Улаан Би 50 сая доллар саагаагүй

ОХУ-д төлсөн мөнгөнөөс 50 сая ам.доллар алга болсон, энэ нь тухайн үед Санхүү, эдийн засгийн сайд асан Ч.Улаантай холбоотой болохыг нотолсон хэмээн зарим хэвлэлд мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан Ч. Улаан өчигдөр хэвлэлийн бага хурал зарлалаа.
-ОХУ-д төлөх өрийн дансыг бүрэн хаасан тухай баримт бичиг эхээрээ бий. Намайг 50 сая ам.доллар авсан гэж эргэлздэг хүмүүс шалгаж болно. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Гүндалай ажлын хэсэг ахалчихаад ийм яриа дэгдээгээд л яваа. Улс хоорондын төлбөр тооцоо, банк хоорондын гуйлгээнээс мөнгө сааж болдог гэж ойлговол гэнэн хэрэг хэмээн шадар сайд хэлэв.
-Марубени компанид төлөх ёстой мөнгийг Буян-гийн Б.Жаргалсайханд шилжүулсэн гэлцэх юм?
-Япон улсын Марубени Хонконг компанийн нэхэмжлэлтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаа Их Британийн Ричард Батлер компанийн өмгөөллийн хөлсөнд Засгийн газрын энэ оны нэгдүгээр сарын 29-ний 18 дугаар тогтоолоор 272 мянган ам.доллар төлсөн.
Буян компанид 479 мянган ам.доллар шилжүүлсэн. Энэ бол орон нутгийн театр, чуулгыг хөгжим, дуу чимээний техник хэрэгсэл болон кино проектороор хангах талаар БСШУЯ, СЭЗЯ, Буян компанийн хооронд байгуулсан гэрээний дагуу хийсэн хоёрдугаар шатны төлбөр юм.
-Таныг Санхүү, эдийн засгийн сайд байхдаа МИАТ-ийн онгоцыг нууцаар худалдсан гэж харддаг юм билээ?
-МИАТ-ийн онгоцыг худалдана гэдэг хэн нэгэн сайдын эрх мэдлээс ахадсан шийдвэр. Би одоог хүртэл ийм мэдээлэл аваагүй л юм байна.
(өнөөдөр 2004.12.21 296)