Оросууд манайхныг зад загнаж байгаад өөрийн хүнээ даргаар тавьчихлаа.

– Төмөр замын байгууллага хоёр хуваагдан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Төмөр замын хэрэг эрхлэх газар нь салахаар зохион байгуулагдаж байна. Энэ хэр зөв
шийдэл гэж та бодож байна вэ?
– Төмөр замын хэрэг эрхлэх газар гэж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг 1996 онд байгуулагдсан юм. Ер нь бол төмөр замын хэрэг эрхлэх газар гэдэг өөрөө 1954 оны сайд
нарын зөвлөлийн тогтоолоор бий болсон Төрийн захиргааны байгууллага. Төмөр замын даргадаа хавсрагдаад явж байсан. Төмөр зам өөрөө аж ахуй бизнесийн байгууллага.
Тэр аж ахуйн функцийг салгаж зааг ялгааг нь тогтоох асуудал зөв талдаа асуудал гэж ойлгож байгаа. Харин ямар орон тоотой байх юм, хэр зэрэг ажил хэрэгч байгууллага байх юм гэдэг нь өөр. Зүгээр нэг төмөр замын байгууллагаас бэлэн материал аваад ширээ тэврээд дөрвөн хана ширтээд сууж байдаг нөхдүүд гарч ирэх юм бол төмөр замын ажилд тус болохгүй. Төмөр замын тээврийн алс хэтийн хөгжлийг зөв даацтай бодлого бодож боловсруулж авч явах тийм чадалтай аппарат гарч ирэх юм бол
өөр асуудал. Манай Төмөр замын Техник, технологийн алба гэж бий. Монголын Төмөр замын хэтийн хөгжлийг ямаршуухан дүр төрхтэй байхав гэдэг дээр Японы Жайка байгууллагын мэргэжилтнүүдтэй хамтран байгуулсан 2021 он хүртэл хөгжүүлэх том төлөвлөгөө байгаа. Тэнд үндсэндээ бүх зүйлийг тодорхой тусгасан. Хамгийн сайн инженерүүд цаг наргүй хөдөлмөрлөж байж бий болгосон. Тиймээс энэ төлөвлөгөөн дээр тулгуурлаж салаа мөчирлөж цаашдаа хөгжиж явна биз дээ гэж бодож байна. Уг агентлаг ямаршуухан бүтэц бүрэлдэхүүнтэй байхав, ямар үйл ажиллагаа явуулахав гэдгийг би эндээс заагаад юу хийхэв. Нөгөө талаар Төмөр замын ажлын дотоод хэрэгт хэтэрхий их оролцсон, нөлөөлсөн тийм байгууллага байх юм бол тусгүй. Хүнийг чөлөөтэй ажил хийлгэж харилцан хамтарч ажилласан. Төмөр замын үйл ажиллагааны захиргааны хяналтыг тавьсан ийм л байгууллага байх ёстой болов уу гэж бодож
байна.
– Төмөр замын даргаар Оросоос ирсэн В.В.Магдай гэгч хүн томилогдчихлоо. Уг нь Монголын талаас томилогдох ёстой байсан ч эцсийн үр дүн өөрөөр эргэчихлээ. Та энэ
тал дээр юу хэлэх вэ?
– Манай талаас Хан-Уул дүүргийн засаг дарга Д.Загджав гэдэг хүний нэрийг дэвшүүлсэн боловч хоёр өдрийн хамтарсан хуралдаанаар Оросын тал өөрсдөө дагуулж ирсэн Магдай гэгч хүнийг томилсон байна лээ. Одоо мөрдөж байгаа хамтын дүрэм
ёсоор бол хоёр тал гурав гурван жилээрээ ээлжлэх ёстой юм. 1990 оноос өмнө Орос даргатай байсан. Би 1990 онд 1-р орлогч дарга, 1991 оноос Төмөр замын 9 дэх дарга болсон учиртай. Одоо энэ дарга 10 дахь нь болж байх шиг байна. 13 жилийн дараагаар орос хүний гарт Төмөр зам очиж байна. Дүрэм яривал энэ нь зөв болж таарч байна. Гэхдээ нуугаад яахав, би эхлээд мэргэжлийн инженерүүд, алба хашиж байгаа хүмүүсээсээ
даргаар нь тавья гэдэг саналаа хэлсэн. Харамсалтай нь миний тэр санал дэмжлэг сайн аваагүй, яваагүй. Тэгээд эцэстээ орос даргатай болж байх шив дээ.
– Гэтэл Орос нөхрийг чинь таныг дуудаад аваад ирсэн гэх яриа байгаа шүү дээ?
– Тийм юм огт байхгүй. Ер нь би анхнаасаа энэ асуудалд оролцохгүй гэдгээ хэлж байсан. Нэгэнт эхлээд намайг санал тавихад дэмжээгүй учраас оролцохоо болъё гэдгээ илэрхийлсэн. Тэгэхээр өөрсдөө орос хүн аваачиж тавьчихаад сүүлд нь Рашаас боллоо гэж ярих нь утгагүй зүйл биз дээ. Тийм юм ерөөсөө байхгүй. Би тэр хүнийг нь мэдэх ч үгүй, таних ч үгүй. Ер нь тэгээд би өчигдрийн хамтын хурлын явцыг олж сонсоход орос талын зарим хүмүүс манай Төмөр замын орлогч даргыг хашаанд хорьсон мал шиг хорьж байгаад асуулт тавиад хариулт авалгүйгээр толгой дараалан зад загнаж байгаад бүх юмыг нь буруутгаж тэрэн дээр нь манай Монгол талын төмөр замын
мэдлэгтэй хүн нэг ч байхгүй нөхдүүд хошуу нэмж байсан уу гэхээс хамгаалж байсан юм нэг ч байхгүй байсан гэнэ лээ.
Төмөр замын ажилд сайн муу юм бий байх л даа. Тэрнийг үгүйсгэх арга байхгүй. Гэхдээ тэр хуралдаан дээр ярьсан шиг гэвэл би тэрнийг зад эсэргүүцнэ.
– Яг ямар асуудлуудаар буруутгасан юм бол?
– Дандаа болохгүй, бүтэхгүй сөрөг талаас нь ярьсан гэнэлээ. Хэрэв тийм л муу байсан юм бол одоо ямар байх ёстой билээ. Монголын ард түмэн тийм ч тэнэг хүмүүс биш. Тэгж
мал шиг хандаж таарахгүй байлгүй. Харамсалтай нь тэр удирдах зөвлөлд сонгогдсон манай нөхдүүд үнэн зөвийг нь тунгааж ганц нэг үг дуугарсан бол хэрэгтэй л байсан юм. Гэтэл хариу буруу тал дээр нь дуугарч байсан гэсэн.
– Удирдах зөвлөлд нь ямар хүмүүс байсан юм бол?
– Оросын талаас удирдах зөвлөлд оросын төмөр замын агентлагийн дарга, мөн тэр агентлагийн гадаад харилцааны албаны дарга, тэндэхийн нэг албаны дарга байсан бол манай талаас Да.Ганболд, ЗТАЯ-ны газрын дарга Нямдаваа нар оролцсон гэсэн.
– Үнэхээр учир дутагдал их байсан юм биш үү. Эсвэл манай талынхан төмөр замын мэдлэггүйдээ нөгөө талыг дагаж намирсан хэрэг үү?
– Тэгж хэлэх нь ч хаашаа юм. Ямар ч л байсан хамгаалаагүй гэсэн. Яахав манай хүмүүсийг сайн бэлдээгүй, муу хариулсан гэх мэтээр ярьж л байгаа байх. Гэтэл цаад хурал удирдаж байгаа оросын талын хүн бол олон жил том төмөр замыг удирдчихсан,
хүнийг ямар сул талаар нь яаж унагахав гэдгийг сайн мэддэг, судсыг нь атгаж байгаад цохилтыг нь тоолдог тийм хүн байгаа юм. Манайхан тэр хуралдааны үеэр л мэдэрсэн дээ.
– Аливаа юм олон толгойтой болоод ирэхээрээ эмх замбараагүй болохын цондон гэдэг. Тэгэхээр Төмөр зам хоёр салж байгаа нь иймэрхүү замаар замнахгүй гэх газаргүй мэт санагдана?
– Өөр өөрсдийн үүрэг функцийг л одоо хатуу биелүүлж ажиллах хэрэгтэй байх. Ухаан нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг үүргийн функцэд орсон зүйлүүдээ л биелүүлэх хэрэгтэй. Түүнээс биш төмөр замын дотоод асуудалд хутгалдаад, яамны нэг
их том түшмэд очиж цээж ханхалзуулаад байх юм бол ажил болохгүй л дээ. Гэхдээ би тэгэхгүй байх гэж найдаж байна. Да.Ганболд бол ухаантай төр түшилцэж явсан хүн энэ
зэргийг мэдэх байлгүй дээ.
– Ер нь аль ч салбарт улс төр хийж мэргэжлийн бус хүн томилох болсон. Үүний нэг илрэл нь энэ төмөр замын байгууллагад тохиолдсон гэж ойлгож болох уу?
– Ер нь бол санал нэг байна. Олон жил гадаад дотоодод боловсрол эзэмшээд тодорхой хэмжээний удирдах ажилтны дадлага туршлага хуримтлуулсан ийм боловсон хүчнээ
тавихгүй хаа хамаагүй хүн аваачиж тавиад байгаад би дотроо сэтгэл дундуур л явдаг хүн.
– Та Да.Ганболдыг Төмөр замын удирдах ажилд тэнцэх хүн гэдэгт хэдэн хувийн итгэлтэй байгаа вэ?
– Бид хоёр дээр үеэс бие биенээ мэднэ. Нэртэй эдийн засагч. Намайг 1991 онд Төмөр замын дарга болоход гар бие оролцсон, Засгийн газрын шадар сайд байсан хүн. Ийм л хүрээнд мэднэ дээ. Хамгийн гол нь Ганболд дарга мэргэжлийн хүмүүстэй хамтраад ажиллахад цааш явах л байх.
– Зарим нэг эх сурвалжууд таныг өнгөрсөн хугацаанд орос, монгол талд хоёуланд нь тал алдалгүй дунд нь бөөрөнхийлсөөр арга эвийг нь олж ирсэн хүн хэмээн дүгнэх юм билээ?
-Өнгөрсөн 13 жилийн туршид 2000 онд Оросын талаас нэг удаа намайг өөрчлөе гэдэг санал гарч байснаас өөр яригдаж байсан зүйл байхгүй. Төмөр зам бол энэ арван хэдэн жилийн турш тогтвортойгоор ажиллаж хөгжиж ирсэн гэж бодож явдаг. Энийгээ би өөрийнхөө гавьяа гэхгүй. Энэ бол төмөр замчдын маань өдөр шөнөгүй нөр хичээнгүй хөдөлмөрлөсний үр дүн, ажилдаа албандаа үнэнч зүтгэдгийн үр дүн гэж бодож явдаг.
Уучлаарай миний дүү, би зүгээр өөрийгөө магтаж байгаа юм биш. Би арван хэдэн жил төмөр замыг атгаж байсан. Хэдийгээр би замын дарга байсан ч Удирдах зөвлөлийг нь ч барьж байсан. Төмөр замынхаа ажлыг хийж байсан. Яг үнэн хэрэг дээрээ би Сталины юмыг ард нь тавьж улсын юмыг урд нь тавьж ирсэн. Тэр юмнууд маань цаашид улам хөгжөөсэй гэж бодож байна. Төмөр замчид сайхан хүмүүс дээ хөдөлмөрч.
– Анх гишүүн болоход тань хүмүүс таныг Р.Раш төмөр замдаа л байвал өлзийтэй гэж хэлж байсан?
– Олон хүн тэгж ярьдаг бололтой юм билээ. Би ажлаар Баян-Өлгийд яваад ирсэн. Тэнд хүртэл намайг Та яах гэж улс төрд орж байгаа юм бэ, Төмөр зам чинь улсын том алба шүү дээ гэж байсан. Үнэхээр төмөр зам бол улсын үндсэн том үзүүлэлт шүү дээ. Нөлөө бүхий том байгууллага. Ер нь ний нуугүй хэлэхэд би төмөр замдаа байсан бол улсад өгөх үр өгөөж нь арай илүү байсан болов уу гэж бодогддог юм.
– Тэгвэл та УИХ-д нэр дэвшихээсээ татгалзаагүй хэрэг үү?
– Би нэрээ татаж авч байсан. Хотод УИХ-ын гишүүн О.Сүрэн хамт нэр дэвшиж байхад би нэрээ татаж авч байсан. Гэсэн ч нам надад нэр дэвшихийг санал болгосон л доо. Би намын гишүүнээр 20 гаруй жил явсан хүн болохоор намаас өндөр итгэл хүлээлгэж
байхад намаасаа дээгүүр эрх ашгаа тавих нь утгагүй тул нэр дэвшсэн хүн.
– Хэдийгээр одоо та УИХ-ын гишүүн болсон ч гэсэн төмөр замын тогоонд олон жил чанагдсаны хувьд төмөр замчдаа гэсэн сэтгэл чинь хэвээр байдаг биз. Тэднийхээ нийгмийн асуудалд санаа тавина биз?
– Ер нь нийгмийн асуудлыг хөндөхгүйгээр төмөр замын үйл ажиллагааг хэвийн хэмжээнд явуулна гэдэг учир дутагдалтай. Гар дээр нь хэдэн төгрөг тавиад л чи ажилла гэж шахах юм бол хэцүү. Нэг талаар бол яахав зарим хүмүүс хамтарсан байгууллага, тиймээс хоёр эзний нэг зарц гэж хэлэх байх. Гэтэл энэ замчид чинь насаараа ажилласан, төмөр замаа арван хуруу шигээ мэддэг манай юм, миний юм гэж үздэг, тэгж хүмүүжсэн нөхөд байгаа юм. Ер нь өөрийн гэсэн тодорхой нийгмийн
байгууллагуудтай байж л далласан газар ил гарч далайсан газар далд ордог байх ёстой. Ялангуяа бид нар говь руу ямар байдгийг мэднэ шүү дээ. Явж, явж нэг зөрлөг, точик. Тэдгээр хүмүүсийг амар тайван ажлаа хийх нөхцлийг нь бүрдүүлж өгөхгүй юм
бол ажлаа гэх үү, ар гэрээ гэх үү. Гэтэл энэ нь манай төмөр замын аюулгүй байдалд нөлөөлнө. Ер нь толгой өвдлөө гэхэд оройны вагонд суугаад анальгин авах гэж хот орж ирэх юмуу хаашаа юм. Тэгэхээр нийгмийн чиглэлийн зүйл тодорхой хэмжээгээр байхгүй бол болохгүй. Тиймээс энэ шинэ удирдлага нь нийгмийн ийм эмзэг асуудалд ихээхэн болгоомжтой хандаасай гэж бодож байгаа. 1996 онд төмөр замын тээврийн аюулгүйн тухай хууль гэж гарсан. Тэр хуулинд тал бүрээр үүрэг хариуцлагыг өндөржүүлэх тухай тусгагдсан байдаг. Ер нь бол тэр хуулинд эргэж харах зүйл бага сага бий. Өөр нэг асуудал бол манай ажилтнуудын гадаадын байгууллагуудтай хамтран хийсэн Төмөр замын тээврийг хөгжүүлэх хэтийн мастер төлөвлөгөө. Энэ
бичиг баримтыг би төрийн бичиг баримт болгох юмсан гэж бодож байгаа. Тэгж байж жинхэнэ төмөр замын мастер төлөвлөгөөгөөр гадаадын хөрөнгө оруулалтыг татах нэг боломж гэж би бодож явдаг.
– Ер нь та тэр шинэ дарга болох Магдай гээчтэй нүүр тулд уулзсан уу?
– Өчигдөр л гар барьж нүүр тулах боломж олдлоо. Харахад оймс элээсэн байрын 60 дөхөж яваа эр харагдана билээ. Богинохон хугацаанд уулзсан. Яриа хэлээ гайгүй, эхний сэтгэгдэл дажгүй л санагдсан.
– Төмөр замын бурхан сэтгэлийн үгээ хэлбэл?
– Олноороо овоглож явна гэдэг маш том буян, би үүнийг дааж явах ёстой. Хэдийгээр үүрэг хариуцлага хүрээний хувьд өөр болж байгаа ч гэсэн төмөр замаа хярын орой дээрээс дурандаж харах боломж надад олдож байна. Тийм учраас би төмөр замчиддаа
өөрөөс хамаарах тэр бүхнийг хийж явах болно. Намайг нэг их цаашаа, энэ буруу зөрүү юм ярьчихлаа гэж төвөгшөөх хүн байхгүй байх аа. Ер нь нь бол төмөр замдаа дэндүү дассан даа
/2004.12.20 Зиндаа
УИХ-ын гишүүн Раш Төмөр замын судсыг нь атгаж цохилтыг нь тоолдог Оросууд манайхныг зад загнаж байгаад өөрийн хүнээ даргаар тавьчихлаа./