УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга Л.Гүндалай Энхсайхан дарга огцрох хэрэгтэй

-Хэлэлцэх асуудалд өнгөрсөн хоёр сонгуулийн үр дүнгийн талаар, цагийн үеийн талаар ярилцах байсан. Мэдээж манайхан л болсон хойно дарга цэргээ өөрчилнө гээд ярих байсан биз. Энэ хурал болох ёстой цагтаа болж, ярих зүйлээ ярих нь зөв гэж би боддог. Харамсалтай нь Энхсайхан даргын тушаалаар хурал хойшилж, зөвлөгөөн маягаар хийгдэх болж байна. Өнөөдөр АН-ын дарга М.Энхсайхан хариуцлага тооцож магадгүй гэж айж зугтааж байна. Манай намын ажил нэлээд цалгардаад, намын бодлого, боловсон хүчнийх нь бодлого алдагдаад, хол ойрын төлөвлөгөө байхгүй, нэгдсэн бодлогогүй явж байна. Улс төрийн намын хувьд улс төрийн тэмцлээ хийж чадаагүй, зохион байгуулалт муутай байгаад ҮЗХ-ны гишүүд болон намын гишүүд дургүйцсэн, таагүй уур амьсгалтай, шүүмжлэлтэй байгаа.
-ҮЗХ-ноос намын даргаа өөрчилж Элбэгдорж, Гончигдорж нарын нэг нь АН-ын дарга болохоор яригдаж байгаа гэсэн. Таны зүгээс хэнийг санал болгох бол?
-АН өөрчлөгдөн зохион байгуулагдах ёстой. Бид үнэхээр үр дүнтэй, шинэлэг
хэлбэрээр ажиллаж чадах багийг бүрдүүлж, намын удирдлагыг шинээр зохион байгуулах ёстой. Элбэгдорж, Энхсайхан, Гончигдорж нарын хэн нь ч үүнийг хийж чадахгүй. Ардчилсан нам шинэчлэгдэж өөрчлөгдөж байна гэдэг имидж олон нийтэд бүрдэх ёстой. Хотод сууж байгаа мөртлөө дүүргүүдээрээ орж, ард түмэнтэйгээ уулздаггүй. Улаанбаатар дахь намын байгууллагуудаа ч идэвхжүүлж чаддаггүй,улс төрийн тэмцлыг зөвхөн ойр хавийнхаа хүмүүсийн дунд л хийдэг, тийм дарга нарт Ардчилсан намд одоо орон зай байх ёсгүй. Ийм хүмүүс хөдөө орон нутаг руу ч явна гэж байхгүй. Тэнд очоод анхан шатны байгууллагуудаа амьдруулж, олон түмэнд Ардчилсан намын бодлого, өнөөдрийн улс төр, эдийн засаг, нийгмийн байдлыг ойлгуулж, гишүүд олноор элсүүлж, олон төрөлт ажлыг одооноос зохион байгуулж байж л бид ялалтанд хүрнэ.
-Элбэгдорж, Энхсайхан, Гончигдорж нар удирдахгүй бол өөр хэн удирдах ёстой гэж?
-АН өнгөрсөн сонгуульд дангаараа орсон бол 45 суудал авах байсан гэж би итгэдэг.
Нэр дэвшигчдээ сайн сонгож, зөв байрлуулж, зөв имидж бүрдүүлсэн бол болох л байсан. Гэтэл Энхсайхан дарга энэ болгоныг хийж чадаагүй. Эвсэл уг нь ялсан. Гэвч энэ ялалтаа баталгаажуулж чадалгүй дээрэмдүүлсэн. Яагаад дээрэмдүүлэв гэвэл ахиад манай удирдагч лидерүүдээс болсон. УИХ-ын сонгуулийн маргааш нь Бид тэмцэхгүй юм бол энэ ялалтаа дээрэмдүүлнэ, хулгайлуулна, талаар өнгөрнө. Бид тэмцэх ёстой гэдгийг би шууд хэлж, уриалж байсан. Гэтэл энэ лидерүүдийн хэн нь ч миний үгийг сонсоогүй, ихэнх нь их мэдэгч царайлцгаагаад, Энхбаяр луу гүйж очин, яаж зөвшилцөж байгаад сайд болох вэ, албан тушаал авах вэ гэж бодсон. Эвслийнхэн манай лидерүүд биенээсээ нуугдаад уралдаад МАХН-ын дарга руу гүйсэн. Одоо хар л даа. Харамсаад барахгүй байна. Гүрж болон Украинд сөрөг хүчин сонгуулиар луйвардуулаад, сонгуулийн дүнгээрээ ялагдсан мөртлөө одоо ялчихаад байж байна. Гэтэл бид сонгуулийн дүнгээрээ ялчихаад, ялалтаа дээрэмдүүлчихээд сууж байна. Тэмцэгчид ялдаг юм гэдгийг өмнөх түүх Гүрж баталж, дараагийн түүх Украин давхар нотоллоо. Гэхдээ би бүх юм дууссан гэж бодохгүй байна. Тэмцэж байж ялна гэсэн миний зөв байсныг яс махандаа шингэтэл ойлголоо. Одоо би тэр их мэдэгч лидерүүд үнэн хэрэгтээ үл мэдэгчид байсныг ч мэдлээ.
-Та эвсэл болж орохыг анхнаас нь эсэргүүцэж байсан гэсэн. Тэр үед та Энхсайхан
даргад хэлж нөлөөлж болоогүй юм уу. Та УИХ-ын гшүүн, АН-ын дэд дарга байсан шүү дээ?
-Би эвсэлгүй дангаараа сонгуульд орвол ялна гэж хэлж байсан. Энхсайхан дарга болон бусад хүмүүс эвсэж орохоор хатуу шийдсэн болохоор олонхиороо шийдсэн. Би тэр үед олон жил сонгуульд нам удирдаж орсон хүмүүс мэдэж байгаа биз гэж найдсан. Одоо эргээд харахад бүгд миний зөв байсан байна. Ерөөсөө сонгуульд эвсэж орох нь ч, зөвшилцөх нь ч буруу байсан. Зарим нь мэдэж байсан ч хувийн эрх ашгаа бүхнээс дээгүүр тавьсан. Манай намд намын дарга л гол асуудлыг шийдэж байгаа дэд даргын үүрэг роль гэж байдаггүй юм ш дээ. Байсан бол байдал арай л өөр байх байсан.
-Өнгөрсөн дөрвөн жилд АН-ын төлөө их зүтгэсэн. Таныг сайд, Байнгын хорооны дарга байх гавьяатай хүн гэдэг. Та юу ч болж чадаагүйдээ харамсдаг уу?
-Намайг сайд болгоогүй нь хуйвалдаан байсан. МАХН сайд болгохгүй гэсэн, манай нөхдүүд Хувьсгалт намын гар хөл болсон. Элбэгдорж Ерөнхий сайд болохынхоо өмнө Хувьсгалт нам намайг зөвшөөрч байна. Би Ерөнхий сайд болъё гээд гуйгаад орж ирсэн. Хоёр, Элбэгдорж Би Ерөнхий сайд болбол итгэлийн 10 мянган төгрөгийг өгүүлчихнэ гэж амлаж байсан. Өнөөдөр МАХН-ын талыг барьдаг хүмүүс сайд боллоо. Намайг Байнгын хорооны дарга болооч гэсэн. Би больё оо гэж хэлсэн. Тухайн үед би манай нөхдүүд 10 мянган төгрөг өгүүлэхийн төлөө ажиллана гэж л бодсон. Ерөнхий сайдаа Хувьсгалт намын бууны нохой болчихно гэж бодоогүй. Одоо би сайд болоогүйдээ маш их баяртай байна. Би залуу хүн. Ийм муухай хуйвалдааны Засгийн газрын гишүүн болоогүйдээ магнайгаа хагартал баярлаж байгаа, Элбэгдорж, Энхбаяр хоёр нэг зоосны хоёр тал болчихсон. Хүүхдийн мөнгийг өгч чадаагүй Элбэгдорж огцрох ёстой. Элбэгдоржийг манай бүлгийн гишүүд маш их шүүмжилж байгаа. Элбэгдорж юу ч гэж шүүмжилж байсан дүлий юм шиг сонсоод сууж байдаг хүн. Итгэлийн 10 мянган төгрөг өгөх нь хүүхдийн ирээдүй, Монголын ирээдүйг харсан зөв бодлого гэж итгэдэг. Энэ бол зөвхөн нийгмийн хамгааллын бодлого биш эдийн засгийн гүнзгий ач холбогдолтой юм. Өнөөдөр хүүхдүүд (569 мянган хүүхэд шүү) өлсөж, эрүүл мэндээрээ хохирч, боловсрол хүмүүжилгүй хохирч байхад бид тэр хүүхдүүдийг тэтгэхгүй юм бол Монголын ирээдүй, Монголын хөгжил, ардчилал гэж ярих утгагүй. Элбэгдорж МАХН намайг хамгаална, би унахгүй, огцрохгүй гэж тооцоолж байна. Гэхдээ, Монголын хүүхдүүд, ядуучууд, ард түмэн түүнд хариуцлага тооцно. Би хүүхдийн итгэлийн мөнгийг 10 000 төгрөгөөр нь өгөх хүртэл тэмцэнэ гэдгээ илэрхийлчихье.
-Таныг Зүүн хойд Азийн нийгэмлэгийнх гэдэг. Зүүн хойд Азийнхан сая томилгоонд их аз, од муутай байлаа. Яагаад Элбэгдорж даргын нүдэнд өртсөнгүй вэ?
-Зүүн хойд Азийнхан чадвартай, эрүүл, албан тушаал хөөцөлдөггүй хүмүүс. Бат-Үүлийг хар л даа. Би Бат-Үүлийн гэрт нь ороод анх гайхаж байсан. Бат-Үүлийн гэр айлууд зусландаа нүүгээд хоосорчихсон байдаг ш дээ. Яг тийм л айл байсан. Баабар уг нь УИХ-д сонгогдох л ёстой хүн. Баабарыг өнөөдөр монголчууд хэдэн төгрөгнөөс болж гомдоох хэрэггүй л байсан юм.
2004.12.17, Сэрүүлэг