Эрдэнэт ТӨҮГ, Петровис, Магнай трейд, МСS Групп ,,, 2003 оны шилдэг 100 аж ахуйн нэгжийг тэргүүллээ

Монгол Улсын эдийн засгийг илүү түргэн хурдацтай хөгжүүлэх, олон улсын эдийн засаг, даяаршилд Монгол Улсыг татан оролцуулахад хичээл зүтгэл гаргана гэдэгт итгэлтэй байна хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдорж тэмдэглэн
хэлснээр 2003 оны шилдэг 100 аж ахуйн нэгж шалгаруулах ТОП-100 ёслолын ажиллагаа эхэлсэн. Уншигч та 2004 он дуусч байхад яагаад 2003 оны шилдэг компаниудыг шалгаруулах болов хэмээн гайхаж магадгүй. Учир нь манай улсын дотоодын нийт
бүтээгдэхүүний дүн дараа оныхоо хагас жилд гардаг. Иймээс компани, аж ахуйн нэгжийн Монгол Улсын эдийн засагт оруулж буй хувь нэмрийг бодитойгоор үнэлэн тооцохын тулд албан ёсны статистикийг хүлээх шаардлага гардаг байна. 2003 оны
шилдэг 100 аж ахуйн нэгжийн үзүүлэлтүүдийг нэгтгэж сая тодруулж байгаагийн учир энэ. Монгол Улсын бизнесийн хүрээнийхэн хувийн хэвшилийнхний дотроос 2003 онд
тэргүүлэгч аж ахуйн нэгжийг шалгаруулж, шилдгээр тодруулсан ТОП-100 ёслолын ажиллагааг сурвалжисан тэмдэглэлээ эхлэхийн өмнө энэхүү шалгаруулалтын зорилго ач холбогдлын талаар бяцхан тодруулга хийх нь зүйтэй болов уу. Тухайн улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрээр нь зэрэглэн байр суурь эзэлж байгаа аж ахуйн нэгжүүдийг тодруулан, олон нийтэд сурталчлан таниулж, урамшуулан дэмждэг олон улсын нийтлэг практик байдаг бөгөөд манай орны хувьд анх 2002 оноос эхлэн ТОП-100 аж ахуйн нэгжийг тодруулж эхэлсэн байна. Шалгаруулалтын ач холбогдол, цар хүрээ жил ирэх тутам өсөн нэмэгдэж байгаа бөгөөд энэ жилийн ТОП-100 аж ахуйн нэгж тодруулах арга хэмжээний нэг онцлог нь НҮБ-ээс дэлхийн нийт улс орнуудад тунхаглан дэвшүүлсэн Мянганы хөгжлийн зориултуудыг хэрэгжүүлэхэд манай аж ахуйн нэгжүүд ямар хувь нэмэр оруулж буйг дүгнэн, гол үзүүлэлт болгон авч
үзсэн явдал юм байна. Харин шалгаруулалтанд ашигладаг үндсэн материал нь тухайн аж ахуйн нэгжийн аудитаар баталгаажуулсан жилийн эцсийн тайлан баланс, захирал
буюу ерөнхий нябо гарын үсэг зурж, баталгаажуулсан компанийн үзүүлэлтүүд, холбогдох татварын албанаас өгсөн татварын өр төлбөргүйг баталсан тодорхойлолт, ҮТЕГ, ГЕГ-аас гаргаж өгсөн аж ахуйн нэгж байгууллагуудын борлуулалт, татварын
талаарх албан ёсны тоо баримт байдаг ажээ. Энэ жилийн шалгаруулалт нь гурав дахь удаагийнх бөгөөд Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран тодруулдаг тус ёслолын ажиллагаа 2004 оны 12 дугаар сарын 3-ны өдөр төр, засгийн үйлчилгээний Элит төвд болсон бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдорж , УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Дамиран, Үйлдвэрлэл Худалдааны сайд С.Батболд,
Монголбанкны ерөнхийлөгч О.Чулуунбат, Үндэсний Татварын Ерөнхий Газрын дарга Л.Зориг, ГЕГ-ын орлогч дарга Б.Баттөмөр нар оролцлоо. Нээлтийн үеэр С.Дэмбэрэл шалгарсан аж ахуйн нэгжүүдэд баяр хүргээд 2003 онд хийсэн ажил, үйлдвэрлэсэн
бүтээгдэхүүн, үзүүлсэн үйлчилгээ, гадаад зах зээлд гарсан байдлаараа тодорсон ТОП-100 аж ахуйн нэгж бол Монголд хувийн хэвшил зохих төвшинд амжилттай төлөвшиж байгаагийн илрэл гэдгийг онцлон тэмдэглэсэн юм. Тэрбээр, цааш нь Зах зээлийн харилцаа өөрийн хувийн өмч, хувийн хэвшил дээр тулгуурладаг. Иймээс эдгээр ТОП-100 аж ахуйн нэгжийн ажил үйлсээс энэ хэвшлийнхний цаашдын төлөв тод томруун
харагдаж байна хэмээн өгүүлж байв. Тус шалгаруулалтын ач холбогдол, үр өгөөжийн талаарх сэтгэгдлээ ТОП-100 аж ахуйн нэгжид шалгарсан зарим аж ахуйн нэгжийн захирлууд ийн хуваалцаж байна.
MCS Группын ерөнхийлөгч Ж.Оджаргал
Бидний хөдөлмөрийг ийнхүү үнэлж буйд талархалтай байна. ТОП-100 аж ахуйн нэгжийн шалгаруулалт бол тухайн компани, байгууллага, улс орны хөгжилд дорвитой хувь нэмэр оруулж байгааг олон түмэн, төр засгийн сонорт хүргэх төдийгүй тэдний
бизнесийн нэр хүнд нь гадаад дотоодод дээшлэх, шударга өрсөлдөөнийг эрчимжүүлэх, бизнесийн нийгмийн хариуцлагаа ухамсарлан хэрэгжүүлэхэд нь түлхэц үзүүлэх зэрэг олон ач холбогдолтой юм. Манай компани улсын төсөвт 12 тэрбум төгрөг оруулсан. Иймээс ч бид бизнесийн нийгмийн хариуцлагаа зохих төвшинд биелүүлсэн гэж бодож байна. Энэхүү шалгаруулалт нь бидэнд цаашдаа улам сайн ажиллах, амжилтаа бататгах урам зориг өгч байна.
Автобус-1 ТӨҮГ-ын захирал Ш.Дашцэрэн
Энэхүү шалгаруулалтанд багтсандаа туйлын баяртай байна. Манай хамт олны хичээл зүтгэл, хөдөлмөрийг үнэлсэн, үнэхээр нүдээ олсон шагнал гэдгийг энэ байгууллагыг удирдаж буйн хувьд хэлэх байна. Автобус-1 компани зах зээлийн маш онцгой үедээ явж байна. Бараг бүх салбар хувьчлагдаж байгаа өнөө үед нийтийн тээврийнхэн улс орны болон нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлж буйг үнэлсэн хэрэг гэж ойлгож байна. Иймээс ч тус шалгаруулалтанд багтаасан байх. МҮХАҮТ болон Засгийн газарт нийт хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлье. Ийнхүү шилдгийн шилдгүүд тус шалгаруулалтыг өөр өөрсдийнхөөрөө үнэлж, дүгнэж байна. Шалгаруулалтын бас
нэг онцлогийг дурьдвал, банкуудын үйл ажиллагааны онцлог, цар хүрээг нь харгалзан тусад нь шалгаруулсан явдал бөгөөд ингэхдээ шалгуур үзүүлэлтүүдийн хувьд зарчмын ялгаагүй байсан ажээ. Харин Эрдэнэт ТӨҮГ, Петровис, Магнай трэйд, MCS групп… тэргүүлсэн 2003 оны Шилдэг 100 аж ахуйн нэгж тодорсон тус шалгаруулалтын дүнг задлан шинжилж үзвэл 2003 оны ТОП-100 аж ахуйн нэгж ТОП-10 банкуудаас
Шинээр шалгарсан 33
Хоёр жил шалгарсан 31
Гурван жил шалгарсан 53
Төрийн өмчийн оролцоотой компани 15
Хувийн 85
Үйлдвэрлэлийн чиглэлийн 38
Худалдааны 44
Үйлчилгээний чиглэлийн 18
Уул уурхайн чиглэлийн 15
Шатахууны худалдаа эрхэлсэн 8
Цахилгаан дулааны үйлдвэрлэл,
Түгээлтийн 7
оёдлын үйлдвэрлэлийн 4
аж ахуйн нэгжүүд тодорсон байна. Энэхүү шалгаруулалтыг хэрхэн хийсэн талаар болон ямар ямар үзүүлэлтийг гол болгосон талаар МҮХАҮТ-ын Эдийн засаг, бизнесийн үнэлгээний төвийн дарга Ч.Нэргүйгээс тодруулахад, ТОП-100 аж ахуйн нэгжүүд улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд тухайн жилд ямар хувь нэмэр оруулав гэдгийг гаргаж байр эзлүүлж байгаа болохоос тухайн аж ахуйн нэгж хамгийн сайн өр зээлгүй, удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа нь ямар ч маапаангүй хэмээн үнэлж,
дүгнэж байгаа явдал биш гэдгийг ялгаж ойлгох хэрэгтэй юм. Нөгөө талаар ТОП-100 аж ахуйн нэгжийн шалгаруулалтыг олон улсын төвшинд ашигладаг нийтлэг стандарт, аргачлалыг өөрийн орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн онцлог байдалтай уялдуулан боловсруулсан хэмээн хариулсан юм. Харин одоо 2003 оны шалгаруулалтын үзүүлэлтийн тоо, үзүүлэлт бүрийн хувь жинг хэрхэн тооцсоныг танд хүргэе.
Үүнд
-Улсын татварын орлогыг бүрдүүлэхэд оруулсан хувь нэмэр буюу улсад төлсөн татварын нийт хэмжээ
-ДНБ-ийг бүрдүүлэхэд оруулсан хувь нэмэр буюу орлогын нийт хэмжээ
-Тухайн аж ахуйн нэгжийн нийт ажиллагсадын тоо буюу ажилгүйдлийг бууруулахад оруулж буй хувь нэмэр
-Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд тухайн аж ахуйн нэгжийн оруулж буй хувь нэмэр
-Санхүүгийн үзүүлэлтүүдийн харьцаанууд
-Тухайн аж ахуйн нэгжийн зах зээлийн эзлэх хувь хэмжээ /салбартаа эзлэх байр суурь/
Үүнд, нийт шалгуур үзүүлэлтийн хувийн жин 100 хувь гэж үзвэл татвар төлөлт, борлуулалт нийлээд 50 хувийг бүрдүүлж байгаа аж. Энэ бол тун чухал үзүүлэлт гэдэг нь тодорхой болж байна. Түүнчлэн улсын төсвийн орлогыг бүрдүүлэх, бизнесийн
нийгмийн хариуцлагаа ухамсарлах, шударга бизнес эрхлэх зэрэгт татвар чухал ач холбогдолтой тул түүнд хамгийн өндөр буюу 30 хувийн ач холбогдол өгсөн нь харагдаж байна. Ийнхүү шалгаруулалт, шагнал дууслаа. Шилдэг аж ахуйн нэгжээр
тодорсон компанийн захирлууд баяр, хөөрөө хамт олонтойгоо хуваалцахаар үүд рүү яаран одно. Зарим нь бие биентэйгээ ажил хэрэгч яриа өрнүүлэн цаашдын бизнесийн хамтын ажиллагаа төлөвлөн зогсоно. Энэ бол Монголын бизнес, эдийн засгийн
манлайлагчид. Тэд өөрсдийн хичэл зүтгэл хөдөлмөр, амжилтандаа сэтгэл хангалуун байна. Харин энэхүү шалгаруулалтад багтаж чадаагүй пүүс, компаниуд MCS-ийн
Ерөнхийлөгч Ж.Оджаргалын хэлснээр тухайн компанийн нэр хүндийг олон түмэн төр засгийн сонорт хүргэн, бизнесийн нэр хүнд нь гадаад, дотоодод өргөдөг ТОП-100 –даа өнөөдрөөс чармайн шударгаар өрсөлдөж, бизнесийн, нийгмийн хариуцлагаа
ухамсарлан хэрэгжүүлцгээвэл магад уулзах буй заа. Ирэх жилийн ТОП-100 дөтлөн айсуй.
/2004.12.17 Бизнес таймс /