Нэг суурин нэг бүтээгдэхүүн хөдөлгөөнийг орон даяар өрнүүлнэ

албан ёсны бодлого боллоо гэж Ерөнхий сайд Ц.Элбэгдорж тус хөдөлгөөнийг санаачлагч, идэвхтэй оролцогчдын нэг Ойта мужийн Монгол, Японы найрамдлын нийгэмлэгийн дарга, ноён Ёоичиро Окаг өнөөдөр хүлээн авч уулзахдаа мэдэгдлээ. Энэ хөдөлгөөнийг одоогоос 25 жилийн өмнө Ойта мужийн захирагч Хирамацү санаачлан өрнүүлж ихээхэн үр дүнтэй хэрэгжсэн учир Филиппин, Малайз, Тайланд, БНСУ, БНХАУ Маравей, Коста Рика зэрэг Ази, Африк, Америкийн олон оронд дэлгэрсэн байна. Хөдөлгөөний гол зорилго нь хөдөө орон нутгийн онцлогийг хадгалсан, тухайн нутгийн брэнд болсон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, улмаар орон нутгийн эдийн засгийн чадавхийг дээшлүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх, ард иргэдийн амьжиргааны чадавхи, орлогыг сайжруулах явдал юм.
Ноён Ё.Ока, дээрх хөдөлгөөнийг Япон Улсад, тэр дундаа Ойта мужид өрнүүлсэн талаарх туршлагыг танилцуулж, Монгол Улсын Засгийн газар тус мужтай байгуулсан гэрээний дагуу Баянхонгор аймагт туршин өрнүүлсэн нь үр дүнгээ өгч буйг тэмдэглэлээ. Тэрээр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Галуут сумын сарлагийн сүү, Богд сумын чихэр өвс болон Баянхонгорын архи зэрэг бүтээгдэхүүнийг орон нутгийн нэрийн бүтээгдэхүүн болгох, экпортлох бололцоотой гэж дүгнэж байгаагаа дурдав.
Ерөнхий сайд, Нэг суурин, нэг бүтээгдэхүүн хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг томилон ажиллуулахаар шийдвэрлээд байгааг мэдээлж, Баянхонгор аймаг, Ойта мужийн энэ санаачилга, хөдөлгөөн нь Монгол, Японы Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны чухал чиглэл болж чадсан нь бахархалтай хэрэг юм гэлээ. Японы Засгийн газраас манай улсад үзүүлэх тусламж, хамтын ажиллагааныхаа хөтөлбөрийг дөрвөн үндсэн чиглэлээр боловсруулсан нь Монгол Улсын Засгийн газрын бодлоготой нийцэж байгаа бөгөөд тэдгээр дөрвөн чиглэлийн нэг нь хөдөө, орон нутгийг хөгжүүлэх зорилт болохыг Ерөнхий сайд онцлон тэмдэглэж, энэ чиглэлд туссан зорилт Нэг суурин, нэг бүтээгдэхүүн хөдөлгөөний зорилготой нийцэж байгаа нь басхүү найдлага төрүүлж байна гэв. Түүнчлэн Монгол, Япон Улс олон салбарт үр дүнтэй хамтран ажиллаж буйн үргэлжлэл болж энэ хөдөлгөөн улс орон даяар үр дүнгээ өгнө гэдэгт эргэлзэхгүй байгаагаа Ерөнхий сайд цохон дурдав.
Уулзалтад, Монгол Улсын Ерөнхий сайд асан, Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх Д.Содном, Монгол, Японы харилцааг дэмжих нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга С.Хүрэлбаатар, ЖАЙКА-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга, ноён Ёшиаки Канзаки нар оролцлоо. Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага болох ЖАЙКА дээрх зорилтыг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд тэмдэглэсэн юм.

/Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button