Би хэтэрхий турчихвал Туяа биш болчихно биз дээ

Бид энэ удаагийнхаа зочноор Өнгөт инээд хамтлагийн жүжигчин, СТА Б.Туяаг урьсан юм.
-Шинэ жилийн баярт зориулж Хөгжилтэй гацуур буюу хип, хоп өвгөн хошин жүжигт тоглохоор бэлтгэл хийж байна. Сүүлийн үед шоу хөтөлбөр гэхээсээ илүү хошин мюзиклыг мэргэжлийн төвшинд хүргэхийг зорьж байгаа. Өнөөдөр дэлхийн хэмжээнд хошин урлагийн ертөнц мюзиклээр л хэмжигдэж байна. Бид ч тэр өндөрлөгт хүрэхийн төлөө олон шинэлэг зүйлүүдийг хийж байгаа.
-Таныг Монголын хошин урлагийн анхдагчдын нэг гэдэг?
Yүнийг би хүлээн зөвшөөрнө. 1989 онд Хүүхэд, залуучуудын театрт ажиллаж байхдаа анх жүжигчин,
МУГЖ Б.Батзаяатай хамтран Монголын нэг өдөр шоу тоглолтоо Соёлын төв өргөөнд хийж байлаа. Тэр үед бидний тоглолтыг үзэх гэсэн үзэгчид тасалбараа бариад Соёлын төв өргөөнөөс Засгийн газрын ордон хүртэл дугаарлачихсан байдаг байж билээ. Энэ үед хүмүүс инээхийг, хошин шоу хөтөлбөр үзэхийг ямар их хүсч байгааг, тэдэнд хэрэгтэй байгааг олж харсан. Ардчилал хөгжиж Инээдэм-76, Элдэв зураг гээд цуврал тоглолтуудаа хийсэн. Телевизийн Бага тайз хошин нэвтрүүлгийг ч хийж байлаа. Бид хошин урлагийг хөгжүүлж, Монголын үзэгчдэд хүргэхийн тулд их ч хөдөлмөрлөсөн дөө. МУГЖ Мягмар, Дашхүү, Батзаяа, зохиолч Б.Лхагвасүрэн, Барамсай нар анхны хошин хөтөлбөрүүдэд идэвхтэй оролцож байлаа.
-Ингэхэд хошин урлагт хөл тавих болсноо эргээд нэг дурсаач?
-Би жүжигчний мэргэжлийг эзэмшээд Хүүхэд, залуучуудын театрт орж ажилласан. Өөрийгөө хошин урлагт хүч үзнэ гэж тэр үед бодож байгаагүй. Ихэвчлэн айлын эрх охин хүүхдийн дүрд тоглодог байлаа. Хошин урлагийн театрыг байгуулж 12 жил ажилласан. Энэ хугацаанд хүүхдийн дүр бүтээсэн нь илүү олон. 30 гаруй жил жүжигчнээр ажиллахдаа хүүхдийн дүрд тоглохгүй өнжсөн нэг ч жил байгаагүй. Ямар сайндаа Ардын жүжигчин Жаргалсайхан, МУГЖ Цогзолмаа гуай нар Монголын Уриминзова гэж нэрлэдэг байлаа.
-Хүүхдийн дүрийг өөрөө сонгодог уу?
-Намайг анх тайз дээр гарч ирэхэд үзэгч хүүхдүүд сэтгэлийнхээ халуун мэдрэмжээр хүлээн авсан. Тиймээс хүүхдийн төлөө их зүйл хийхийг боддог. Ер нь хөгширсөн ч хүүхдийнхээ дүрд тоглосоор л байх болов уу. Надад айлын ааштай охин эсвэл хэрсүү жаал болоход тийм ч хэцүү санагддаггүй. Тэдний дотоод сэтгэлийн энхрий, өхөөрдөм дүр төрхийг үзэгчдэд нээж гаргахдаа би сэтгэл өндөр байдаг. Тэгээд ч хүүхэдтэй их ойрхон байдаг болохоор дүрээ судлах, дуурайх гэж чармайх шаардлага гардаггүй. Гадаа гудамжинд явж байсан ч би зөрөөд өнгөрөх хүүхдийг өхөөрдөхгүй байж чаддаггүй.
-Өөрөө хүүхэд байхдаа их авьяастай байсан уу?
-Ер нь авьяастай байсан шүү. Нугардаг, дуулж бүжиглэдэг хүүхэд байсан. Ээж маань эмч хүн болохоор намайг эмч болгох гэдэг байлаа. Хэрвээ би жүжигчин болоогүй бол хүүхдийн эмч л болох байсан байх даа.
-Ингэхэд та аль нутгийн хүн бэ?
-Би хотод төрж өссөн. Харин аав, ээж маань Говь-Алтай аймгийнх. Тэгэхлээр би Говь-Алтайнх.
-Ер нь амьдрал тэр чигээрээ жүжиг гэдэг шүү дээ. Та ямар дүр бүтээж байна вэ?
-Амьдрал дээр өөртөө тохирсон сайхан сэтгэлтэй ээжийн дүрд тоглож байна. Харин ажил дээрээ бол нэг тийм сэргэлэн авгайн дүрд чадварлаг тоглож байгаа байх аа.
-Гэр бүлийнхнийгээ танилцуулаач. Танай нөхрийг Америкт амьдардаг гэж сонссон юм байна?
-Нөхөр маань цэргийн газар ажилладаг байсан. Одоо тэтгэвэртээ гараад Америкт амьдарч байна. Бид нэг хүү, хоёр охинтой. Саяхан зээтэй болж эмээ болсон. Их гэр амьтай. Өглөө зээгээ үнсэхгүй, өдөр утасдаж асуухгүй бол санаа зовоод байдаг юм. Ийм л халамжтай эмээ болчихоод байна.
-Хүүхдүүд тань таны мэргэжлийг өвлөж байгаа юу?
-Їгүй, бүгд л өөр өөрсдийн сонирхлоор мэргэжлээ эзэмшсэн. Миний ажил их хэцүү. Тэднийг жүжигчин бол гэж шаардахгүй. Жүжигчин хүн олны танил, алдартай л болж чадахгүй бол хэрэггүй. Маш их авьяастай, хөдөлмөрч байж л амжилтад хүрнэ. Харин би өөрийгөө их азтай хүн гэж боддог. Аав, ээж маань намайг авьяастай төрүүлж, хөдөлмөрч, шаргуу болгож хүмүүжүүлсэн. Цаг үе маань хийж бүтээх урам өгсөн. Тиймээс би өдий зэрэгтэй эрч хүчтэй явна.
-Таныг их мэдрэмж сайтай жүжигчин гэлцдэг?
-Би Өнгөт инээд хамтлагт ороод гурван жил ажиллаж байна. Хамтлагийнхан маань намайг ээжээ гэж хүндэлдэг. Янз бүрийн асуудал гарахад Туяа эгчээ яах вэ? гэж асууж байдаг л даа. Тэр болгон хүнээс ингэж асуугаад байхгүй шүү дээ. Тэд маань та их мэдрэмж сайтай гэдэг юм. Би аливаа юманд сэтгэлээсээ ханддаг.
-Ер нь амьдрал тэр чигээрээ жүжиг гэдэг шүү дээ. Та ямар дүр бүтээж байна вэ?
-Амьдрал дээр өөртөө тохирсон сайхан сэтгэлтэй ээжийн дүрд тоглож байна. Харин ажил дээрээ бол нэг тийм сэргэлэн авгайн дүрд чадварлаг тоглож байгаа байх аа.
-Ингэхэд Туяа эгч турах талаар боддог уу?
-Їгүй шүү. Би хэзээ ч байгаагаасаа илүү турчих юмсан гэж боддоггүй. Энэ миний имиж. Хэрвээ би хэт турчихвал Туяа биш болчихно (Инээв). Ер нь байгаагаараа байх дуртай. Харин урлагийн хүний хувьд үүнээс илүү таргалж болохгүй гэж боддог. Жингээ аль болох барихыг хичээж байна.
-Уучлаарай, таныг нүүрний арьсаа татуулсан гэж ярих юм?
-Їрчлээгээ багасгах гэж шингэн шахуулсан. Бага зэрэг хэтрүүлснээс болоод нэг хэсэг таагүй байсан. Одоо зүгээр, гайгүй. Манайхан, тэр арьсаа татуулж, хамраа өндөрсгөж гэнэ гээд л муулах маягаар ярьдаг. Харин би үүний эсрэг байдаг. Ямар ч хүн гоо сайхандаа анхаарч бусдад сайхан харагдахын төлөө л байдаг шүү дээ. Тиймээс юугаа өөрчилж, яаж янзлуулах нь хувь хүний асуудал. Гоо сайхны засал манайд өнөөдөр дөнгөж орж ирж байгаа. Энэ чиглэл нь цаашид улам илүү хөгжөөсэй, хүмүүс бүгд л гоё сайхан болоосой гэж хүсч байдаг.
-Та ямар гоо сайхны бараа хэрэглэдэг вэ. Нууц биш бол гоо сайхандаа хэдий хэрийн мөнгө зарцуулдаг бол?
-Би сүүлийн хэдэн жил Солонгосын гоо сайхны барааг тогтмол хэрэглэж байна. Ер нь гоо сайхандаа боломжийн мөнгө зарцуулдаг. Эмэгтэй хүн гоё сайхан харагдахын тулд үнэтэй энгэсэг, будаг хэрэглэхээс гадна өөрийнхөө арьсанд тохирсон барааг сонгож байвал илүү зохимжтой юм шиг санагддаг.
-Мөнгөний үнэ цэнийг хэр мэдэрдэг вэ. Тооцоотой юу?
-Социализмын үед аав, ээж маань мөнгөний үнэ цэнийг мэдрүүлээгүй өсгөсөн. Ер нь их үрэлгэн байж магадгүй. Гэхдээ аль болох олсон мөнгөө хэрэгтэй зүйлд зөв зарцуулахыг боддог. Мөнгө олох гэж улайраад шунаад явдаггүй. Хүмүүс үнэгүй тоглолтод оролцоод өгөөч гэвэл очоод л оролцдог. Хамгийн сүүлд Хүүхэд асран халамжлах төвийн 30 жилийн ойд оролцлоо.
-Амралтын өдрүүдэд юу хийх дуртай вэ?
-Урьд нь миний хоёр дахь ажил кинонд дуу оруулах байлаа. Харин одоо бол зээгээ асрах ажил л байна даа. Мөн хүүхдүүдтэйгээ салхинд гарч амрах дуртай.
-Гуниглах үе байдаг биз?
-Хүний амьдрал дандаа л инээдээр дүүрэн байдаггүй. Гуниж гомдох үе бий. Тэр үед жаахан уйлж байгаад л тайвширчихдаг. Ер нь юмыг их амархан уучилдаг.
-Өөрийн амьдралд тохиолдсон хөгжилтэй явдлуудаасаа сонирхуулаач?
-Би юманд амархан итгэдэг хүн. Нэг удаа найз бүсгүйгээсээ ханын иж бүрэн тавилга худалдаж авах болоод гэрт нь очиж үзлээ. Таалагдсан болохоор маргааш нь нөхөр, хүүхдээ дагуулаад машин аваад очсон. Гэтэл төрсөн дүүгийнхээ ханын тавилгыг нь худалдаж авснаа сүүлд мэдсэн. Инээдтэй байгаа биз. Тэр үед дүү, бэр хоёр маань хөдөө явчихсан. Бэрийн эгч нь байсныг анзаараагүй л тавилгыг нь авчихсан байсан даа.
-Урьд нь дүүгийндээ очиж байгаагүй юм уу?
-Төрсөн дүү юм чинь зөндөө л очдог байсан. Итгэчихсэндээ болоод анзаараагүй, мөн нэг удаа хүргэн дүү Туяа эгчээ, би Эрхүү явах боллоо, та надад савхин бээлий авч өгөөч гэхэд нь тэр дор нь л зах гарч таван бээлий авч өгсөн юм. Гэтэл, өвөл миний гар даараад байсан юм. Нэг л надад болно, та бусдыг нь ав гээд дөрвийг нь буцаагаад өгчихдөг байгаа. Эрхүү явах гээгүй л юм байна билээ л дээ. Ийм л итгэмтгий зантай даа.
-Хүнийг уйлуулж, уурлуулах амархан. Харин инээлгэх хэцүү гэдэг?
-Нэг ийм онигоо байдаг юм. Маш их ядарсан нэг хүн эмчид хандаж л дээ. Тэгээд эмчээс намайг эмчилж өгөөч гэж гуйгаад хэсэг хугацаанд эмчилгээ хийлгэсэн боловч ядаргаа нь арилахгүй байв. Тэгээд эмч түүнд нэгэн алдартай инээдмийн жүжигчний нэр хэлж, түүн дээр л очиж ядаргаагаа эмчил гэж зөвлөжээ. Гэтэл өнөөх хүн, тэр жүжигчин чинь би л байна шүү дээ гэсэн гэдэг.
-Хоёулаа таны уран бүтээлийн талаар ярилцъя. Мэргэжлийн хүний хувьд манай хошин урлаг өнөөдөр ямар төвшинд явж байгаа бол?
-Бид нэлээд олон жил хошин, шоу хөтөлбөрийг үзэгчдэд хүргэсэн. Харин одоо бол түрүүний хэлснээр хошин мюзикл, хошин жүжгийн төрөл рүү шаргуу орох цаг нь болсон. Ингэж чадвал дэлхийн хэмжээний сайн бүтээл гарах боломжтой. Гэхдээ бидний хийсэн тоглолтууд олон улс орны үзэгчдийн гайхлыг төрүүлж чаддагт бахархдаг. Манай Өнгөт инээдҐ хамтлаг саяхан Канадад болсон олон улсын наадамд Ромео Жульетта хоёрын хайр дурлал тоглолтоо хийхэд тэндхийн үзэгчид гайхан биширч байлаа. Энэ нь бидэнд асар их боломж байгааг харуулсан.
-Хошин шоу тоглолт мөнгө олох арга, хүнд өгөх өгөөж нь тааруу гэж ярьдаг?
-Їзэгчдэд нэгэн хэвийн тоглолт, хөтөлбөр үзүүлээд байвал тэд уйдна. Харин шинэлэг, содон юм хийж байгаа цагт үзэгчид хүрээлж л байдаг. Зарим нэг мэдрэмж тааруу, хошин урлагийг ойлгодоггүй хүмүүс ингэж ярьдаг л даа. Бид мөнгөний төлөө биш, сайн дурын уран бүтээлчид. Түүнийгээ үзэгчдэд хүргэхийн төлөө л ажиллаж байгаа.
-Сүүлийн үед хошин дуунд хүчээ үзэж байгаа гэсэн?
-Би Монголд хошин дууг хөгжүүлэх юмсан гэж бодож явдаг. Жаахан цэрэг, Хэрвээ би эр хүн байсан бол, Тэнүүлчин, Наймаачин хүүхэд гээд олон хошин дуу дуулсан. Дуу маань хүмүүсийн сэтгэлд хүрсэнд баярлаж явдаг. Цаашид олон хошин дуугаа олны хүртээл болгоно гэж бодож байна.