Мөнгөний эрэлчид-тэй хамт Солонгосыг зорьсон тэмдэглэл

Уг ажлыг гардан гүйцэтгэгч нь НХХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн газрын харьяа Зуучлагч товчоо. Энэ байгууллага энэ оны аравдгаар сараас эхлэн 10-аад ээлжээр 400 гаруй хүнийг Солонгост явуулжээ. 10 дахь ээлж нь энэ сарын 13-нд Солонгосыг зорьсон юм. Нийт 44 хүн ажил хийхээр явж буй энэ ээлжтэй хамт үүнийг бичигч миний бие сэтгүүлчийн бус, хүмүүсийг ажил олгогчид нь ирж авах хүртэл харж хянадаг малчин-ы нэг болж давхар үүрэгтэйгээр явсан юм.
Буянт-Ухаагаас Кореан Аэр-ийн онгоцоор хоёр цаг 40 минут ниссэн биднийг Инчоны нисэх буудал дээр буухад гурван солонгос хүн тосч авав.Тэдний нэг нь монгол хэлтэй аж. Монгол нэр нь Шинээ гэж танилцуулсан солонгос залуугийн хэлснээр бид
Инчон, Сөүлээс нэлээд зайтай сургалтын төв рүү явах ёстой аж. Шинээ тэрхүү сургалтын төвд монгол ажилчдад хичээл заадаг гэсэн юм. Үдшийн 23,30 цагийн үед Инчоны нисэх буудлаас хурдны хоёр автобусанд хуваагдан суув. Шинээ багшийн
тайлбарласнаар сургалтын төв нь хурдны автобусаар цаг 30 минут давхиж хүрдэг газар гэв. Өөрөөр хэлбэл, Сөүлээс зүүн урагш 90, Инчоноос 100 нэлээд гаруй км-ийн зайд байдаг аж.
Шөнийн 01 цаг хүртэл давхиж байж сая хүрэв. Ямартаа ч хотоос нэлээд зайдуу хөдөө газар гэдэг нь мэдэгдэж байв. Эргэн тойрон модтой, уулын аман дахь цогцолбор байгууламж аж. Тэр хавийг Ёжү хэмээн нэрийддэг бөгөөд сургалтын төвөө Ёжү дахь хэмээдэг юм байна. Өөрөөр хэлбэл, Ёжү гэдэг нь уулын нэр учраас ойролцоох тосгон, энэ мэтчилэнгийн цогцолборуудыг Ёжүгийн хэмээн онцолдог ажээ. Сургалтын төвийн байранд биднийг байрлуулах өрөө бэлджээ. Нэг өрөөнд 2-4 хүн байх аж. Өрөө тус бүрийн хаалган дээр байрлах хүний нэрсийг ажиллах үйлдвэрийнх нь нэртэй цуг
бичиж хаджээ. Сургалтын төв (цогцолбор) дөрвөн том байртай. Голд нь багш нар удирдлагуудын ажлын төв байр, түүний ард хоолны газар, бас багш, зочдын байр, төв байрны хоёр талд нийтийн байр хийгээд сургалтын танхим бүхий байрнууд байх аж.
Бид энэ хоёр байрны баруун талынхад нь буусан юм. Нэг, хоёрдугаар давхар нь тэр чигээрээ сургалтын танхмиууд. Гуравдугаар давхарт нь бид. Бас хөрштэй. Тэр нь
вьетнамчууд. Тодруулбал монголчуудтай адилхан Солонгост ажил хийхээр очсон 46 вьетнам зэргэлдээ өрөөнүүдэд байрласан юм. Вьетнамчууд монголчуудыг бодвол биеэр жижиг, нэгэн жигд царай төрхтэй хүмүүс. Өрөө бүр зургаан ортой, зургаа ч гэж
дээ, хоёр давхар гурван ор.
Нийтийн байранд тохируулж хийсэн давхар модон орнууд.
Өрөөнд байгаа хувцасны шүүгээ, хичээл давтах ширээ, сандал сэлт нь дээрх модон орны адил загвараар хийгджээ. Солонгос юмуу, монгол үндэстнүүдийг илэрхийлэх онцлогтой тавилга, тохижилтын зүйл энэ байранд үгүй ажээ. Унтахын өмнө зааварчиллгаа өгч байна. Өглөө 7,00 цагт босч 7,30-д хоолонд орох ёстой. Хичээл нь 9,00 цагаас эхэлнэ. 12,00 цагт завсарлаж үдийн хоолондоо ороод 14,00 цагаас хичээлээ үргэлжлүүлнэ. Хичээл орой 18,00 цагийн хоол болтол үргэлжилнэ. Хоолоо идээ 19,00 цагаас хойш амрах боломжтой гэв. Тэрчилэн гурван өдрийн турш 20 цагийн хичээл үзсэний эцэст ажиллах үйлдвэр дээрээ очих ёстой гэдгийг хэлсэн юм. Бас ч гэж ажиллахаар очигсдод зарим хэрэглээний зүйлийг тавьж өгөв. Тухайлбал, бөөрөн
дээрээ KOILAF гэсэн бичиг бүхий цүнхтэй хичээлийн хэрэгсэл, гадаадын ажилчдад зоиулсан гарын авлага гэсэн сурах бичиг, оо, сойз, саван зарэг ариун цэврийн хэрэгсэл сэлтийг өгсөн. Мөн хантааз өгөв. Монголчуудад хөх, вьетнамчуудад шар өнгөтэйг. Үүнийг сургалтын төв дээр байх гурав хоногийн турш өмсөх учиртай.
Маргааш өглөө нь урьд шөнийн өгсөн хуваарийн дагуу эхэлсэн юм. Хоолны заал нь 600 хүний багтаамжтай аж. Тэнд сургалтын төвийн багш, ажилчид, бас Солонгост ажил хийх монголчууд, вьетнамчууд бүгд нэг зэрэг 7,30-аас өглөөний хоолоо идэцгээх аж. Хоол нь гэж будаа, кимчи, бас далайн байцаа гэх мэтийн ургамлын шөл, бусад хачрууд байх. Эхний өдөр будаанаас бусдыг нь арайхийн идэж байсан хүн цөөнгүй байв. Харин
маргааш өглөөнөөс нь эхлэн бүгд идэж сурсан гэхэд болно. Монголчуудыг Солонгосын хэл, хоол, амьдралд амархан дасдаг учраас хамт ажиллахад төвөг багатай хэмээсэн солонгос багшийн үг үнэний хувьтай бололтой. Үүнээс гадна өвлийн зузаан
хувцастай очсон хүмүүс хувцсаа нимгэлэхээс аргагүйд хүрсэн. Учир нь тэндхийн цаг агаар дулаан байв. Уг нь өвөл болж байгаа. Гэсэн ч цаг агаар нь манайхаар бол есдүгээр сарын сүүлч, аравдугаар сарын эхэнтэй адил байсан хэрэг. Тэр ч бүү хэл
сургалтын хоёр дахь өдөр бороо орж байлаа. Энэхүү сургалтын төв дээр монгол хэлтэй таван солонгос багш байх. Бас монгол нэртэй. Тухайлбал, Шинээ буюу Жон Жин Чол, Билгүүн буюу Мин Юу Сэб, мөн Мишээл хэмээх монгол нэртэй таван багштай. Тэд
монголын ажилчдад гурван чиглэлийн хичээл заана. Эхнийх нь солонгос хэл. Хүнтэй мэндэлж, ёслохоос эхлээд, хоол унд идэх, унтаж босох, гарч орох гээд ойр зуурын хийгээд ажил дээр шаардлагатай бүхий л үгийг заах аж. Дараа нь Солонгосын хууль
дүрэм, ёс заншил. Энэ хамгийн чухал нь. Багш нар солонгост ажил хийгээд сард хичнээн хэмжээний хөлс авдаг. Хэдийг нь татварт өгдөг. Бас өргөн хэрэглээний бараа , бүтээгдэхүүн ямар үнэтэй байдаг зэргийг бүгдийг нь хэлж өгөх ажээ.
Тухайлбал, монголчуудад хамгийн их хэрэгтэй мах гэхэд 600 гр нь 20 мянган вон. Манайхаар 20 мянган төгрөг гэсэн үг. За тэгээд өндөг идэх гэвэл ширхэг нь 200, сүү 250 гр нь 500вон, бас таксигаар нэг км явахад 1500 вонын төлбөртэй байдаг аж. Тэрчилэн солонгос хүнтэй хэрхэн харилцах, юуг цээрлэдэг, ямар ямар баяр байдаг гээд бүхий л зүйлийг хэлж өгч байв. Сүүлийнх нь хөдөлмөрийн багажуудыг хэрхэн ашиглах хийгээд аюулгүй ажиллагааны тухай хичээл. Энд алх, бахинаас өгсүүлээд үйлдвэрийн машин
зэргийг хэрхэн ажиллуулах талаар заах аж. Эндхийн багш нар монголчуудыг сонгогдсон үйлдвэр дээрээ очоод элдэв бэрхшээлгүйгээр ажлаа хийчих чадвартай болгох гол зорилготой хэмээцгээж байсан юм. Тиймээс тус сургалтын төвийн дэд
дарга Ким Жон Гакаас зарим зүйлийг тодруулсан юм. Сургалтын төвийн албан ёсны нэр нь Солонгосын олон улсын хөдөлмөрийн сан (СОУХС)-гийн Ёжү дахь сугалтын төв буюу англиар KOILAF (Korea international Labour foundation) гэдэг аж. Түүний ярьснаар, СОУХС нь улсынхаа Засгийн газар, үйлдвэрийн эзэд, ажилчидтай хийсэн гурван талын хэлэлцээрийн үндсэн дээр монгол, вьетнам ажилчдыг сургах үүргийг хүлэжээ. Засгийн газрын шууд харьяаны бус боловч хүлээсэн үүргээ ягштал биелүүлэх нь хамгийн чухал гэж байв.
Энд сургасныхаа төлөө монголчуудаас ямар нэгэн төлбөр авахгүй. Үүнийг нь тухайн ажилчныг ажиллууулах үйлдвэрийн эзэн төлдөг аж. Ер нь эндхийн багш нарын байнга анхаааруулах хоёр зүйл байх. Эхнийх нь архи, Монголчууд архинд дуртай, буцдаггүйг тэд сайтар мэдэх аж. Үүнээс болж ажлаасаа халагдаж Монгол руугаа буцсан гашуун жишээ ч бий гэсэн юм. Сургалтын төв дээр байрлах гурван хоногийн хугацаанд архи, шар айраг хэрэглэх хориотой. Хориотой гэснээс, сургалтын хугацаанд дээрхээс гадна байранд тамих татах, сургалтын төвөөс гадагш гарах, гаднаас ирэсэн хүнтэй уулзах зэргийг хатуу хориглоно. Дараагийнх нь орголт. Үйлдвэр дээр очсон хойноо хараар ажиллахаар оргож алга болохгүй байхыг сайтар зөвлөж байв.Зарим хувийн байгууллагын шугамаар очигсод ихэвчлэн ийм явдал гаргадаг тул оргохгүй байхын ач тусыг хэлж өгч байв. Үнэхээр ч тус улсад энэ оны наймдугаар сараас мөрдөж эхэлсэн
хуулийн дагуу албан ёсоор хөдөлмөр эрхлэх нь хэд хэдэн давуу талтай. Харин харлах нь бараг л боломжгүй гэсэн. Ер нь өдгөө харласан хүмүүст ажил олдохгүй болсон. Олдсон ч цалинг нь өгөхгүй байх явдал жирийн зүйл болсон тухай Солонгос дахь монголчууд ярьж байв.
/2004.12.22 Зууны мэдээ/