Ерөнхий сайд зүүн бүсийн хөгжлийн ирээдүйд итгэлтэй байна

Yүнд анхаарал тавьж, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг хууль ёсны дагуу хуралдаж асуудлаа шийдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлэхийг өчигдөр орой Баруун-Урт хотод болсон уулзалтын үеэр сүхбаатарчууд Ерөнхий сайдаас хүсэж байлаа. Ерөнхий сайд хариуд нь улс төрийн өнөөгийн нөхцөл байдал нь эв нэгдлийг эрхэмлэж, ойлголцож зөвшилцөж ажиллахыг шаардаж байгаа энэ үед хамтран сууж хурлаа хийгээд, учир зүйгээ олж ажиллах хэрэгтэй байна гэлээ. Аймаг, сумууд чадвартай боловсон хүчнээр хахчихсан байдаггүй шүү дээ. Тийм болохоор намчирхаж талцалгүй нутаг орноо хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллана гэдэгт найдаж байна гэж нэмж хэллээ. Он солигдох дөхөж байгаа, ирэх оны төсөв төлөвлөгөө, хөгжлийн зорилтоо тодорхойлох асуудал ихээхэн тулгамдаж байгааг Ерөнхий сайд онцлон сануулав.
Тус аймгийн ИТХ-д Эх орон-Ардчилал эвслийн 16, МАХН-ын 14 гишүүн сонгогдоод байгаа юм. Засаг даргаа томилох асуудлыг хэлэлцсэн хуралдааныг МАХН-ын гишүүд хаяж гарч явснаас шалтгаалан одоо болтол шинэ Засаг дарга томилогдож чадаагүй байгаа аж. Гэсэн хэдий ч цаг үеийн ажил, өвөлжилтийн бэлтгэл цалгардаагүй байна. Мал тооллогын ажил бага зэрэг удаашралтай байгаа нь цөөнгүй тооны мал зэргэлдээ аймгуудын нутагт отроор өвөлжиж байгаатай холбоотой ажээ.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд сүхбаатарчуудад хэд хэдэн баяртай мэдээ дуулгасан юм. Юуны өмнө Баруун-Урт хотыг төвийн эрчим хүчний системд холбох асуудал нэгэнт шийдвэрлэгдэж 2005 оны төсөвт энэ ажлыг гүйцэтгэхэд зориулан 4.8 тэрбум төгрөгийн зардал тусгагдаад байгааг хэллээ. Түүнчлэн тус аймгийн хилийн боомт болох Бичигтийн боомт ирэх оны эхнээс байнгын ажиллагаатай болж буйг дуулгав. Сүхбаатар бол Дэлхийн хамгийн хурдтай хөгжиж байгаа эдийн засаг гэгддэг БНХАУ-тай хиллэдэг, Дарьгангын үзэсгэлэнт, түүхт нутагт аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой, ашигт малтмал, эрдэс баялгийн арвин нөөцтэй, хөгжлийн олон талын бололцоотой нутаг юм гэдгийг тэмдэглэж энэ давуу талаа ашиглахад найдвартай бус, орон нутгийн шинжтэй эрчим хүчний эх үүсвэртэй, алслагдсан зэрэг сул талууд садаа болж байгааг бид мэдэж байна. Тийм ч учраас эдгээр арга хэмжээг авч, сухбаатарчуудын амьдрал ахуйгаа дээшлүүлж, нутаг орноо хөгжүүлэх бололцоог нь нэмэгдүүлж буй юм гэдгийг тэрээр цохон дурдав. Түүнчлэн ирэх жилээс бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх Төмөртийн цайрын уулын баяжуулах үйлдвэр, Эрдэнэцагаанд баригдсан салхин цахилгаан станцыг ашиглалтад хүлээн авсан явдал ч Баруун-Уртынханд дуулгасан таатай мэдээ байв.
Тус аймгийн Сүхбаатар сумын нутагт буюу Баруун-Урт хотоос 16 км-т орших Төмөртийн овооны цайрын уулын баяжуулах үйлдвэрийн барилга угсралтын ажилтай Ерөнхий сайд өнөөдөр өглөө танилцлаа. Тус орд газарт цайрын 25 жилийн нөөц тогтоогдоод байгаа гэж ордыг ашиглах эрх авсан Монгол-Хятадын хамтарсан Цайртминерал ХХК-ийн Монголын талын захирал Д.Ганбат танилцууллаа. Тус компани Чойбалсан-Баруун-Уртын чиглэлийн өндөр хүчдэлийн шугамаас салбарлуулан үйлдвэр рүү шугам татаж, 1.3 сая шоо тетр хөрс хуулалтын ажил гүйцэтгэж, 55 мянган шоо метр зам тавьж, үйлдвэрийн барилгын байгууламжийн суурь, үндсэн ган бүтээц, шугам сүлжээний ажлыг хийж дуусгаад байгаа ажээ. Түүнчлэн үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг БНХАУ-д үйлдвэрлүүлж эхэлсэн бөгөөд эхнээс нь үйлдвэрийн талбай руу татан авчрах ажил хийж байна. Бүтээн байгуулалтын нийт өртөг 350 сая юань болно гэж Цайртминерал-ынхан ярьж байлаа. Тус компанийхан өөрсдийн хөрөнгөөр усны хайгуул хийж нөөц тогтоогоод байгаа бөгөөд үйлдвэрлэлийнх нь үндсэн үйл ажиллагаанд ус их хэмжээгээр шаардагдах юм. Тиймээс усны үнэ төлбөр нэмэгдэж болзошгүй байгаад сэтгэл зовж буй ажээ.
Ерөнхий сайд Цайртминерал-ын ажилтай танилцаад, орон нутгийг хөгжүүлэх, ажилгүйдлийг бууруулах, нийгмийн үйлчилгээг чанартай болгох зэрэгт нэмэр хандив болж, ажиллахыг зөвлөлөө. Їүгээр Ерөнхий сайдын орон нутагт хийсэн анхны томилолт өндөрлөсөн юм. Тэрээр энэхүү томилолтынхоо зорилгыг, төр, засгийн түвшинд тодорхойлж байгаа бодлого, хамтын ажиллагааны зарчим орон нутагт хэрхэн хэрэгжиж байгааг үзэж танилцах, Зүүн бүсийн хөгжлийн хэтийн чиг хандлагыг тодорхойлох явдал байсан бөгөөд Түлш, эрчим хүчний сайд Т.Очирхүү, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Г.Батхүү, Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд С.Чинзориг зэрэг албаны хүмүүс оролцсон энэ удаагийн томилолт амжилттай боллоо гэж онцлон тэмдэглэлээ. Зүүн бүсийг хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа гэдгийг тэрээр цохон дурдсан бөгөөд энэ бүс нутгийн хөгжлийн ирээдүйд итгэл дүүрэн байгаагаа ч илэрхийлсэн юм.
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба
2004.12.17