Нөхөр чинь айлын хэд дэх хүүхэд вэ?

Хэрэв таны найз залуу айлын ганц хүү бол
Тэд аливаа зүйл анхдагч, шилдэг байхыг хүсдэг бөгөөд маш хариуцлагатай. Ганц хүүхэд багаасаа л томчуудын дунд өсдөг болоод тэр үү, долоон настайгаасаа л бяцхан том хүн болдог. Эмх замбараа, зохион байгуулалт сайтай, тэд өөрийн эд хөрөнгийг хадгалах, арвижуулах, даатгуулах гээд хувийн гэсэн юуг ч хэн нэгэнтэй хуваалцах маш дургүй. Тэд багийн спортоос илүү ганцаарчилсан төрлийг илүүд эрхэмлэдэг бөгөөд бизнест ч дээгүүр гялалзах төлөвтэй. Та тоглоом, шоглоомоор ч тэр түүний тавгатай хоолноос амсъя гэж бүү хэлээрэй. Тэр үүнийг тэвчихгүй. харамсалтай нь эхийнх нь сэтгэлд цорын ганц эрдэнэд нь таарч тохирох бэр олох л хүндрэлтэй.

Хэрэв таны найз залуу айлын том хүү бол
Түүний төрөхийг бүгд хүсэн хүлээж байсан тул үргэлж айлын найдвар, түшиг, тулгуур болдог. Түүнд л хамгийн анх үнэтэй тоглоом, хувцас авч өгдөг нь жам. Yнэндээ ч айлын том хүү илүү хөдөлмөрч, сурлагадаа сайн, эмх замбараатай байх нь бий. Гэм нь жаахан хуучинсаг үзэлтэй. (Ор хөнжлийн асуудал ч мөн хамаарна) Гэхдээ тэд ноён нуруутай, маш түшигтэй. Ийм л ханийг бүсгүйчүүд маань хүсэмжилдэг шүү дээ. Мөн айлын том хүү орчин тойрныхондоо дэндүү гэмээр шаардлага тавьдаг. Энэ даашинз намайг тарган харагдуулаагүй биз гэж асуухад чинь Аймаар гэсэн хариулт сонсвол бүү гомдоорой. Тэд өөртөө ч мөн хатуу шаардлага тавьдаг.

Хэрэв айлын дунд хүү бол
Анхны том хүүг бүгд хүсэмжилж байсан бол удаахь хүү төрөхөд баяр хөөр арай намдуу, нойргүй хонохын зовлонг ээж арай мартаагүй үе.Түүнд ууган ахын хуучин хувцас, эд зүйл оногдох талтай. Хэдий бодитой шалтгаанаар ч бай, дунд хүү багадаа анхаарал халамж хангалттай аваагүй гэж болно. Магадгүй үүнээсээ болоод тэр үү дунд хүү бусдаас түрүүлэн эхнэр авах магадлалтай. Түүнд өөрийн гэсэн орон гэр, хэмжээлшгүй хайр маш чухал. Дунд хүү эхнэртээ, ялангуяа үр хүүхэддээ маш хайртай, халамжтай сайн аав болно. Гэр бүлээ ямар нэгэн зүйлээр дутаахыг тэр тэвчихгүй. Тэрээр орчин тойрныхондоо хүлээцтэй ханддаг бөгөөд үнэнч сайн найз олонтой. Багадаа хэт танхи өсөөгүй дунд хүү нар элдэв янзын ааш авиргүй тул амьдрахад нийцтэй, хялбар байдаг. Гэхдээ дунд хүү нар нэр алдартай болох нь ховор.

Хэрэв найз Чинь айлын отгон хүү бол
Амьдрал дээр хамгийн сүүлд байна гэсэн үг биш. Yлгэрт гардаг гүнж айлын хамгийн отгон Иван тэнэгийг л сонгодог биз дээ. Айлын отгон гол төвөл том ах нартаа атаархах барьцах нь их байдаг. Түүний чадаж байгааг би ч мөн чадах ёстой гэсэн бодолтой явах нь бий. Хэрэв эцэг эхийн амжиргаа тогтворжин дээшилж хүүхдүүд томорсон үед нялх хүүхэд хүсэмжлэн отгон хүүгээ гаргасан тохиолдолд эрх танхи болох нь тодорхой. Ер нь айлын отгон хүү нар жаахан зоргоороо, адал явдалд дуртай, тэрслүү үзэлтэй, эрч хүчтэй байх талтай. Тэд болж өгвөл л том ах нарын замаас хазайх гэдэг. Хэрэв та айлын отгон хүүг сонгосон бол насаараа л түүнийг арчилж, тордоно гэсэн үг. Багаас нь л түүнийг халамжит эх, том ах, эгч нар нь бөөцийлж байсан болохоор өөртөө арчаа муутай, эмх замбараагүй өссөн гэж болно. Гэхдээ отгон хүү нар авьяастай, сэргэлэн байх нь их тул урлаг, улс төрд гарч манлайлахыг үгүйсгэхгүй. Хэрэв танд удирдах, зохион байгуулах чадвар байвал айлын отгон хүүтэй суухад яагаад болохгүй гэж.

/Хань 2004-12-16/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button