Монгол ноолуурын ирээдүй

Өвөг дээдэс минь бараг Хүннү, Сүннүгийн үеэс энэхүү гайхамшигт амьтныг гэршүүлэн тэжээж, түүний ашиг шимийг амьдрал ахуйдаа хэрэглэсээр иржээ. Ноолууран түүхий эдийн нөөцөөр Монгол улс өнөөдөр дэлхийд зөвхөн БНХАУ-ын дараа ордог. Монгол улс хэдийгээр хонины ноос боловсруулах үйлдвэрлэлийг Зөвлөлтийн ард түмний харамгүй тусламж, дэмжлэгээр 1930-аад оны эхэнд байгуулан амжилттай ажиллуулж байсан ч ямаа тэмээний ноолуурыг үйлдвэрлэлийн аргаар боловсруулах асуудлыг 1970-аад оны эхэн үе хүртэл хөндөж байгаагүй. Энэ нь манай инженер техникчид эдгээр түүхий эдийг боловсруулах техник технологи эзэмших чадваргүйдээ биш, харин боловсруулах технологийг дэлхийд анх эзэмшсэн Англи, дараа нь Япон, Америк, Итали улс маш нууц байдалд байлгаж байсантай нэг талдаа, нөгөө талдаа үзэл суртлын нийгэмд өндөр хөгжилтэй дээрх орнуудтай харьцах боломжгүй, хаалттай байсантай холбоотой юм. Гэхдээ олон арван үйлдвэр, нэгж ашиглалтад орж, улмаар улс орны эдийн засгийн хүчин чадал хурдацтай нэмэгдэж байсан 1970-иад оны эхнээс ноолуурыг үйлдвэрийн аргаар боловсруулан экспортын бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх шаардлага гарч ирсэн. Байдлыг соргогоор мэдэрсэн тэр үеийн Хөнгөн хүнсний үйлдвэрийн яам, гадаадтай харьцах эрх бүхий байгууллагын хүмүүс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн байгууллагад хандсанаар асуудал шийдэгдэж, 1978 онд жилд 35.000 ширхэг ямааны ноолуур, тэмээний ноосон сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргах хүчин чадалтай Туршилтын үйлдвэр ашиглалтад орсон билээ. Ингэснээр Монгол улс анх удаагаа ямаа, тэмээний ноолууран бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн юм. Монголчуудын аливаа юмны уян, зөөлөн сайхныг төсөөлөн хэлэхдээ хэрэглэдэг хөвөн зөөлөн, мяндсан зөөлөн гэдэг үг нь ч туршилтын энэ үйлдвэрээс гарч байсан анхны бүтээгдэхүүнд ширүүдэж байв.
Гэвч энэ үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдийг гадаад зах зээл дээр чөлөөт валютаар борлуулах асуудал төсөөлж байснаас ихээхэн бэрхшээлтэй тулгарч байв. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө гэсэн зарчим хүчтэй үйлчилж байсан тэр үед уг үйлдвэрийн ажиллагаатай танилцсан МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга (өнөөгийн аж үйлдвэрийн гавьяат ажилтан) П.Дамдин, А.И. Цэдэнбал-Филатова нар байдлыг сайтар ойлгож,бүтээгдэхүүнийг гадаадад сурталчлах, борлуулах талаар дээд хүрээнийхнийг хөдөлгөөнд оруулж чадсан юм. Энэ нь ч үр дүнгээ өгч 1980 онд анх удаагаа АНУ-д бүтээгдэхүүнээ экспортолсон нь Монголд үйлдвэрлэсэн ноолууран бүтээгдэхүүн цаашдаа дэлхийн өндөр хөгжилтэй томоохон орны зах зээл дээр гарах эхлэл болсон. Монголын инженер техникчид туршилтын үйлдвэрийн техник технологийг богино хугацаанд амжилттай эзэмшиж , экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахаа амьдрал дээр ингэж баталгаажуулсан учир жилд 1200 тонн ямааны ноолуур, 400 тонн тэмээний ноос боловсруулах хүчин чадалтай дараагийн үйлдвэрийг Япон улсын Засгийн газрын буцалтгүй хөрөнгөөр барьж 1981 онд ашиглалтад оруулсан. Монголын ард түмэн юманд нэр хайрлахдаа цаад утга учрыг нь гүн тунгаан бодож, түүнд яв цав тохирсон нэр хайрладаг түүхэн уламжлалтай. Энэ уламжлалаараа Монгол улсын ирээдүйн хөгжлийн төв нь яах аргагүй говь нутаг болно гэж төсөөлж, түүнийгээ бэлэгшээн үйлдвэртээ Говь гэж нэр хайрласан нь тун оносон хэрэг юм. Говь комбинат 1990 он хүртэлх хугацаанд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ дийлэнхийг социалист орнуудад экспортолдог, тухайн үедээ Монгол улсын жилийн орлогын 70 шахам хувийг дангаараа бүрдүүлдэг байв.
Зах зээл гол зохицуулагЧ нь
Монгол улс зах зээлийн нийгэмд шилжээд 10 гаруй жил өнгөрчээ. Зах зээл өөрөө тогтвортой оршин тогтноод байдаггүй давтамжтайгаар байнга өөрчлөгддөг зүй тогтолтой.
Үүнтэй холбогдуулаад ноолуур боловсруулах үйлдвэрийн гол төлөөлөгч болсон Говь комбинатын зах зээлийн нөхцөлд ажилласан 10 гаруй жилийн ажиллагааг тодруулах зорилгоор ноолууран түүхий эд самнасан ноолуур, ноолууран сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүний гадаад, дотоод зах зээлийн дундаж үнийн өөрчлөлтийн динамикийг график №1-д үзүүлэв.
Графикаас доорхи дүгнэлтийг хийж болохоор байна. Үүнд
1. Монголын зах дээрх бохир ноолуурын үнэ, ханш, самнасан ноолуурын гадаад зах дээрх үнийн шууд тусгал нь болж байна. Гэхдээ хятадууд Монгол ченжүүдээр дамжуулан жил жилийн бэлтгэлийн бохир ноолуурын үнийг тогтоодог хэдий ч самнасан ноолуурын гадаад зах зээлийн үнийг ямар нэг байдлаар заавал тусгадаг нь эндээс тодорхой.
2. Самнасан ноолуурын (боловсруулсан) гадаад зах зээл дээрх үнэ 4-5 жилд заавал өсдөг зүй тогтолтой байна. Өөрөөр хэлбэл, 1989-1990,1995-1996,2000-2001 онуудад үнийн өсөлт гарсан байна. Хамгийн сонирхолтой нь үнэ өндөр байх хугацаа нь 1-2 жил, үнийн уналттай байх нь 3-4 жил үргэлжилдэг байна. Тэгэхээр манай үйлдвэрүүд ихэнхдээ гадаад зах зээл нэн тааламжгүй нөхцөлд л ажилладаг байх нь.
3. Дэлхийн зах зээл дээр ноолууран сүлжмэл бүтээгдэхүүний үнэ аажмаар буурч байна. Энэ нь дэлхийн бараг бүх оронд сүлжмэл бүтээгдэхүүнээ экспортолдог Хятад улс өрсөлдөгч нараа унагаахын тулд төрийн бодлогоор зохицуулж өөрийн сүлжмэл бүтээгдэхүүнийхээ үнийг байнга бууруулж байгаатай холбоотой. Хэчнээн өндөр хөгжилтэй баян тансаг улс байлаа ч гэсэн худалдан авагчдын дийлэнх нь үнэ хямдтай, тэгсэн мөртөө тансаг хэрэглээнд тооцогддог бүтээгдэхүүн хэрэглэхийг зорьдгийг хятадууд овжин ашиглан, төрөл бүрийн хольцтой ноолууран бүтээгдэхүүнийхээ үнийг ингэж бууруулдаг байна. Энэ нь монголын ноолууран бүтээгдэхүүнд том цохилт болж байдаг.
4.Ноолууран нэхмэл даавуу бүтээгдэхүүний үнэ мөн л тогтвортой хэдий ч аажмаар өсөх хандлагатай. Энэ нь хятадууд ноолууран даавуу экспортлохыг нэг их эрмэлзэхгүй, харин орлого нэмэгдүүлэхийн тулд бэлэн бүтээгдэхүүн болгож байж экспортлох сонирхолтой байдагтай холбоотой. Ер нь Хятад улс сүүлийн жилүүдэд ноолууран түүхий эдэд анхан шатны боловсруулалт хийдэг (самнасан ноолуур гаргадаг) олон мянган үйлдвэрүүдээ гадаад зах зээлийн үнийн уналтаас хамгаалахын тулд тэдгээрийг ямар нэг байдлаар бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл болгон эрчимтэй хувиргаж (нэгдсэн нэг томоохон хүч чадалтай ээрэх үйлдвэрлэлийг байгуулж эдгээр сүлжих жижиг үйлдвэрүүдээ утсаар хангасан) өнөөгийн хувьсамтгай зах зээл дээр амьдрах чадвартай болгосон. Ингэснээр ч үр дүнд хүрч, 2003 он гэхэд бараг 200 сая ам. долларын зөвхөн ноолууран сүлжмэл бүтээгдэхүүн экспортолсон байдаг.
Говь ба зах зээл
Социалист систем 1990 оноос задарч нэгдсэн зохицуулалтгүй болмогц үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ дийлэнхийг эдгээр орнуудад экспортолдог байсан Говь-ийн хувьд гадаад зах зээл эрс хомсдож анхныхаа хүндрэлтэй учирсан. Бий болсон хүндрэлээс гарахын тулд техник технологи, удирдлага зохион байгуулалт эрэл хайгуул судалгааны олон арга хэмжээг эрчимтэй авсны үр дүнд 1991 он гэхэд хэдэн арван мянган сүлжмэл бүтээгдэхүүнийг баруун Европын зах зээл дээр гаргадаг болов. Зах зээлд шилжмэгц бий болсон хүндрэл бэрхшээл нь тухайн үеийн үйлдвэрлэлийн удирдлагад томоохон сургамж өгсөн. Тийм ч учраас комбинатын цаашдын үйл ажиллагаанд зах зээлийн хомсдол, үнийн уналт тодорхой хугацааны давтамжтайгаар зайлшгүй тохиолдох тул урьдчилан бэлтгэх иж бүрэн арга хэмжээг 1993-1994 онуудаас үйлдвэрийг удирдах, өргөтгөл шинэтгэл хийх аргад ихээхэн туршлага хуримтлуулсан Б.Ёндонжамц захирал өөрөө биечлэн удирдаж дэс дараатайгаар хэрэгжүүлсэн.
Энд юуны өмнө зах зээлийн эрэлт хэрэгцээ үнэ харьцангуйгаар тогтвортой байдаг нь олон жилийн судалгаанаас харагдсан. (график №2) сүлжмэл нэхмэл бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх хүч чадлыг нэмэгдүүлэхэд бүхнийг чиглүүлж дотоод нөөц бололцоогоо бүрэн дайчлан ажилласан юм. Италиас 1996 онд аппаратын системээр 28 номер хүртэлх нарийн ээрмэл үйлдвэрлэх, орчин үеийн өндөр технологитой Япон, Герман, Тайванаас иж бүрэн автомат, хагас автомат сүлжих машиныг гүйцэтгэн боловсруулалтын бүх тоног төхөөрөмжийн хамт оруулж ирэн ашиглалтад өгсөн.
Эдгээр арга хэмжээний үр дүнд ээрмэл үйлдвэрлэх хүч чадал 46.4 хувиар, сүлжмэл хувцас үйлдвэрлэх хүчин чадал 19.7 хувиар, нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүч чадал 2.2 дахин нэмэгдэж үүнээс өмнөх үед комбинатын экспортод зонхилох байрыг эзэлдэг байсан самнасан ноолуур, бөмбөгөн ноолуурын гадаад зах зээлийн хомсдол, үнийн уналтаас бага хохиролтойгоор давж гарах найдвартай хуяг бий болгож чадсан. Хэдийгээр зах зээлийн эрс өөрчлөлтөөс үйлдвэрлэлээ хамгаалах хуяг-аа ингэж бэлдэж авсан ч гэсэн АНУ-д болсон 2001 оны 9-р сарын 11-ний халдлагаас хойш ноолууран бүтээгдэхүүний зах зээлийн үнэ бүр ч унасан. Энэ нь үйлдвэрлэлд тулгарч байсан бэрхшээлийг улам ч хүндрүүлсэн юм. Гэсэн хэдий ч 2004 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлийг 1990 оноос хойшхи хугацаанд хамгийн өндөр үзүүлэлттэй байсан 1998, 1999 оныхтой харьцуулахад сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэл борлуулалт 1.5 дахин нэхмэл бүтээгдэхүүнийх нь бараг 2 дахин өсч харин самнасан ноолуурынх эсрэгээр 30 дахин буурсан байх юм. Өөрөөр хэлбэл Говь комбинат 2004 он гэхэд үндсэндээ зөвхөн сүлжмэл нэхмэл бэлэн бүтээгдэхүүн экспортлогч үйлдвэр болон хувирсан байна. Бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх энэхүү зорилтод нийцүүлэн бүтээгдэхүүний борлуултын зах зээлийг тэлэх, өргөжүүлэх ажилд компанийн маркетингийн бодлого үйл ажиллагааг чиглүүлж ирлээ. Шинэ тутмаар ноолууран бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ бий болж зах зээл хөгжиж байгаа ОХУ, Украин, Казакстан, Өмнөд Солонгос, Арабын Улсууд, Чех зэрэг орнууд болон уламжлалт зах зээл болох Герман, Англи, Итали, Япон, Франц, АНУ, Канадын 20 гаруй компанитай худалдаа бизнесийн байнгын холбоотой ажиллаж байна. Энэ бол чанарын том үсрэлт, зах зээл дээр найдвартай ажиллах үндэс бүрэлджээ гэсэн үг юм. Хэрэв Говь комбинатын удирдлага инженер техникчид шинэчлэлт өөрчлөлтийг ингэж зоригтой хийлгүйгээр хуучинтайгаа зууралдсаар, самнасан ноолуурынхаа экспортод шүтсээр байсан бол экспортоос олох ашиг орлого нь өнөөдрийн байгаатай даруй 27 дахин доогуур, үүнээсээ шалтгаалан үйлдвэр үндсэндээ хаалгаа барихад тулаад ирчихсэн байх байжээ. Эндээс дүгнэлт хийхэд Говь комбинат нь өлгийдөө өтөлсөн биш харин ч эсрэгээр өлчиржсөн нь илт байна.
Сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд дэлхийн зах зээл дээр ноолууран сүлжмэл нэхмэл даавууны хэрэгцээ, самнасан ноолуурын үнэ өсөх хандлагатай байна. Энэ нь зөвхөн Говь комбинат төдийгүй Монголын ноолуур боловсруулах жижиг үйлдвэр нэгжүүдэд нэн таатай гадаад нөхцөл бүрэлдэж, эдийн засгийн түр зуурын хүнд байдлаасаа гарах боломжтой болох нь ээ.
Говь бол загвар Үйлдвэр
Япон улсын өндөр мэргэжлийн инженерүүдийн оюун ухаанаар зураг төсөл нь боловсруулагдсан энэ үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн техник технологийн түвшин, байршил, дараалал, дуу чимээ, гэрэлтүүлэг, агааржуулалт эцэст нь үйлдвэрлэлийн ерөнхий зохион байгуулалт Монголын нөхцөлд үнэхээр загвар нь юм. Тухайн үедээ дэлхийн тэргүүний техник технологитой ийм үйлдвэрт ажиллах инженер техникчид гол гол дамжлагын ажилчдыг ноос ноолуурын салбарыг боловсон хүчнээр хангах бааз болж байсан Ноосон нэхмэлийн үйлдвэрээс хатуу шалгуураар сонгосон болно. Ингэснээрээ ч Говь комбинатын үйл ажиллагааг гадаадын ямар нэгэн мэргэжилтний оролцоогүйгээр жигдрүүлж, дэлхийн зах зээл дээр өрсөлдөх бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлсэн түүхтэй. Энэ бол Монголд цаашдаа баригдаж ашиглалтад орох үйлдвэр нэгжүүдэд өөрсдийн хүчээр ажиллаж сурах бас нэг Загвар, үлгэр жишээ нь болсон юм.
Ноолуур боловсруулах үйлдвэрийн техник технологийн онол практикийн талаар бичигдсэн ном, зохиол, өгүүлэл нийтэд тараагддаггүй нууц байдалд байдаг учир ажиллагсад зөвхөн олон жилийн хөдөлмөр зүтгэлийн ачаар л техник технологийг эзэмшиж өөрийн гэсэн өвөрмөц арга барилтай болдог. Үүнтэй уялдаад өнөөдрийн байдлаар зөвхөн Говь комбинатад захирал Б.Ёндонжамц орлогч Ю.Аюур, инженер Цэрэнлхам, Ганбат нарын зэрэг Монгол улсын зөвлөх инженер цолтой 10-аад инженер ажиллаж байгаа нь нэг онцлог. Говь комбинатын нөгөө нэг онцлог нь аль ч үйлдвэр нэгжид байхгүй өндөр үнэ, нарийвчлалтай ноолуурыг түүхий байхаас нь бэлэн бүтээгдэхүүн хүртэлх технологийн бүх дамжлага дээр шинжилгээ хийж чанар бүтцийг нь тодорхойлох боломжтой багаж төхөөрөмжөөр өвч тоноглосон итгэмжлэгдсэн лабораторитой, загвар зохион бүтээлтийн товчоотой, туршилтын тусгай үйлдвэрлэлтэй эрдэм шинжилгээний ажил хариуцсан групптэйд оршино. Үүний зэрэгцээгээр бусад үйлдвэр нэгжээсээ харьцангуйгаар гадаад харилцаа ихтэй, өндөр хөгжилтэй орнуудад явагддаг сургалт, семинар үзэсгэлэнд өөрийн инженер техникчдийг өргөнөөр оролцуулж, шинэ мэдлэгтэй болгодог. Энэ бүх байдлаасаа шалтгаалан Говь комбинат түүхий эдээ хүлээж авахаасаа эхлэн эцсийн бүтээгдэхүүн гаргах, борлуулах хүртэлх үйлдвэрлэлийн бүх шат дамжлагад бусад үйлдвэр нэгжүүддээ загвар нь болдог юм. Тухайлбал, үйлдвэр нэгжүүд жил жилийн түүхий эдээ яаж ямар үнээр авах, бүтээгдэхүүнээ мөн ямар үнээр экспортод гаргах зэрэгтээ Говь комбинатаа хардаг, жишиж үздэг, тэгээд шийдвэрээ гаргадаг. Үйлдвэрлэлийн технологи ажиллагаанд гарсан маргаан зөрчлийг Говь комбинатаас асуух зөвлөгөө авах бүр цаашлаад мэргэжилтэн урих замаар ихэнх тохиолдолд шийдвэрлэдэг. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ өнгө үзэмж чанар дизайныг нь ч хүртэл Говь-той харьцуулж дүгнэлт өгдөг. Говь комбинатын загвар болдог хязгаар нь үүгээр зогсохгүй. Сүүлийн үед технологийн тодорхой зарим дамжлагаар Ээрмэл, Сан-Широ гэх мэт бусад олон үйлдвэр нэгжүүдтэй хамтран ажиллаж бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд нь тус дэмжлэг үзүүлдэг болоод байна.
Говь комбинат нь Монголд үйл ажиллагаа явуулж байгаа ноолуур боловсруулах үйлдвэр, нэгжийн гол төв нь тэднийг араасаа дагуулагч нь болдогоос гадна амжилт бүтээл, уналт сэргэлт нь эцэстээ салбарынх болж хувирдаг зүй тогтолтой болтлоо нөмөр нөөлөгтэй боссон үйлдвэр ажээ. Говь-ийн энэхүү нөмөр нөөлөг бий болоход тус комбинатын удирдлагад ажиллаж байсан П.Дамдинжав, Ц.Сэдванчиг, Ч.Түмэнбаяр гэх мэт Монголын Ноос Ноолуурын салбарын үе үеийн шилдэг инженер техникчдийн оруулсан хувь нэмэр асар их юм.
Говь ба хувьЧлал
Говь комбинатыг хувьчлах тухай яриа гарч эхэлсэн тэр цагаас хэвлэл, мэдээллээр Монголын үгийн санд байдаг аль л муу үгийг түүвэрлэн байж шүүмжилдэг болцгоосон түүхэн уламжлалтай. Сүүлийн үеийн баримтаас үзэхэд төрийн өмчийг 2005 онд хувьчлах жагсаалтад Говь комбинат энэ удаа дахин орсноороо түүнийг муулах ээлжит компанит ажил эрч хүчээ авч байх. Эх орныхоо боловсруулах салбарын сор болсон Говь-ийн өнөөгийн байдлыг өнгөц,банкны зээлд идэгдсэн, сэхэх найдваргүй гэх мэтээр нэг талыг барин сурталчлахын оронд дотоод амьдралд нь гүн орж шахагдсан пуржин мэт хуримтлагдсан тэр их эрч хүч энергийг нь давхар сурталчилж байгаасай билээ.
Гадаад зах зээлийн нэн таатай нөхцөл бүрэлдсэн 1995-1996, 1999-2000 онуудад Говь эдийн засгийн хувьд хүчирхэгжиж чадсан. Тэгвэл ээлжит цикл ирж байгаа өнөө үед Говь шиг үйлдвэр богино хугацаанд эдийн засгийн хувьд дахин хүчирхэгжих нь гарцаагүй.
Ноолуур ирээдҮйтэй салбар
Ямаа малласан хүн уураа бардаг гэдэг. Үүнийг хүмүүс ямааны ааш араншин үйл хөдлөлтэй холбож арга нь барагдахдаа уур нь алга болдог гэж үзсээр өдийг хүрч ирсэн. Гэтэл амьдрал дээр тийм биш ажээ. Хүн хичнээн удаан хугацаагаар уян зөөлөн эдтэй харьцана тэр чинээгээрээ уян зөөлөн сэтгэлтэй харьцаатай болдог байх юм.
Дэлхийн банк, олон улсын байгууллагын судлаачид Монголд ноолуурын салбарыг олзворлох салбарын нэгэн адилаар одоо байгаа түвшингээсээ цаашид улам эрчимтэй хөгжүүлэх нь улс ардын аж ахуйн онцгой ач холбогдолтой болно гэж удаа дараагийнхаа зөвлөмжид дурьдсан байдаг. Зөвлөгөө өгсөн мэргэжилтнүүд энэ мэтээр цаашид хөгжүүлэх хэрэгтэй гэж яриад байдаг болохоос чухам яаж хэрэгжүүлэх арга технологийг нь хэн ч хөнддөггүй орхидог. Судалгаанаас үзэхэд Япон,АНУ,Европын Холбооны улсуудын зах зээл дээр сүлжмэл бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ их байгаа бөгөөд цаашдаа байнга өсөх төлөвтэй. Боловсруулах үйлдвэрлэл дотроос сүлжмэл эдлэл үйлдвэрлэх үйлдвэр нэмүү өртгийг ихээр бий болгодог зэрэг давуу талтай. Энэ бүхнийг нэгтгэн авч үзэхэд Монголын ноолуур бэлтгэх үйлдвэр цаашдаа Сүлжмэл эдлэл-ийн чиглэлээр хөгжих нь аль ч талаасаа үр дүнтэй болох нь илт харагддаг.
Дэлхийн бохир ноолуурын гуравны хоёрыг нийлүүлдэг БНХАУ ноолуур боловсруулах салбараа мөн л Сүлжмэл эдлэл-ийн чиглэлээр сүүлийн арван жилд эрчимтэй хөгжүүлж үр дүнд хүрсэн.Энэ зорилтоо томоохон хүч чадалтай Ээрэх үйлдвэрлэл-ийг төрөөс санхүүжүүлж тусад нь байгуулах замаар шийдвэрлэсэн байх юм. Ер нь ээрэх хүч чадал байвал Сүлжмэл үйлдвэрлэл аяндаа борооны дараах мөөг шиг бий болдог аж. Үүнд өчүүхэн зардал шаарддаг тул үйлдвэрлэл эрхлэгчид өөрийн санхүүгээр жижиг үйлдвэрүүдийг бий болгож чаддаг байна. Амьдрал дээр байсан ийм бодит туршлагад тулгуурлан Монголын ноос боловсруулах салбарыг цаашид эрчимтэй хөгжүүлэх зорилтыг шийдвэрлэхэд нэгдсэн нэг ээрэх үйлдвэрлэл-ийг л байгуулахад хангалттай. Яагаад гэвэл Монгол одоогоор ажиллаж байгаа анхан шатны боловсруулалтын болон сүлжих үйлдвэрүүдийн хүч чадал /гадаадаас ээрмэл худалдан авч сүлжмэл эдлэл үйлдвэрлэн экспортолдог сүлжмэлийн үйлдвэрүүдийн хүч чадлыг оролцуулаад / түүхий эдийн нөөцөөсөө илүү байгаа. Хөрөнгө оруулалт хийж нэмж үйлдвэрлэл барих шаардлагагүй. Түүхий эдээс бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэл бүх зардлыг тооцон үзэхэд зөвхөн ээрэх үйлдвэрлэл дээр 70-80 хувь ноогддог. Эндээс харахад ээрэх үйлдвэрлэл хамгийн их хөрөнгө шаардагддаг хэсэг нь. Бидний тооцож байгаагаар одоогоор самнаад юмуу хуйвалдаанаар бохироор нь экспортлож байгаа бүх ноолуураар Ээрмэл үйлдвэрлэх хүч чадалтай тоног төхөөрөмжийг худалдан авах, суурилуулах, туршилт тохируулга хийж ажиллагааг нь жигдрүүлэхэд ойролцоогоор 150 сая ам.доллар шаардлагатай. Төр засаг манай бизнесмэнүүдэд ийм хөрөнгө гаргаад Ээрэх үйлдвэрлэл барьчих бэл бэнчин одоогоор байхгүй нь тодорхой. Тэгэхлээр Мянганы хөгжлийн сан-аас Боловсруулах үйлдвэрлэл-ийг хөгжүүлэхэд зарцуулах тэр хэсгийг олон тийш нь цацалгүйгээр зөвхөн Ноолууран ээрмэл үйлдвэрлэлийг барьж байгуулахад зарцуулбал ихээхэн үр дүнтэй болох мэт санагдана. Хэрэв тийм үйлдвэр байгуулагдвал анхан шатны боловсруулах үйлдвэрүүдээс самнасан ноолуурыг худалдан аваад түүгээрээ ээрмэл үйлдвэрлээд сүлжих үйлдвэрүүдээ хангах технологийн циклтэй болно. Говь, Ээрмэл, Буян, Амикал Сан-Широ зэрэг одоогоор ажиллаж байгаа компаниудад туршлага хуримтлуулсан монгол инженер-техникчид шинээр байгуулагдах ээрмэлийн үйлдвэрийг төгс эзэмшиж чанарын өндөр үзүүлэлттэй сүлжих үйлдвэрүүдийнхээ шаардлагыг бүрэн хангасан Ээрмэл үйлдвэрлэхэд ямар нэг хүндрэл үүсэхгүй. Монгол улс бэлтгэж буй бүх ноолуураараа бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүч чадлыг ингэж бий болгосон нөхцөлд жилд 4.5 сая ширхэг сүлжмэл хувцас буюу 135 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортод нийлүүлэх боломжтой. Ноолуур боловсруулах салбарыг их ирээдүй хүлээж байна.
/Зууны мэдээ 2004-12-27/