Ардчилсан намд Алтан гадас суужээ

Эхлээд төлөвлөсен ёсоор зөвлөлгөөнөө ч эхэлж. Харин үдээс хойш ҮЗХ-ны хуралдааныг гэнэтхэн зарлаж намын удирдлагад итгэл үзүүлэх, эсэх асуудлыг хэлэлцжээ,
ҮЗХ-ны гишүүдийн 126 нь буюу 73 хувь нь хуралдаандаа ирж. Тэдний дөрөв нь л намын хуучин удирдлага болох дарга М.Энхсайхан, дэд дарга Л.Гүндалай, ерөнхий нарийн бичгийн дарга Л.Гансүх нарт итгэл үзүүлэх санал өгч, бараг 99,9 хувь нь удирдлагаасаа нүүр буруулсан байна. Гэнэтийн энэ шийдвэрийг гаргах үед намын удирдлагаас М.Энхсайхан, Л.Гүндалай нар эзгүй байв. Тэд гадаадад ажиллаж буй юм байна. УИХ-ын сонгуулиар зүүдэнд ч оромгүй амжилтыг М.Энхсайханы удирдсан баг үзүүлсний дараахнаас л засаглалын эрх мэдэл рүү тэмүүлсэн Алтан гадас-ынхны нисгэсэн бор шувуу уржигдархан бүхнийг залгигч хар тас шувуу болж хувирсан бололтой, тэд өмнөх удирдлагуудаасаа хагацахыг хүссэн зорилгодоо хүрэв.
Алтан гадас-ынхан М.Энхсайханыг хэд хэдэн шалтгаанаар буруутгаж байгаа аж.
Алтан гадас-ынхан экс даргаа хувийн тоглолт хийлээ гэж буруутгажээ. УИХ-ын сонгуульд амжилт гаргаж, хэмжээгүй эрхт МАХН-тай эн тэнцүү суудал авчирсныг нь журмын нөхөд нь ялагдалд тооцож, шинэ жилийн сюрприз барьж буй мэт. АН-ын нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн лидерийн хэлснээрАН, МАШСН-тай хүч хавсраагүй бол ямар ч маргаангүй ялалт байгуулах байсан гэнэ. Харин М.Энхсайхан энэхүү гэнэтийн шийдвэрийг хүндээр хүлээж авсан бололтой юм. Мэдэгдэл гаргаж, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүддээ зэм хүртээгээд Туркийг зорьсон байна.
Өчигдөр үдээс хойш АН-ын ҮЗХ Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн хурлын зааланд хаалттай хуралдаанаа үргэлжлүүлж шинэ удирдлагаараа хэн хэнийг тавихаа хэлэлцсэн байна. Товлосноосоо цаг гаруйн дараа буюу 16.30 цагт хурал эхэлжээ. Намдаа цус сэлбэсэн ҮЗХ-ноос гаргасан хамгийн анхны шийдвэр нь П.Улаанхүүг АН-ын Гадаад харилцаа эрхэлсэн нарийн бичгийн даргаар томилсон явдал болов. Хурал эхлэхээс өмнө бидний олж мэдсэнээр намын даргад Р.Гончигдорж, Д.Дорлигжав нар тунажээ. Дэд даргад М.Энхсайханыг даган Туркт ажиллаж буй Барилга, хот байгуулалтын сайд Н.Батбаяр, УИХ-ын гишүүн Б.Мөнхтуяа нарыг, ерөнхий нарийн бичгийн даргаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ш.Түвдэндорж нарыг сонгох тухай дуулдсан.
Нүхт-эд болсон зөвлөлгөөнөөс гишүүдийн олонх нь ҮЗХ-г хуралдуулах, намынхаа удирдлагад итгэл үзүүлэх, эсэх асуудлыг тавьсны дараа АН-ын Үндсэн дүрмийн хороо, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг ч
бүрэлдэхүүнээр нь өөрчлөх санал гаргаж, Үндсэн дүрмийн хороог ес, Гүйцэтгэх зөвлөлийг 21 гишүүнтэйгээр байгуулахыг дэмжжээ.
ҮЗХ-ны хуралдаанаас хороо, зөвлөлийн гишүүдийг шинээр сонгосон байна. Өчигдөр орой 20.00 цагийн үед авсан мэдээгээр намын даргыг сонгох санал хураалтад 109 гишүүн оролцсоноос 63 хүний саналаар Р.Гончигдорж АН-ын Дарга боллоо. Дугаар шилжих мөчид АН-ын дэд даргад УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Н.Батбаяр, УИХ-ын гишүүн Б.Мөнхтуяа, Ерөнхий нарийн бичгийн даргад Ш.Түвдэндорж нар ямар ч өрсөлдөгчгүй нэр дэвшсэн байлаа. Тэгэхээр тэд сонгогдсон байх аа. Эдгээр албан тушаалтныг сонгосны дараа шинээр байгуулагдах Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан болох сурагтай байлаа.
(өнөөдөр 2004.12.20 295)