Жүжигчин Аглуу нууц хүүгээ эргэж очсоноос болж Дорнодын нэгэн сайхан гэр бүл салахдаа тулжээ

Найман сард машинаар хүн дайрсан хэрэгт орооцолдсон. Одоо ч энэ хэрэг шийдэгдээгүй байгаа. Гэтэл энэ зун Дорнод аймагт байдаг өөрийн ганц нууц хүүгээ эргэж очих гээд нэгэн гэр бүлийг түйвээжээ. Аглуугийн нууц хүү Төгөлдөрийн ээж В.Ганцэцэг нь сумандаа төдийгүй аймагтаа царай зүс, бие хаагаараа гайхагддаг нэгэн бөгөөд хэдэн жилийн өмнө Дорноддоо толгой баян, хур хөрөнгөтэй айлын хүүтэй гэрлэж дахин нэг хүүхэд төрүүлсэн юм. Тэр хоёр нутаг усандаа л Юндэн Нансалмаа гэгдсэн сайхан хосууд ажээ. Гэвч хошин урлагийн алдарт жүжигчин Аглуу гэнэт ухаан орсон юм шиг өнгөрсөн зун Дорнодын Сэргэлэн суманд морилон залуу насны дурсамж болсон нууц хүүгээ эргэн очсон нь энэхүү гэр бүлийг ёстой нэг түйвээж орхисон гэнэ. Эхнэрийнхээ анхны хүүхдийг Аглуугийн хүүхэд гэдэгт итгэдэггүй байсан гэрийн эзэн үүнээс болоод сэтгэлийн гүн хямралд орж нэг хэсэгтээ сархадад дурлан эхнэр хүүхдээ хаяхдаа тулсан нь нутаг усныханыг нь ч багагүй сандаргажээ. Сумынхаа ганц нүүр царай болсон энэ сайхан гэр бүл Аглуугаас болж ийнхүү салж нийлэхдээ тулсанд нутгийн хөгшид ч багагүй эмзэглэн бараг л хөөж туухдаа тулан түүнийг нэг юм буцаажээ. Анхны хайрын эзэн Ганцэцэг нь ч сураг чимээгүй байж байж ирсэн гэнэтийн зочиноос нүүр буруулан энэ намар нэгдүгээр ангид орж буй хүүтэй нь уулзуулахыг хүсээгүй аж. Аглуугийн анхны хүү Төгөлдөр нь эдүгээ долоон настай бөгөөд Аглуугийн хүү биш гээд хэлчихвий гэмээр хачин адилхан торомгор нүдтэй хөөрхөн банди байдаг юм байна. Ганцэцэг гэдэг энэ эмэгтэй жүжигчин Аглуутай Дорноговийн анагаахын коллежид байхдаа танилцсан гэх бөгөөд тухайн үедээ энэ хоёрын хайр сэтгэл нь оюутнуудын атаархлыг төрүүлсэн Монголын Ромео Жульеттагийн түүх байсан гэнэ лээ.
(2004.12.15, Монгол төрх)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button