Хотын төв эзгүйрч болзошгүй нь

Манай орны хүн амын гуравны нэг нь төвлөрөөд буй нийслэл хот өнөөдөр хот төлөвлөлтийн хувьд нийгмийн хөгжлийн хурдацыг гүйцэхгүй,нийгмийн зүгээс ирэх динамик ачааллыг даах чадваргүй болж байна. Бид одооноос энэ асуудалд нухацтай хандаж, төр захиргааны болон мэргэжлийн байгууллагуудын анхаарлыг чиглүүлэхгүй бол дөрөв дөрвөн жилээр солигдох төрийн дунд эзэнгүй хаягдаж ирээдүйн гамшиг, аюул нүүрлэх хугацаа алхам алхамаар ойртлоо. Өнөөдөр ийн Улаанбаатар нь нийгмийн бүхий л давхаргын сонирхлыг татсан соронзон хот болон хувирч цаашид урьдчилан төлөвлөгдөөгүй хүн ам, машин техник, барилга байшин, худалдаа үйлчилгээний төвлөрөл, бөөгнөрөлийг бүрдүүлж байгаа бөгөөд үүнийг дагасан хүмүүсийн бухимдал, гудамж замын түгжрэл, утаа униар, зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүд гаарах болно. Энэ байдал нь цаашид улам даамжирвал ялангуяа хотын төвийн хэсгийн орон сууцны хорооллуудад амьдарч буй хүмүүст агаарын дутагдал, ахуйн бохирдол, чимээ шуугиан хүчтэй нөлөөлж аажмаар оршин суугчдын төвөөс даажих хөдөлгөөн ихэсч хотын төвийн байшингуудын үнэ ханш бууран эзгүйрч, төвөөс зах руугаа чиглэсэн их нүүдэл болдог жишээ бий. Үүнд хотын төвд байрласан хорооллууд эхэлж хамрагдах магадлалтай бөгөөд ялангуяа 40,50 мянгатын болон Арслантай гүүрийн орчмын байрууд эзгүйрч бага орлоготой, боловсрол нимгэн, нийгмийн эмзэг давхаргын хүмүүсийн орогнох газар болон хувирч гэмт хэрэг, хулгай ихэсч хотын хамгийн аюултай бүсэд тооцогдож болох юм. Тухайлбал, хойд Америкийн нэгэн хотын бодит амьдралд тохиолдсон эмгэнэлт түүх ийм байсан. Үзэл сурталжсан нийгмийн үед явуулж байсан хот төлөвлөлтийн бодлого нь хэдийгээр дэлхийн уран барилгын уламжлалт технологи дээр суурилж байсан ч аливаа нийгмийн хөгжлийн үндэс болсон хүн, хүний хүчин зүйлд чиглэгдээгүй зөвхөн социалист бүтээн байгуулалтын сүр хүчийг харуулах гэсэн үзэл санааг агуулж байсан тул өөр хоорондоо үл ялгагдах, нэгэн загварын олон барилга байшин, гудамж талбай, бүхэл бүтэн хорооллууд бий болсон ч тэнд ажиллаж амьдрах үе үеийн хүмүүсийн ая тухтай байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлж чадаагүй. Иймд шинээр байгуулагдсан мэргэжлийн яам нь дарвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх орон сууцны хатөлбөрт анхаарлаа төвлөрүүлэх бус 40 жилийн дараа монголчуудын амьдралд тансаг, тохиолог орчин авчрах хот байгуулалтын бодлогод үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллах хэрэгтэй байна. Зах зээлийн жилүүдэд хотын ерөнхий төлөвлөгөөнд тавих хяналт суларч, эрх ямбатнуудын түрийвчийг зузаалсан замбараагүй газар олголтын уршгаар хот байгуулалтын бодлого, төлөвлөлтийн үндсэн зарчмууд алдагдаж үүрэг функцийн хувьд харилцан уялдаатай байх ёстой орон сууцны хороолол, олон нийтийн барилга байгууламж, үйлдвэрийн район болон хотын ногоон бүсийн байршлын зохист харьцаа нь нийгмийн өмнө тулгараад буй өнөөгийн шаардлагыг хангаж чадахгүйд хүрээд байна. Одоо хотын экологийн бүсэд байрлалтай үйлдвэрийн газруудыг нүүлгэн шилжүүлэх, төв замуудын зангилаануудыг барьж байгуулах, хотын хэт төвлөрлөлийг саармагжуулах зорилго бүхий бие даасан урбаник бүтцээр бүсчилэн хөгжүүлэх гээд тодорхой үр дүнтэй ажилуудыг системтэй авч хэрэгжүүлэх шаардлагатай юм. Мөн түүнчилэн хүмүүсийн суурин, тогтвортой амьдралын баталгаа болсон хотын гудамж, замыг хаягжуулах, коджуулах, ангилал тогтоон системжүүлэх ажлыг хот төлөвлөлтийн бодлоготой нягт уялдуулан хэрэгжүүлэх явдал нэн чухал ач холбогдолтой билээ. Д.Даваасүрэн
2004.12.18 Өдрийн сонин