Монголын ололтыг Европын холбоо өндөрөөр үнэлэв

Ерөнхий сайд, Монгол Улс, Европын холбооны харилцаа, хамтын ажиллагааны хүрсэн түвшин, өнөөгийн нөхцөл байдалд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, үүнд ноён Элчин сайдын оруулсан хувь нэмэр багагүй гэдгийг тэмдэглэн, талархал дэвшүүллээ. Хоёр талын харилцааг цаашид шинэ түвшинд хүргэж ахиулах, хамтын ажиллагааг олон салбарт эрчимжүүлэх явдал Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг Ерөнхий сайд онцлон тэмдэглэж, Европын холбоо энэ онд Европ болон Балтийн олон орноор эгнээгээ өргөжүүлсэн нь хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлсэн үйл явдал болж байна гэж дүгнэж байгаагаа дурдав.Түүнчлэн, Монгол Улсын эдийн засгийн шилжилтийг Европын холбоо анхнаас нь дэмжиж ТАСИС болон бусад хөтөлбөрийн хүрээнд ихээхэн тусламж дэмжлэг үзүүлж ирснийг талархаад, ТАСИС хөтөлбөр бүхэлдээ амжилттай хэрэгжиж дуусан, одоо Монгол Улсын хамрагдах болж байгаа АЛА хөтөлбөрийн хүрээнд оновчтой, үр дүнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Ноён Элчин сайд, өнгөрсөн хугацаанд Монгол Улс, Европын холбооны хамтын ажиллагааны хүрээнд хийж, хэрэгжүүлсэн цөөнгүй ажил цаашдын идэвхтэй хамтын ажиллагааны үндэс суурийг тавьж чадсан хэмээн дүгнэж байгаагаа илэрхийлэн, манай улсын парламент, Засгийн газар, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн гэх мэт олон салбарт үр дүнтэй ажилласныг чухалчлан тэмдэглэлээ. Тэрээр 2001 оноос манай улсад суух Элчин сайдаар ажилласан бөгөөд өөрийнх нь үйл ажиллагааг дэмжиж хамтран ажилласанд Монгол Улсын Засгийн газарт талархаж буйгаа дурдав. Түүнчлэн, ардчилал, зах зээлийн эдийн засгийг төлөвшүүлэн бэхжүүлэхэд Монгол Улсын олсон ололтыг Европын холбоо өндрөөр үнэлдгийг тэрээр онцлон тэмдэглэж, хоёр талын харилцаа цаашид улам гүнзгийрэн хөгжинө гэдэгт итгэл дүүрэн байна гэлээ.
Засгийн газрын хэвлэл, мэдээллийн алба
2004.12.20