Төсвийн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авав

Тэд Онцгой албан татварын хуулийн зарим заалтад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх талаар хэлэлцсэн бөгөөд эхлээд Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Г.Баясгалан яагаад хориг тавих болсон тухай үндэслэлүүдийг тайлбарлав. Гишүүдийн хувьд Сангийн яамныхнаас тодруулж асуух зүйл байна гэж байсан ч хэн нэгэн хүрэлцэн ирээгүйгээс Л.Гүндалай гишүүнээс эхлэн саналаа хэлж эхлэв. Тэрээр Би Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж бодож байна. Бид бусад татвараа авч чадахгүй байж, татварын бүрдүүлэлтэдээ анхаардаггүй байж, архи тамхинаас авах татвараа нэмдэгээ болих хэрэгтэй. Энэ нь ард иргэдэд дэндүү их дарамт болно. Архи, пивоны бүх үйлдвэрүүдээ тоолууржуулаагүй болохоор татвараа үнэнчээр төлдөг нь хохироод, төлдөггүй нь завшаад байдаг шүү дээ гэсэн бол Э.Бат-Үүл гишүүн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэж байгаа үндэслэлүүдээ тайлбарласан юм. Тэрээр асуудлыгтөсөвтөө тусгасныхаа дараа хууль гаргаж байгаа явдлыг хууль зүйн хувьд буруу гэж үзсэн бөгөөд архи, тамхины онцгой татварыг нэмсэнээр авилгал авдаг хүмүүсийн халаасыг зузаатгана хэмээн үзэж байгаагаа мэдэгдэв. Гишүүн Э.Бат-Үүл Манайхан татвараа авч чадахгүй мөртлөө татвараа нэмээд л байдаг. Улстөрчид төрийн нэрийн өмнөөс хүмүүсийг дарамталж, мөнгө авдаг хүмүүст боломж олгож байна гэлээ. Мэн улсын төсөвт татвар төлж, олигтой орлого оруулж байгаагүй нэг хүний гаргасан саналыг Засгийн газар шүүрэн авсан нь буруу хэмээн үзэж байгаагаа ч хэлсэн юм. Тэднийг саналаа хэлсний дараа Л.Одончимэд, Н.Энхболд гишүүн нар өөрсдийн саналаа илэрхийллээ. Тэд ч дээрх хүмүүсийн адил татвараа авч чаддаггүй, татварын бодлогын хэрэгжилтэдээ анхаардаггүй байж шинээр татвараа нэмээд байх нь зөв шийдвэр биш гэж үзэж байгаа юм байна. Хурал эхэлсний дараахан орж ирсэн Сангийн сайд Н.Алтанхуягийг ирэхээс өмнө асуух зүйл байна гэж байсан ч түүний хийсэн товч мэдээллийн дараа юу ч асуугаагүй гишүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаар шийдлээ. Байнгын хорооны 12 гишүүн Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж гараа өргөснөөр хуралдаан өндөрлөсөн юм. Энэ асуудлыг үдээс хойш болох УИХ-ын нэгдсэн хуралдаанаар авч хэлэлцэх байсан ч хуралдаан хоишлогдов.
(өдрийн сонин 2004.12.24 315)