Франц сая еврогийн үнэтэй улаан буудай өгөхөөр боллоо

Нийт 4320 тонн буудай нь хүнсний гурил үйлдвэрлэх зориулалттай аж. Уг буудайг хүнсний тусламжийн чанар шаардлагын үзүүлэлтүүдийг бүрэн хангасан гэж Европын комиссоос дүгнэсэн байна. Франц улс манай улсын хүн амын тогтвортой хөгжлийг баталгаажуулах үүднээс 2002 оноос эхлэн хүнсний тусламж үзүүлсээр ирсэн. Энэхүү тусламжийн хэрэгжилтийг зохицуулахааар хоёр тал Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц улсын Засгийн газар хоорондын хүнсний тусламж олгох тухай гэрээнд манай талаас Сангийн сайд Н.Алтанхуяг Францын талаас тус улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Шапүй нар өчигдөр гарын үсэг зурлаа. Бид Францаас өгч буй улаан буудайн тусламжийг юунд зарцуулах талаар Сангийн сайд Н.Алтанхуягаас лавлахад, Улаан буудайг дотоодын гурилын үйлдвэрүүдэд худалдаж борлуулалтаас олсон орлогоор сан байгуулахаар төлөвлөж байна. Тус сангийн хөрөнгийг манай улсын эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангахад тус дэм болох мал аж ахуй, газар тариалан зэрэг хөдөөгийн хөгжлийг дэмжих салбаруудад зарцуулна гэлээ.
/2004.12.16 Монголын мэдээ/