Овоо ш дээ, муу эрээс дээр юм гэдэг бол хамгийн тэнэг магтаал

Түүний хийсэн бүтээснийг хүн бүр андахгүй. Тэгээд ч эрчүүдтэй эн зэрэгцэн монголын бизнест цахиур хагалж яваа хатагтай Оюунгэрэлийг манай сонины уншигчид буюу Монголын ард түмэн Хүмүүний манлай хэмээн хүндлэх эрхийг шинэ оны босгон дээр олгосон юм.
Энэ удаа Монгол Улсын шилдэг бизнесмен, Петровис ХХК-ийн захирал хатагтай Ж.Оюунгэрэлийн яриаг та бүхэнд хүргэхээр бэлдлээ.
– Юуны өмнө таныг манай сонины уншигчид буюу монголын ард түмний саналаар Хүмүүний манлай хэмээн хүндлэгдэх эрхийг хүртэх болсонд баяр хүргэе.
Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
– Танай сонины энэ шагналын нэр үнэхээр сүрдмээр юм. Монголын мянга мянган уншигчдын санал асуулгаар энэхүү шагналыг хүртэж байгаадаа баяртай байна. Шагнал хүртэх хэдийгээр сайхан боловч түүний нэр хүндийг өргөж явна гэдэг хүнд ачаа байдаг. Тэгэхээр танай сонинх надад нэгэн хүнд ачаа үүрүүллээ гэж бодож байна.
– За ингээд удахгүй хэдхэн хоногийн дараа шинэ он гарлаа. Энэ жил таны хувьд амжилт бүтээлээр дүүрэн л өнгөрөө биз дээ. Хоёр оны зааг дээр эргэн дурсахад?
– Хүний өнгөрүүлсэн амьдралын цаг мөч болгон сайхан байдаг. Өнгөрсөн жил манай компаний хувьд амжилт бүтээл арвинтай, миний хувьд аз жаргалтай сайхан байсан.
– Шинэ жилийн баярын урилга их биз. Бэлтгэл хангагдаж байна уу?
– Сүүлийн үед шинэ жилийн арга хэмжээнүүд нэг маягийн их уйтгартай болсон шүү дээ. Манай компанийн болон манай Хүрээ ротари клубын шинэ жил сайхан болох байх аа.
– Таны хувьд Хүмүүний манлай гэх хүндлэл хүртэхэд монголын нефтийн салбарт оруулсан хувь нэмэр нөлөөлсөн. Тэгэхээр анх яагаад нефтийн зах зээлийг сонирхон хөл тавих болсон бэ?
– Би эзэмшсэн мэргэжлээ дагаж энэ ажлыг сонгосон.
– Өнгөрсөн жилийн хувьд манайд хийсэн томоохон хувьчлалын нэг нь НИК-ийн хувьчлал байсан. Танд энэ хувьчлалд оролцох санаа хэзээ төрсөн бэ?
– Монголын томоохон стратегийн аж ахуйн нэгжийн хувьчлалд анх удаа монгол компани ялсан тохиолдол нь НИК ХК-ийн хувьчлал байлаа. Энэ хувьчлалд орох хүсэл энэ бизнесийг эрхэлдэг монголын бүх компанид байсан боловч хөрөнгө мөнгөний асуудал нь гадаадынхныг бодвол бэрхшээлтэй байсан юм. Биднийг энэ хувьчлалд оролцооч гэж монголын бизнес эрхэлдэг хүмүүс болон манай компанийн удирдах болон дунд шатны ажилтнууд зоригжуулсан л даа. Манай ажилтнууд та мөнгө ол, бид ажлыг нь хийе, энэ компанийг ашигтай болгоё гэсэн.
– Энэ хувьчлалд танай компани гадаад, дотоодын нөлөө бүхий компаниудаас шалгаран тендерт ялсан шүү дээ. Хэдий хэмжээний төгрөгөөр өөрийнх болголоо?
– НИК ХК-ийн тендерт бид 8.5 сая ам.доллараар ялсан. Энэ мөнгө бидэнд бүрнээрээ байгаагүй. Бид гадаад, дотоодын иргэд аж ахуйн нэгж, найз нөхдөөсөө нэлээн мөнгө зээлж, 14 хоногийн дотор шаардлагатай мөнгийг цуглуулсан юм. Энэ хөрөнгийг
зээлэхэд компаниуд болон иргэд манай компанид хичнээн их итгэдгийг би олж харсан. Хүмүүсийн энэ итгэл бол манай компанийн олон жилийн хөдөлмөрийн гол үнэ цэнэ гэдгийг бид маш сайн ойлгосныг хэлэх нь зүйтэй болов уу.
– НИК компанийг монгол хүн хувьчлан авсан нь нефтийг гартаа атгаж үнийг ч гэсэн хөөрөгдөхгүй зохицуулах байх гэж зарим хүмүүс итгэж ярьцгааж байсан?
– Монгол улс зах зээлд хөл тавиад 15 жил боллоо. Одоо аль нэг компани аливаа салбарт дангаар ноёрхох эрх зүйн болон эдийн засгийн хөрс, боломж байхгүй. Нефть гэдэг бол зүгээр нэг өргөн хрэглээний бараа биш. Тиймээс ямар нэг томоохон компани нь эрх мэдлийг гартаа авч үнийг зохицуулна гэсэн ойлголт байхгүй шүү дээ.
Бусад орны хувьд энэ бизнесийг эрхэлдэг компаниуд нийгмийнхээ өмнө аюулгүй ажиллагаа, нөөц, үнийн бодлогын хувьд засгийн газар, нийгмийнхээ өмнө ёс зүйн болон эдийн засгийн хариуцлага хүлээж чадах хүчтэй цөөн компаниуд байдаг. Тэд гадаадын нефтийн компаниудтай өрсөлддөг болохоос манайх шиг өөр хоорондоо ноцолдож цаг, мөнгөө зардаггүй. Дэлхийн аль ч оронд нефть, хийн бизнесийг тусгай зөвшөөрлөөр хийдэг. Манайд бол мөнгөтэй Дорж, Дулмаа нар бүгд л нефть зарах эрхтэй.
– Сүүлийн үед нефтийн үнэ байнга өсч, үүнтэй холбогдон юмны үнэ даган хөөрөгдлөө. Ийнхүү нефтийн үнэ өсч байгаа нь хүн бүрийн бухимдлыг төрүүлж байгаа өнөө үед зарим нь дотоодын импортлогч компанийг буруутгаж, харин нөгөө нь гадаадын компанитай холбож тайлбарладаг. Харин таны зүгээс ямар тайлбар хийх вэ?
– Энэ онд дэлхийн нефтийн үнийн өсөлт сүүлийн 10 жилд байгаагүй ихээр өссөн. Зөвхөн энэ онд дэлхийн нефтийн үнэ 72 орчим хувиар, ОХУ-аас нийлүүлсэн шатахууны үнэ хоёр дахин өссөн байна. Гэхдээ түүхий нефть, нефтийн бүтээгдэхүүний зах зээлийн үнэ харилцан адилгүй байдаг. Манай хэвлэл мэдээллийнхэн зөвхөн түүхий нефтийн үнийг хүмүүст хүргэдэг. Гэтэл нефтийн бүтээгдэхүүний 6 том зах зээл дээр бүтээгдэхүүн бүрийн үнэ харилцан адилгүй байдаг. Бид сар бүр Юкосын шатахууны үнийг эдгээр зургаан зах зээлийн үнэтэй харьцуулахад дэлхийн зах зээлийн үнийн түвшинд байсан. Харин 10, 11, 12 сарын дизелийн түлшний үнэ Нью-Иорк, Сингапурын зах зээлтэй харьцуулахад 100-150 ам доллараар илүү үнээр борлуулсан байна. Манай монголын нефтийн бүтээгдэхүүн импортлогч компаниудын дотоодын болон гадаадын үнэ, валютын ханшийг даган хэлбэлзэж байдаг. Шатахуун түгээх станц дээр байгаа 1 литр шатахууны үнийн 86 орчим хувь нь шатахууны гадаад үнэ, гааль, онцгой албан татвар, нэмүү өртгийн татвар гээд дөрвөн төрлийн импортын татвар, төмөр замын хөлс үлдэж байгаа 14 хувь нь тухайн компанийн зардал, ашиг байдаг. Нефтийн бүтээгдэхүүний импортын татваруудыг бараа хилээр орж ирмэгц ноогдуулдаг учраас богино хугацаат зээлийн хүү үнийн дөрвөн хувийг эзэлдэг. Ингээд үлдэж буй 10 хувь нь ШТС-уудад 24 цаг ажиллаж байгаа хүмүүсийн цалин, хөдөө орон нутагт шатахуун тээвэрлэх зардал зэрэг зардалд зарцуулагдах юм.
– Бензиний үнийг тогтвортой байлгах талаар таны зүгээс ямар нэг зүйл хйж байна уу?
– Шатахууны үнийг тогтвортой байлгах нь импортлогч аж ахуйн нэгжүүд Засгийн газартай хэрхэн хамтран ажиллахаас их их шалтгаална. Бидний зүгээс улс орны эдийн засгийн аюулгүй байдал, энэ салбарыг хэрхэн хөгжүүлэх алсын зорилттой
учлдуулан асуудалд хандахыг санал болгодог. Засгийн газар зохих хэмжээний шатахууны нөөцтэй байж үнийн өсөлтийг хязгаарлах, бусад орны Засгийн газруудтай гэрээ хэлэлцээр хийх зэргээр үнийг тогтвортой байлгах арга хэмжээ авах хэрэгтэй
байна. Гэхдээ нефтийн үнэ бол хэн гуайн ч хүсэл зоригоос үл хамаарч дэлхийн улс төр, эрэлт хэрэгцээний дүнд тогтдог учраас Монголын дотоодын шатахууны үнэ дэлхийн нефтийн бүтээгдэхүүний зах зээлийн үнээс шууд хамааралтай.
– Танайх гадаадын ямар байгууллагуудтай хамтран ажилладаг вэ? Энэ жил Женевийн олон улсын байгууллагаас алтан медаль авсан гэж сонслоо. Ямар шалгуураар энэхүү медалийн эзэн болов?
– Нефтийн чиглэлээр ОХУ, Хятад, Япон, Казакстаны олон компанитай ажилладаг.
Женевийн алтан медалийн хувьд тухайн орондоо амжилттай ажилладаг бизнесийн ёс зүйг сахидаг компанид хөндлөнгийн судалгаа, дүгнэлтийг үндэслэн олгодог юм байна лээ. Бид алтан медаль авах болсноо тэднээс сарын өмнө ирсэн бичгээс мэдсэн.
– Таныг мөн Капитрон банкийг байгуулахад хөрөнгө оруулсан гэж дуулсан. Тэгэхээр Капитрон банкийг таны нэгэн эзэмшил гэж ойлгож болох уу? Та өөр ямар чиглэлээр бизнесийн үйл ажиллагаа явуулж байна вэ?
– Манай кампани Капитрон банкны тодорхой хувийг эзэмшдэг. Саяхан Юнигаз гэдэг шингэрүүлсэн хийг импортлох, борлуулах компани байгуулсан юм л даа. Манай түншүүд Японы Сумитомо, Ичитака, Монголын Мобиком компанийн охин компани Ньютелкарт юм. Энэ компанийн маань гол зорилго нь томоохон хотуудын агаарын бохирдлыг багасгах, хий борлуулах сүлжээг бий болгох, эрчим хүчний энэ шинэ эх үүсвэрийг эрчимтэй нэвтрүүлэх явдал юм.
– Сүүлийн үед таныг нийгмийн буяны үйлд нэлээн оролцох болсон гэж сонссон юм байна. Энэ тухайгаа сонирхуулаач.
– Манай компани болон миний бие 4 жилийн өмнө Авьяас-ХХI гэдэг санг үүсгэн байгуулж, мэдээлэл холбооны чиглэлээр суралцаж, ажиллаж байгаа хүүхэд, залуучуудыг дэмжих үйл ажиллагаа явуулдаг болсон. Энэ сангаас зохион явуулдаг
Интерком арга хэмжээг залуучууд мэддэг болж цар хүрээ нь өргөжсөөр байгаад баяртай байна. Мөн 3 жилийн өмнө үүсгэн байгуулсан Хүрээ ротари клуб монголын нийгмийн өмнө тулгамдсан зарим асуудлыг шийдэхэд туслах олон сайхан төслүүдийг хэрэгжүүлж байна.
– Саяхан НИК ХК Петровис ХХК-ийн борлуулж байгаа шатахууны 1 литр тутмаас тодорхой хувиар ядуурлын эсрэг сан байгуулахаар шийдсэн байсан?
– Бид бүхэн энэ нийгэмд хамт амьдарч байгаа болохоор нийгэмд маань тулгараад байгаа хамгийн хүнд асуудал болох ядуурлыг зүгээр хараад суух эрхгүй болж байна. Гэхдээ миний амьдралдаа бармталдаг хамгийн гол зарчмын нэг нь арчаагүй, залхуу хүмүүст туслах үнэхээр дургүй. Мөн нөгөө талаас тэр хүмүүсийг бизнес эрхлэгчдийн татварын мөнгөөр Засгийн газар тэжээж байгаа. Бидний ядуурлын эсрэг сангийн гол зорилго нь ядууралтайгаа тэмцэж буй болон ядууралд орж болзошгүй
хийе, бүтээе гэсэн гэр бүл, хүмүүст туслах явдал юм.
– Нефтийн хатан хаан гэгдтэлээ нэр хүнд олж энэ том компанийг удирдаж авч явна гэдэг эмэгтэй хүнээс нэлээн чамгүй ухаан шаардах зүйл байх. Зарим үед бэрхшээх шантрах тохиолдол гардаг биз дээ?
– Надаас дандаа та эмэгтэй хүн байж яаж энэ амжилтанд хүрэв гэж асуудаг. Эмэгтэй хүнд эрэгтэйчүүдтэй адил ажил хийх боломж олговол амжилт гаргах боломж бий.
Шантрана гэдэг бол сул хүний чанар. Гэхдээ ямар ч том албан тушаалтай байсан өөрийгөө эмэгтэй хүн гэдгийг эмэгтэйчүүд мартаж болохгүй. Эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй хэзээ ч адил болж болохгүй байх аа. Чи овоо ш дээ эр хүн шиг гэдэг юмуу
эсвэл муу эрийн дэргэд эр хүн гэж намайг зарим эрчүүд магтдаг. Энэ бол хамгийн тэнэг магтаал гэдгийг манай эрчүүд ойлгоосой.
– Эмэгтэй хүн амижлтанд хүрэхийн тулд өөрийнхөө ямар нэг зүйлийг золиослодог гэдэг. Таны хувьд үүнтэй санал нийлэх үү?
– Аль болохоор золиослох юмгүй байвал зүгээр дээ. Залуу байхдаа гэр бүлдээ анхаарал муу тавих, хүүхдүүддээ цаг бага зардаг байсан нүгэл бий. Хүн өөрийнхөө амьдралыг утга учиртай өнгөрүүлж өөрийгөө болон хайртай хүмүүсээ хайрлаж,
баярлуулж амьдрах ёстой гэж би боддог.
– Энэ их ажлын хажуугаар өөртөө ер нь хэр анхаарал тавьдаг вэ? Ямар гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж байна?
– Би Японы нэгэн гоо сайхны салоны бүтээгдэхүүнийг хэрэглэдэг.
Нэгэн гоо сайханч тамхи татдаг, ууртай хүмүүс ямар ч тос хэрэглээд арьсаа татуулаад хэрэггүй гэж ярьж байсныг би үнэн гэж боддог. Тайван байх, сайн унтах амьдралыг сайхан талаас нь харж болж өгвөл их инээх нь гоо сайхны хамгийн сайн эм.
– Ингэхэд та гэр бүлээ танилцуулаач. Нефтийн Оюунгэрэл гэдгээр тань хүмүүс андахгүй ч нөхөр болоод гэр бүлийн тань талаар сайн мэдэхгүй болов уу. Гэрийн эзэгтэйн үүрэгт ажлаа та хэрхэн зохицуулдаг вэ?
– Манай нөхрийг Батболд гэдэг. Өөрийн хувийн компанитай. Нөхөр маань миний ажлыг ойлгож хүндэтгэн дэмжиж байсан нь амжилтын нэг үндэс байх. Гэр бүлийн хүмүүс нэг нэгнийхээ ажлыг ойлгож, дэмжих нь маш чухал шүү дээ. Хүүхдүүд том болсон болохоор одоохондоо гадаадад сурдаг. Миний гэрийн ажилд тусалдаг хүн байгаа. Хүн өөрийнхөө дуртай чаддаг юмаа хийх нь зөв. Орчин үеийн ажил хэрэгч хүүхнүүд би эмэгтэй гээд аяга угааж, хоол хийхийн оронд гэрийн ажилд дуртай, сайн хүмүүсээр нь хийлгээд чөлөөт цагаа өөрийнхөө бизнестээ зориулдаг болсон шүү дээ.
– Саяхан хүүг тань загвар өмсөгчтэй суулаа гэсэн байсан. Ер нь та хэдэн хүүхэдтэй вэ? Хүргэн, бэрийнхээ тал дээр хэр анхаарч байна?
– Би хүү, охин хоёртой. Тэд маань насанд хүрсэн, өөрсдийн гэсэн амьдралыг үзэх үзэлтэй, биеэ даасан хувь хүмүүс болсон. Би ээжийн хувьд хааяа зөвлөгөө өгөх боловч шийдвэрээ тэд өөрсдөө зөв гаргаж чадна гэдэгт итгэдэг. Манай хүү нэг сайхан ажилсаг охинтой найзалдаг, тэр хоёр нэг нэгэндээ хайртай байх нь хамгийн гол шүү дээ. Гэрлэх тухай шийдвэр гаргаагүй байгаа.
– Та бизнест өөрийн гэсэн орон зайг эзэлж эмэгтэй хүн эрчүүдээс дутахгүй харин ч илүү амжилт гаргаж чаддаг гэдгийг харууллаа.Таны хүсэл мөрөөдөл ч тодорхой хэмжээгээр биелэсэн байх гэж бодож байна. Гэвч хүний хүсэл хязгааргүй гэдэг шүү дээ. Цаашид зорьсон төлөвлөсөн зүйл гэвэл?
– Хүний мөрөөдөл дуусвал үхчихдэг гэсэн шүү. Нэгэн эмгэн насан туршдаа коллежид сурахыг мөрөөджээ. Тэгээд 70 насандаа нэгэн коллежид орж суралцсан гэнэ. Тэр амьдралын маш их бачр баясгалантай хүн байсан учраас ангийн залуучууд нь түүнд сайн байж. Тэр ч их сайхан суралцаж коллежоо төгссөн аж. Харин тэр эмгэн коллежоо төгсөж, дипломоо аваад удалгүй нас барсан гэдэг.
Миний цаашдын зорилго хүмүүс юу гэхгүй өөрийнхөөрөө амьдрах, мөрөөдөл маань монголын компаниудыг дэлхийн хэмжээнд мэддэг үнэлдэг болтол нь ажиллах явдал юм.
– Бидний яриа өндөрлөж байна. Хүн бүрийн хүлээн зөвшөөрсөн хамгийн гоё баяр хаяанд ирлээ. Та хүмүүст хандаж юу хэлэх вэ?
– Ингээд ирж байгаа шинэ онд танай сонины хамт олон болоод уншигчдад аз жаргал, баяр баясгаланг хүсэн ерөөж хүн арддаа хэрэгтэй, өөдрөг сайхан мэдээллийг хүргэж байхыг ерөөе.

2004.12.22 Хүмүүс

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button