнгөрсөн зуны УИХ-ын сонгуулийн дараа уг нь АН ҮЗХ-гоо хуралдуулах ёстой байсан ч амжилтандаа бялуурсан уу, яасан яагаад ч юм хойшлогдсоор ийнхүү хэдэн сарын дараа хуралдах гэж байна. Энэ хурлаар хэлэлцэх асуудлын тов дараахь байдлаар гарч байгаа сурагтай. Эхлээд УИХ-ын болон орон нутгийн сонгуульд Эх орон-ардчилал эвсэл, тэр дундаа АН хэрхэн оролцов гэдэг асуудлыг хэлэлцэх нь тодорхой. Дараа нь намын удирдлагын бүтцийг өөрчлөх, эсэх, намын даргыг солих эсэх гээд нэлээн халуун асуудлууд хөндөгдөнө. Эцэст нь Эх орон-ардчилал эвслийн
гэрээг сунгах, эсэх асуудал яригдах бололтой. Ардчиллынхан гэж өөрсдийгөө дөвийлгөдөг АН-ынхан уг нь өнгөрсөн зун намын одоогийн дарга М.Энхсайханы хүчин чармайлтаар байгуулсан Эх орон-ардчилал эвслийн нэрээр дөрөөлөн УИХ-ын сонгуульд амжилттай оролцож парламентын суудлын талыг эзлэн, гүйцэтгэх засаглалыг 50 хувиар эзэмших эрхтэй болсон.
Тус намын дэд дарга Л.Гүндалайн утопи хүсэл болох Монгол Улсын 0-18 насны хүүхэд бүрт сар болгон олгох Итгэлийн 10 мянган төгрөг хэмээх амлалт ч асар том нөлөө үзүүлсэн. Гэвч үнэн хэрэг дээрээ АН-ыг дахин төр засгийн эрх барилцах төвшинд гаргаж ирсэн гавъяатай М.Энхсайхан, Л.Гүндалай нар бялуунаас хоцорсон. Яаж ч бодсон тодорхой албан тушаалгүй, байр суурьгүй тэдний ирээдүй бүрхэг гэж таамаглаж болохоор. Энэ үүднээсээ М.Энхсайхан, Л.Гүндалай нарыг намын удирдлагынх нь суудлаас буулгана гэсэн яриа гараад байгаа юм. Ер нь АН-ын ҮЗХ-ны хурал тус намын фракцуудынх нь зөрчил, тэмцлийн огтлолцол мөн болохын хувьд нэлээд ширүүн уур амьсгал дунд болж өнгөрөх нь нэгэнт уламжлал болон тогтсон асуудал. АН гэдэг 1989-1990 оны заагт байгуулагдаж байсан МоАН-аас эхлээд түүнээс хойшхи хугацаанд Монгол дахь олон намын түүхийг зузаатгасан 30 гаруй намаас нэлээд олныг залгисан том сав. Энэ өнгөнөөсөө олон ургальч үзлийг тунхагладаг хэдий ч энэ далбаан дор анархист үзэлтэй лидерүүд нь асар олон фракци, бүлэглэл үүсгэсэн байдгийг бид мэдэх билээ.
Одоогоор АН-д намын дарга М.Энхсайханы, Алтангадас-ын, Зүүн хойд Ази-ийн, Залуучууд-ын гээд үндсэн дөрвөн бүлэглэлээс гадна өнөөгийн Ерөнхий сайд Ц.Элбэгдорж хуучны МоАХ фракциа маш хурдан хугацаанд байгуулснаар таван бүлэглэл үүсээд байна. Гэхдээ АН-д М.Энхсайханы хүч нөлөө буурахын хэрээр түүний бүлэглэлд багтаж байсан зарим нөхөд Ц.Элбэгдоржийн МоАХ болон Р.Гончигдоржийн Алтангадас руу урваж байгаа тухай мэдээлэл ч түгээд байгаа. Үүний зэрэгцээ эвсэл сонгуульд амжилт үзүүлэхэд хувь нэмрээ оруулсан зарим хүмүүс тухайлбал Л.Гүндалай гэхэд л өөрийн Итгэлийн мөнгө амлалтаа өгүүлөх хөдөлгөөн гээчийг байгуулсан нь АН дотор зургаадахь буюу Итгэлий мөнгө фракци үүсэхэд хүрээд байгаа тухай яригдах болжээ. Мөн зунжин, намаржин нөхдөөсөө суудал, бялуу горилсон Д.Дорлигжав, С.Эрдэнэ, До.Ганболд, З.Мөнхбат гээд Алтангадас болон М.Энхсайханы бүлэглэлийн гол хүмүүс гэж өөрсдийгөө боддог эрээвэр хураавар нөхдүүд гомдол, цөхрөлдөө хүлэгдчихсэн явна. Олонхи судлаачид, улстөрийн хүрээнийхэн АН-ын бүлэглэлүүд, тэдгээрийн гомдогсод гээд ҮЗХ-ны хурлаа хэрүүл тэмцлийн индэр болгохоор улайрна гээд мөрийцөхөд ч бэлэн байна. Гэхдээ мэдээж бүгд тийм биш. Ерөнхий сайд Ц.Элбэгдорж л гэхэд нам доторхи эе эвийн бэлгэ тэмдэг болж буйнхаа хувьд ҮЗХ-г нэгдэл нягтралын үлгэр жишээ хуралдаан болгон харуулах зорилго тавиад байгаа гэнэ. Үүгээр ч зогсохгүй Ц.Элбэгдоржийн зүгээс намын даргаас М.Энхсайханыг авч хаяхгүй байх тухайд ч шум дэгдээсэн байна. Энэ нь нэг талаас АН-ынхан үргэлж л хэрэлдэж, хөнжилдөө багтахгүй тэмцэж байдаг гэсэн ойлголтын эсрэг, нөгөө талаас 1996 онд АХ эвсэл сонгуульд ялахад Ц.Элбэгдорж, М.Энхсайханд Ерөнхий сайдын суудлаа алдсан, сая 2004 онд эсрэгээр эргэсэн, одоо намын даргаас нь ч огцруулж өш хонзон авах гэж байна гэдэг ойлголтын эсрэг Ц.Элбэгдоржийн явуулж буй арга хэмжээ гэнэ.
Ер нь эвсэл, АН-ынхнаас хамгийн том бялуу хүртсэн Ц.Элбэгдоржийн хувьд М.Энхсайханыг намын даргаас нь огцруулах сонирхол төдий л байхгүй гэнэ. Учир нь намын даргыг солилоо гэхэд Ц.Элбэгдорж АН-ын дарга бололх хамгийн өндөр магадлалтай хүн. Гэвч түүний хувьд М.Энхсайханыг тонгорч хаячихаад эргээд Мэхт мэхэндээ гэгч болохын оронд хоёр жил Засгийн газраа огцруулчихгүй шиг аваад явах нь туйлын чухал сонголт юм. Тиймээс ч Ц.Элбэгдорж АН-ын ҮЗХ-ны хуралд эе эвийг сахиулж, М.Энхсайханыг намын даргаар нь үлдээх арга чаргуудыг хэрэгжүүлж эхэлжээ. Өчигдөр л гэхэд эвслийн бүлэг даргаа сольж, С.Оюуны оронд М.Энхсайханыг тавьж дэд даргынх нь нэгээр Л.Гүндалайг сонгожээ. Энэ бол Ц.Элбэгдорж болон Алтангадас-ынхны хийж буй эвийг хичээсэн ажиллагаа бололтой. Өнөөдөр бүх л бодлого шийдвэр эдний дохио зангаагаар хийгдэж буй учир эл таавар тийм ч хол зөрөхгүй болов уу. Хэрвээ ҮЗХ-ны хурлаар намын даргын байр суурь хөдлөхөд хүрвэл АН дахь бусад бүх зүйл бужигнаж эхэлнэ. Ингэх нь эвслийн нэрээр хамаг л том бялууг эзэгнэж суугаа хүмүүсийн хувьд ашиггүй.
Нөгөө талаар М.Энхсайханаар оролдвол түүний зүгээс Итгэлийн мөнгө-ийг олгуулаагүй гэдгээр Ц.Элбэгдоржийн эсрэг босох хангалттай шалтгаан бий. Гэхдээ энэ бүх асуудал АН-ын ҮЗХ-ны хурал дээр хүчтэйгээр гарч ирэхгүй нь тодорхой болж байх шиг байна. М.Энхсайханд эвслийн бүлгийн дарга болсноор намын даргын байр сууриа хадгалж үлдэх боломж нээгдэж буй. Үүнийг гэхдээ Ц.Элбэгдорж, Р.Гончигдорж нар бүрдүүлж өгснийг тэр мэдэж буй эсэх нь бүү мэд. Ямартаа ч АН дахь гол бүлэглэлүүд өөр өөрсдийн эрх ашгийн үүднээс бие биеэ аргадаж эхэллээ. Онцлог нь ингэлээ гээд АН-ын ҮЗХ-ны хурал аядуу намдуу болчихгүй. АН-ын ҮЗХ-ны хурал дээр гомдол тавьж, шуугиан тарих хүмүүсийн тэргүүнд 7-8 албан тушаалд очих нь гэж шуугисан ч очоогүй Д.Дорлигжав, зөөлөн бялуунаас зүсэм авах нь тодорхой гэдэг ч үртэс ч олж авч чадаагүй До.Ганболд, С.Эрдэнэ, З.Мөнхбат гээд л жагсч байгаа сурагтай. Мөн Р.Амаржаргал, Д.Одхүү, Я.Санжмятав нар ч гомдоллогсдын эгнээг тэлэх бололтой.
Сая болж өнгөрсөн ардчилсан хувьсгалын 15 жилийн ойн үеэр ч зарим нэг хүн гомдол, бухимдлаа илэрхийлж байсан гэлцэнэ. Мөн экс соцдек П.Улаанхүү, Ч.Чулуунбаатар нарын зүгээс ч нэлээд хүчтэй гомдол санал тавих сураг байна. Үндэсний цөөнх гэгддэг Баян-Өлгийгийнхний төлөөлөл бас бий. Тэд УИХ-д сонгогдлоо гэхэд манай казахуудаас ядаж нэг дэд юм уу жинхэнэ сайд томилогддог байсан ч энэ удаа… гээд л гомдлоо урсгах бололтой. Эцсийн асуудал болсон Эх орон-ардчилал эвслийн гэрээг сунгах эсэхийн тухайд АН-ын ҮЗХ-ны ихэнх гишүүд сунгах санал өгөхөө илэрхийлэх бололтой. Гэхдээ зарим нэг хүний хувьд одоо нэгэнт МАХН-тай тохироод Засгийн газар байгуулчихсан учир Эх орон- МАШСН, ИЗ-БНН бидэнд ямар хэрэгтэй юм гэж байгаа ч гэлцэнэ. Ямар ч гэсэн АН-ын хувьд эвслийн гэрээг сунгах нь амин асуудал хэмээн Ерөнхий сайд үзэж байгаа сурагтай. Тус нам дахь бусад томоохон фракцуудын эрх ашгийн хувьд ч энэ нь мэдээж зөв байх.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button