Шинэ жилийн зардал

Гуйж авсан хэдэн бор төгрөгөө зохицуулах гэж толгойгоо хөөрхөн гашилгана. Охид хүүхнүүдээс аливаа баяр илүү их үрлэг шаарддаг хойно гоёлын даашинз, туфль, зүүлт гээд жижиг сажиг зүйлд ч зардал гарна.
Ганцхан үдэш хамаг мөнгөө үрчихнэ гэдэг. хэн ч бодсон хайран. Гэвч ёс юм яая гэхэв. ХэДэн өдөр прокат хэсч гадуур гүйнэ. Ихэнх охид даашинзаа прокатладаг. Үнэтэй даашинзанд гар татахгүй авч чадах чадвартай оюутан тун цөөн. Үсэндээ гоёлын засалт хийлгэхэд дор хаяж таван мянган төгрөг байдаг.
Эрчүүдийн хувьд цайны ганц костюмаа сайхан индүүдэж өмсөөд, үсээ гельдчихэд л баярт очиход бэлэн. Хөдөөний оюутнууд хотынхонтой адилгүй. Эртхэн гэрлүүгээ мөнгө захина. Эсвэл ломбард зүглэнэ. Ер нь алт монетон эдлэлтэй байх нь мөнгөнии хэрэг болсон үед түргэн тусламж үзүүлдэг сайн талтай гэдгийг оюутнууд сайн мэднэ. Ингээд л ээмэг, бөгжнийхөө оронд ломбардны хуудас цүнхлээд шинэ ондоо өртэй орчихдог.
Юмаа ломбарданд тавьчихсан оюутнууд Шинэ ондоо өртэй орвол тэр жилдээ өрнөөс салдаггүй юм гэнэ лээ гээд инээмсэглэнэ.
За тэгээд баярын үеэр хелөглөх таксины үнэ дунджаар 3-5 мянган төгрөг. Гоёлын даашинз өмсчихсөн хүн нүцгэн шилбээ гялалзуулан автобусанд суухгүй. Очоод гоёлоо өмчихнө гэж бодсон ч янзалж засуулсан үс муухай болно гээд шинэ жилийн үеэр нийтийн тээврийн хэрэгслээр зорчдог оюутан байхгүй.
Сургуулийн шинэ жилийн үеэр хэрэглэх мөнгө ойролцоогоор таван мянга. Үүнд такс, нэг лааз пиво, ундаа, бялууны үнэ багтаж байгаа юм. Бялууг мөнгөө нийлүүлж гаднаас аваад ордог. Сургуулиуд шинэ жилээ томоохон диско клубт хийдэг тул такс дор хаяж мянган төгрөг болно. Оюутнууд сургуулийнхаа арга хэмжээнээс гараад анги ангиараа тус тусдаа үргэлжлүүлэн баярладаг нь хэвшил болсон зүйл.
Тэд ангиараа шинэ жил тэмдэглэхийн тулд олон асуудалтай тулгардаг байна. Үүний нэг нь байр. Баар, ресторанд орж сууна эсвэл байр хөлсөлнө. Ер нь оюутнуудын дунд айлын байр хөлслөх явдал түгээмэл байдаг. Баарны архи дарс үнэтэй байдаг нь ч үүнд нөлөөлдөг ажээ. Айлууд байраа хоногийг нь 15-20 мянган төгрөгөөр хөлслүүдэг юм байна.
Нэр хаягаа нууцлахыг хүссэн нэгэн сургуулийн оюутнууд Архи, дарс, чихэр жимс гээд л хэрэгтэй зүйлээ гаднаас хямдхан аваад орчихно. Нэг оройг ангиараа хөгжилдөж өнгөрүүлэн хамт хоночихоод өглөө тардаг. Бие биеэ илүү сайн таниж дотносоход ингэж хамт байх нь их хэрэгтэй гэцгээв. Нэг өрөө хөлслүүлнэ гэсэн айлд хэсэг оюутнуудтай хамт очлоо. Тэднийх хоёр өрөөнийхөө нэгийг суллажээ. Өрөө бохирдуулахгүй, эд зүйлс эвдэж гэмтээхгүй байх шаардлага тавьлаа.
Баярын үеэр анги хамт олонд өрөө хөлслүүлнэ гэсэн зар хааяа FМ радиогоор явдаг ч ихэвчлэн оюутнууд өөрсдөө сураглаад олчихдог гэнэ.
Ингээд тооцоход эрэгтэй оюутнууд шинж жилд зориулж 5-10 мянга, эмэгтэйчүүд 20 мянгаас дээш төгрөг зарцуулдаг байх нь.
(өнөөдөр 2004-12-27 302)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button