Роналдо 2004 оны шилдэг хөлбөмбөгчөөр тодорлоо

Швейцарийн Цюрих хотын дуурийн ордонд даваа гаригт болсон FIFA Gala ёслолд оны шилдгүүдийг тодруулж, шагналыг гардуулсан аж.
Бразилын хөлбөмбөгч 620 оноогоор өөрийн өрсөлдөгч Францын Тьерри Анри (552 оноо), Украины Андрей Шевченко (253 оноо) нарыг ялсныхаа дараа Миний хувьд эхний гуравт багтаж, энэхүү ёслолд оролцож байгаа минь нэр төрийн хэрэг юм хэмээн мэдэгдээд, Испанийн Барселона багийн хамтран тоглогчдодоо талархал илэрхийлжээ.
1980 оны гуравдугаар сарын 21-нд Бразилийн Порту-Алегри хотноо мэндэлсэн Роналдо 17 насандаа дэлхийн идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг
довтлогчоор шалгарсан бөгөөд жилийн дараа л насанд хүрэгчдийн хөлбөмбөгт дэвшсэн байна. 2001 онд Европт хэл тавьж, Парисын Пари Сен-Жермен клубтэй гэрээнд гарын үсэг зурсан. Удоан ч үгүй 2002 онд дэлхийн аварга болсон билээ. Ялангуяа шөвгийн 16-гийн тоглолтод англичуудын хаалганд 35 метрээс гоол оруулсан амжилтыг нь спорт сонирхогчид одоо ч онцлон дурсдаг. Роналдо өнгөрсөн оны долдугаар сард одоо тоглож буй Барселона багтай таван жилийн гэрээ байгуулсан.
Францын Тьерри Анригийн хувьд оны шилдэг хөлбөмбөгчийг тодруулах шалгаруулалтад хоёр дахь жилдээ үзүүрт үлдлээ. 2003 онд Францын шигшээгийнх нь хамтран зүтгэгч Зинедин Зидан тийнхүү энэ эрхэм хүндтэй өргөмжлөлийн эзэн болсон. Украин эр Андрей Шевченко хэдхэн хоногийн өмнө Европын өнөө жилийн шилдэгхөлбөмбөгчийн өргөмжлөл хүртсэн юм.
(өнөөдөр 2004.12.22 297)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button