Хувьсгалт намын экс лидерүүд зай барьж байна

Хувьсгалт намд залуучуудын эзлэх байр суурь огцом нэмэгдэж
цагтаа Хувьсгалт намын асар басар гэгддэг байсан хоёр Доржийн нэг Шаравдорж гишүүний үүрэг роль ч эрс багасч байгаа бололтой. Намрын чуулган эхэлснээс хойш өрөөндөө Саран Хөхөөний тууж уншиж нэг хэсэг гиюүрч суусан эрхэм гишүүн саяхан хэл чимээгүйхэн шиг АНУ -ыг зорилоо. Тэрээр Америкт чамгүй удах бололтой. Харин Дорноговьчууд УИХ-д дөрвөн удаа сонгогдсон Шаравааг Хувьсгалт нам байнгын
хорооны дарга ч үгүй үлдээсэнд гомдолтой байгаа гэнэ. Үүнээс гадна УИХ-ын гишүүн асан Ганбямба ЗГХЭГ-ын дарга асан Ө.Энхтүвшин зэрэг лидерүүдээ ч Хувьсгалт намынхан албан тушаалын гадна үлдээлээ. Экс гишүүн Ганбямбыг Боловсрол соёл шинжлэх ухааны яамны дэд сайдаар томилох санал намын Удирдах зөвлөлд нэг бус удаа яригдаж байсан ч энэ санал дэмжигдсэнгүй. Түүнийг УИХ-ын сонгуульд тойроггүй үлдээж, эцэст нь ямар нэг албан тушаалгүй хоцроосонд нэг бус хүн дургүйцэж байгаа сурагтай. УИХ-ын дарга гэдэг өндөр албан тушаал хашиж байж АН-ын нэг компанийн захиралд ялагдсан Төмөр-Очирт дэд сайдын суудал гомдлоо, жижигдлээ гэдэг
маргаан Хувьсгалт нам дотор бий болчихоод байна. ЗГХЭГ-ын дарга Ө.Энхтүвшинд намын удирдлагууд Зам тээвэр, аялал жуулчлалын яамны дэд сайдын суудлыг өгнө гэж амлаж байсан гэдэг. Жуулчдын хамгийн их сонирхлыг татдаг Хөвсгөл нутгаас төрсөн хүү энэ албыг авснаар 2008 оны сонгуульд Хөвсгөлөөс дахин сонгогдох магадлалтай болно гэж цээжний хонжоо хийж суусан. Гэвч түүний бодол талаар өнгөрч Зам тээвэр, аялал жуулчлалын яамны дэд сайдаар Шийлэгдамбыг сонголоо. Ө.Энхтүвшин дарга ч энэ томилгоонд сэтгэл дундуур байгаа аж. Тиймээс саяхан Хувьсгалт намын удирдлагууд Энхтүвшин даргыг дуудаж Хятадын элчин сайдаар явах уу? гэдэг санал тавьжээ. Гомдож тунирхсан Энхтүвшин дарга Та нар зайлуулах гэснэ гадаадад цөлдөг биз дээ гэсэн хатуухан үг хэлчихээд гарсан сурагтай. МАХН-д хэр чадлаараа зүтгэж орон нутгийн сонгуульд менежердсэн дэд сайд асан Уламбаярыг ч мөн адил хоосон хоцроосонд олон хүн гайхширч сууна. Хувьсгалт намд элэгтэйгээ олон удаа харуулсан ноён Баатарсайханыг намын дарга нар нь Иргэний нисэхийн ерөнхий газар луу илгээе хэмээн одоохондоо тайвшруулж байгаа сурагтай. Хувсгалт нам эвсэлтэй ижил суудал авсан мөртлөө ТӨХ, Газрын тосны ашигт малтмалын хэрэг эрхлэх газар зэрэг том том албан тушаалуудыг тэдэнд найр тависанд бухимдах хүн цөөнгүй байна.
/2004.12.17 Сэрүүлэг/