Ерөнхий сайд Дорнод Сүхбаатар аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийг Тосон –Уулын 19 дүгээр хайгуулын талбайд угтан авч компанийхаа үйл ажиллагааны талаар танилцуулахдаа дурьдав.
Эх орны зүүн хязгаар Дорнод, Сүхбаатар аймагт хийж буй томилолтоо Ерөнхий сайд ийнхүү Тамсагаас эхэлсэн юм. Английн СОКО компани Монголд газрын тосны хайгууль, олборлолтын үйл ажиллагаа эрхлээд 10 гаруй жил болж буй бөгөөд энэ салбарын анхны хөрөнгө оруулагч юм.
СОТАМО ХХК-ийн хайгууль үнэлгээний цооногууд дээр нийт 40 гаруй монгол ажилчид 2 ээлжээр ажилладаг бөгөөд ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд компаний удирдлагууд ихээхэн анхаардаг байна. Ерөнхий сайд дагалдан яваа хүмүүсийн хамт зарим ажилчдын тохилог, дулаан байраар орж сонирхлоо. Компаний тээвэрлэлтийн ажлыг БНХАУ-ын компани гүйцэтгэдэг аж. Хятад ажилчдын сууринг монгол ажилчдынхаас тусад нь байгуулсан байх бөгөөд Хээрийн энэ жижигхэн сууринд гэрэл, цахилгаан, телефон холбоо, интернетийг холбох ажлыг хүртэл шийдвэрлэж чаджээ. Түүнчлэн тэд дэлхийн зах зээл дээрхи газрын тосны үнийн хэлбэлзлийг өдөр, өдрөөр ажиглаж ажилладаг юм байна.
Түүнчлэн Газрын тосны Хэрэг эрхлэх газрын дарга О.Даваасамбуу салбарынхаа болон СОКО ХХК-тай явуулсан хамтын ажиллагааны талаар Ерөнхий сайдад танилцууллаа. Газрын тосны хэрэг эрхлэх газар СОКО компанийн хайгуулын лицензийг 2010 он хүртэл 5 жилийн хугацаагаар сунгаад байна. Цаашид хангамж буюу газрын тосны бүтээгдэхүүний болон боловсруулах үйлдвэрийн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байгааг тэрээр онцолсон юм. Гэхдээ боловсруулах үйлдвэрийг дотооддоо байгуулж ажиллахад олборлолт болон хайгуулын нөөц одоогоор хангалттай биш байгаа юм.
Ерөнхий сайд Тосон-Уулын талбайн 19 дүгээр талбайн 12 дугаар цооног очиж сонирхлоо. Энэ цооногоос өдөр дунджаар 85 баррель буюу 12-13 тн газрын тос олборлодог юм байна.
СОТАМО ХХК туршилтын олборлолтоор олборлож байгаа газрын тосоо түүхий эдээр нь 150 км-ийн зай дахь Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор экспортлодог бөгөөд бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасны дагуу Монгол Улсын Засгийн газарт ноогдох хувийг бэлнээр төлдөг ажээ.
Ерөнхий сайд СОТАМО ХХК-ийн ажилтай танилцсаны дараа Бичигтийн боомтод хүрэлцэн очлоо. Ерөнхий сайдыг Гаалийн Ерөнхий газрын дарга Х.Баатар угтан авч ажил байдлаа танилцууллаа. Тус боомт одоогоор улиралын чанартай боловч газрын тосны экспортыг өдөр бүр хийдэг аж Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр тус боомт байгаа ажиллагаатай болох бэлтгэл ажил хангагдаад байгаа юм. Бэлтгэл ажлын хүрээнд 2003 оноос эхлэн зам талбайн өргөтгөл, боомтын барилгын засварын ажлыг хийж, 2004 онд 8 айлын орон сууц, агуулах, 2 машины гарашын цогцолборыг иж бүрнээр нь барьж байгуулахад сүүлийн 2 жилд 300 гаруй сая төгрөгний хөрөнгө оруулалт хийжээ. Түүнчлэн 100 тн-ын авто пүү, цэвэр усны гүний худаг, 2004 онд гаальчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулан халуун ус жижиг бассейн, саун зэргийг барьж байгуулахад 50 гаруй сая төгрөгийг зарцуулсан бөгөөд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар улсын хилээс боомт руу 2 км өндөр хүчдэлийн шугам, дэд өртөөний хамт барьж эрчим хүчний асуудлыг шийдвэрлэжээ. Боомт дахь гааль, хилийн цэрэг болон гаалийн жуучлалын албадууд харилцан уялдаатай ажилладаг байна. Боомтод гаалийн жуучлалын ажиллагааг Туушин ХХК гүйцэтгэдэг ажээ. Боомтын ажилтнууд Бичигтийн боомтыг байнгийн үйл ажиллагаатай болох гэж байгаад сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байлаа.
Дараа нь Ерөнхий сайд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хүрэлцэн очиж, тус суманд байгуулсан Салхин цахилгаан станцыг хүлээн авлаа. Түлш, эрчим хүчний ерөнхий газар, ХБНГУ-ын Астле компанийн хооронд 2004 он байгуулсан гэрээний дагуу ХБНГУ-ын Астле компани тоног төхөөрөмжийг нийлүүлж, барилга угсралтын ажил эхэлсэн бөгөөд тус салхин цахилгаан станцын барилга угсралт, тоног төхөөрөмж суурилуулах ажлыг 2004 оны 10 дугаар сард хийж дуусгажээ. Салхин станцын суурилагдсан хүчин чадал нь 100клвт бөгөөд салхины хурд 2,5 м/с байхад станц ажиллаж эхэлдэг бөгөөд салхины хурд 13-14 м/с болоход бүрэн хүчин чадлаа авдаг. Энэхүү салхин цахилгаан станц бүрэн хүчин чадлынхаа 70 хувиар ажиллахад жилдээ 280 мянган клвт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой юм байна.
Салхин цахилгаан станцыг ашиглалтанд хүлээн авах ёслолын ажиллагаан дээр Ерөнхий сайд хэлсэн үгэндээ, Төв суурин газраас алслагдсан сум, сууринг төвийн эрчим хүчээр хангах асуудал бэрхшээлтэй юм. Иймд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах асуудалд Засгийн газраас ихээхэн анхаарал тавьж тодорхой хөтөлбөр боловсруулан ажиллаж байна. Цаашид ийм цахилгаан станцыг олон газар барих төлөвлөгөөтэй байна. Гэрэл цахилгаантай байна гэдэг бол айл гэр, албан байгууллага бүрийн хувьд үйл ажиллагаагаа эрчимтэй явуулах, амьдралын баталгаагаа хангахад чухал ач холбогдолтой юм гэдгийг онцлон тэмдэглээд, эх орны хөгжлийн гол тулгуур эх үүсвэр нь эрчим хүч юм. Өнөөдөр Монголын анхны салхин цахилгаан станц ашиглалтад орж байгаад баяртай байна гэдгээ Ерөнхий сайд илэрхийллээ.
Өнөөдөр үдээс хойш Ерөнхий сайд, дагалдан яваа хүмүүсийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод хүрэлцэн ирж, ажиллаж байна.

Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба
2004.12.16

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button