Yүний төлөө хаан сонголт хийсэн гэж үү

Яг нарийндаа хуулийнх нь дагуу авч үзсэн бол Өвөрхангайн 24, Баянзүрх дүүргийн 59 дүгээр тойрогт Эх орон-Ардчилал эвслээс нэр дэвшигч ялсан байж ч болзошгүй. Ийм дүн гарах юм гэж эрх баригч МАХН, парламетад хоёрхон суудалтай АН-ын удирдлага, тэр ч байтугай бие даагч гурав ч зүүдлээгүй биз ээ. Урьдынх шигээ хамаг суудлыг эс гэхэд дийлэнх олонхийг нь баттай авна гэж хөөцөглөн ялалтаа нижгэр тэмдэглэхээр зэхэж байсан МАХН-ынхан бүр шоконд орчихов. Бантаж балмагдсан Ерөнхий нарийн бичгийн дарга нь Бидний санаанд нийцээгүй учир сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж ам алдах нь тэр. Санаанд оромгүй амжилтдаа сэтгэл хөөрч, хөл нь газар хүрэхгүй шахам баярласан эвслийн зарим нөхөд /Э.Бат-Үүл, Л.Гүндалай, Б.Мөнхтуяа/ туг дарцаг барьж, уриа лоозон хашгирсаар баахан партизан дагуулаад Монголын үндэсний радио, телевизийн байр руу халдав. Тэр байр угнь төрийн хамгаалалттай. Тэгээд тийм газар гуу хаалга, үүдийг нь хэмхчээд ороод явчихыг халдлага гэж нэрлэхэд зөөлдөнө үү гэхээс хатуудахгүй. Большевикууд өвлийн ордынг, хожим хунтынхан Ла Монеда-г ингэж л дайрсан юм билээ. Ялгаа нь тэд буу, зэвсэгтэй байсан. Харин Э. Бат-Үүл нарт
тийм юм байгаагүй. Тэд дотогш ороод үндэсний радиогийн эфирийн өрөөнд нэвтэрч, Э.Бат-Үүл Л.Гүндалай хоёр Одоо л бид эрх чөлөөтэй болж, үгээ хэлэх цаг ирлээ хэмээн ам уралдан хашгирч баайсныг Монголын ард түмэн харсан. Анархимсууд тийн ялалтын марш гишгэсэн, тэр онцгой объектыг зүй нь Монголын төр хамгаалах үүрэгтэй. УИХ-д сонгогдсон нэртэй, бүрэн эрх нь хуулиар баталгаажаагүй тэр даврагчдыг тийш оруулахгүй байх учиртай. Төр тэр эрхэм үүргээ биелүүлж чадаагүй, хөсөрдүүлсэн. Тангараг өргөж, төрийн нэрийн өмнөөс тэр эрхэм үүргийг гүйцэтгэдэг хамгаалагч нар үүргээ огтхон ч биелүүлээгүй. Нэг үгээр хэлбэл тангаргаасаа няцсан хэрэг. Тангараг өргөнө гэдэг сахилгагүйтээд алган боов хүртсэн бяцхан хүү Ээж ээ, би дахиад тэгэхгүй ээ гэж хэлэхтэй огт адилгүй.Тангаргаасаа няцвал төрийн хуулийн дагуу хатуу цээрэл хүлээх учиртай. Дайны цагт бол урвагч хэмээн шууд л буудна гэсэн үг. Гэтэл үндэсний радио, телевизийн байрыг хамгаалж байсан /элэнцэгнийх нь хамгаалах байх вэ дээ/ хамгаалагч нар урвагч, хулчгар зангаа юу гэж зөвтгөж тайлбарласан гэж бодно. Хэрвээ бид тэднийг дотогш оруулахгүй гэж эсэргүүцсэн бол мөргөлдөөн гарах байсан Тэдний тайлбар ердөө энэ. Тангаргаасаа няцсан гутамшигт үйлдлээ харин ч мөргөлөөн гарахаас урьдчилан сэргийлсэн үлэмж гавьяа мэтээр үзэж байна. Ичгүүртэй биш үү. Өтөл настай эх хүртэл буу, зэвсэг агссан харийн түрэмгийлэгчдийн нүүрийг эгцлэн ширтэж байгаад Цогт тайжийн цагаан байшинд юун улс, юу гэж ирэв гэж асуудаг биз дээ.
Алба, амины ажлаар РТХЭГруу орох хэн хэнд тэдний босго мундаг өндөр. Өнөөх хамгаалагч нэртэй, төрийн хувцастай мануухай ширүүн дориун гэж сүртэй, ааш зан хэрцгий Хойшоо бай, холд, зайл, цүнхээ нээ, гээд л. Бөөсөнд хутга гаргаж буй нь тэр. Харин ямар азаар тэнд байсан хамгаагчдыг улсын дархан хил дээр манаанд гараагүй юм бол. Тэгсэн бол хил зөрчигч ороод ирэхэд мргөлдөөн гархаас болгоомжлоод гохоо ч дарж амжилгүй амиа хоохойлж үлдэх нь л дээ. Дайран орогчдын нэг, хэний ч танихгүй эмэгтэй Би УИХ-ын гишүүн Б.Мөнхтуяа байна гэж ичих ч үгүй томорч байсан. Тэгэхэд тэр ч, Э.Бат-Үүл ч парламентийн гишүүний тангаргаа өргөөгүй байсан. Тэд одоо УИХ-ын танхимд их л эх оронч, ард олны үнэн итгэлт төлөөлөгчийн дүр эсгэж, гэмгүй царайлж суухдаа дээрх үйлдлээ хэрхэн цайруулж суудаг юм бол. Хэзээ, хэн ч гаргасан юм бэ, бүү мэд хаан сонголт гээд нэг гоё үг бий болов. Дээрх халдлага хийх эрхийг тэрхүү хаан
сонголт олгосон болж таарч байна. Хаан сонголт-ын дараачаас л Монголын төрд элдэв муу юм шүглэчихэв. Зөвшилцөл гээч юмыг хэдэн сарын турш хийв. Одоо ч
үргэлжилсээр. Тэнцүү шахам суудал авсан нам, хүчнүүдэд зөвшилцөж тохироцохоос өөр зам байхгүй. Гэхдээ энд ганцхан л зарчим байх учиртай. Бүхнийг хуулийн хүрээнд Монгол Улсын эрх ашигт нийцүүлэн зөвшилцөх учиртай. Гэтэл одоогийн зөвшилцөлд эх орон, ард түмний нийтлэг эрх ашиг гэхээсээ илүүтэй нам, бүлэглэл, хувь хүний эрх ашиг, амбийцийг урьтал болгож байгаа нь нууц биш. Төрийн томчууд маань хоорондоо
таарамж муутай. Олны нүдэнд хааяа хамтдаа ил гарахаараа бие бие рүүгээ хуурамч инээмсэглэл чиуудаад амилсан бурхны дүр эсгэх атлаа бусад үед бие биетэйгээ бараг дуугардаггүй, хүйтэн хямсгар гэж жигтэйхэн. Хэд хэдэн бүлэглэлд хуваагдчихсан. Энэ тэрний фракц, Тэр түүний хүнгэх мэтээр талцана. Бие бизэ
есөн жороор доромжлох нь хэрээс хэтэрчээ Траншейны хүүхдүүдийн амнаас ч гармгүй муу муухай үгээр нэгнээ дайрч, доромжилно. Ерөнхий сайд нхүртэл УИХ-ын гишүүнээ
муу нойлоо /жорлонг хэлж байна/ гэх жишээтэй.Хэн хэнийхээ идэж уусныг дурдаж, шударга царай гаргана. Тэр байтугай зодолдоно. Сайд сайдаа алгадна, УИХ-ын гишүүн нь сайдыг багалзуурдана, хэн хэгнээ зодож цустай нь хутгана. Ийм л дүр төрх, ааш авиртай төрийн түшээд Монголын төрийн алтан жолоог атгаж байна. Одоо энэ мэт хэчнээн төрийн хутгуур ил далд аргаар төрд шургалахыг урьдчилан хэлэхэд хэцүү.
Төрийн ялзрал түшмэдээсээ эхэлдэг юм гэнэ билээ. НАХЯ-ны мэдээлэгч байсан нэг зодоонч эр Монгол Улсын тагнуулын байгууллагыг толгойлох болов. РТХЭГ-ын дарга байхдаа УИХ-ын гишүүнийг салм нүдээд, албаны жийпээ өөрөө жолоодоод л энд
тэндхийн баар хэсч, архидаж явдаг нөхөр байсан шүү дээ. Үүнийг уншаад маргааш ирж намайг зодож ч мэднэ. Нам болгоны хаалга татаж, дөчин хэд хүртлэээ улсад бараг ажил хийж үзээгүй нэг нөхөр ЦЕГ-ын дарга болох санаатай юм яриад л гүйж байна.
Баахан өр зээлтэй улс төрийн түшээд гэж нэрлүүлээд л. Би тийм сайд болъё. Гэж улайм цайм гуйж байна. Тэгэхгүй бол хэмээн сүрдүүлж байна. Намайг дэд сайд болгож өгөөч гэж дарга нартаа өргөдөл бичиж байна.Төрийн байгууллага, аль ч шатанд
авилга, хээл хахууль хуурай өвсний түймэн мэт гаарлаа. Орон нутгийн сонгууль болоод өнгөрөв. Одоо болтол зарим аймгийн Засгийн дарга тодроогүй. Аймгаас нэр дэвшүүлээд ирүүлснийг нь Ерөнхий сайд батламжилдаггүй.
Элдэв болзол, шаадлага тавиад л Дээрээ ч суудлаа олохгүй, дороо ч гүйдлээ олохгүйн үлгэр энэ дээ. Үүний төлөө тэр хаан сонголт-ыг арай хийгээгүй байлгүй дээ. Ийнхүү төрийн алба хүүхдүүд айл гэр болж тоглохоос ч долоон дор юм болчихлоо гэж үү дээ. Энэ маягаар
бол ирэх жил болох болох Ерөнхийлөгийн сонгуульд МУЕАХҮХН Монгол Улсын Ерөнхийлөгчийн алыг хашиж үзэхийг хүсэгчдийн нам/-аас хэн нэг албан тушаалд дуртй нөхөр нэр дэвшээд ялчихыг байг гэх газаргүй. Монгол Улсын хууль дүрэм байна
уу, зөндөө байна. Хэрэгждэг нь алга. Хууль сахиулдаг байгууллага байна уу, байна, цөөдөөгүй. Хэрэгжүүлэдг, сахиулдаг нь байхгүй. Монголд тэр байна уу, байх шиг байна. Даанч тэр нь төр шиг төр биш боллоо. Энэ Монголын төрд юу шүглэчихнь энэ вэ, та минь ээ.
/2004.12.16 Зууны мэдээ/