Монгол улсын гадаад хэргийн сайдын айлчлалыг өндрөөр үнэллээ

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил тус уулзалтад оролцохын зэрэгцээ өөрийн бүрэн эрхийн хугацааны анхны гадаад айлчлалыг БНБУ-аас эхэлсэн юм. Энэхүү айлчлалд Болгарын тал өндөр ач холбогдол өгч, өндөр түвшинд хүлээн авсан бөгөөд айлчлал ихээхэн амжилттай боллоо гэж тус улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Николай Марин өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдоржтой уулзахдаа албан ёсоор мэдээллээ.
Ерөнхий сайд, ноён Элчин сайдад айлчлалын тухай мэдээлэл өгсөнд талархал илэрхийлж энэ удаагийн уулзалтын өмнөхөн дээрх байгууллагын Байнгын зөвлөлийн шийдвэрээр Монгол Улсад Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хамтран ажиллагч түнш орны статус олгосон нь манай улсын гадаад бодлогын хувьд томоохон үйл явдал болсныг онцлон тэмдэглэлээ. Тус байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд манай улс багтан ороход БНБУ-ын дэмжлэг ихээхэн тус болсныг Ерөнхий сайд цохон тэмдэглэж, уулзалтын өмнө Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргилын тус улсад хийсэн айлчлалын дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Ерөнхий сайд, Элчин сайд нар, ойрын үед буюу ирэх оны эхээр Монгол, Болгарын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэтгэж байгаа талаар санал солилцож, хоёр орны хамтын ажиллагааны хэтийн төлөв, чиг хандлагын талаар ярилцлаа. Үүнд, улс төрийн харилцааг гүнзгийрүүлж өндөр, дээд хэмжээний харилцан айлчлалыг тогтмолжуулах, НҮБ, Европын холбоо болон бусад олон улсын байгууллагын хүрээнд улам идэвхтэй нягт хамтран ажиллах,, соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарын болон худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан хөрөнгө оруулалтын туршлагыг солилцох, шуудан холбоо, аялал жуулчлал, батлан хамгаалахын салбарт хамтран ажиллах зэрэг олон асуудлыг хөндөв.
БНБУ Европын холбоонд гишүүнээр элсэхээр ажиллаж байгаа бөгөөд манай уламжлалт харилцаатай эртний түнш орон Европын холбооны гишүүн болох нь тус бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагуудтай явуулж буй Монгол Улсын хамтын ажиллагааны хүрээ улам өргөжих сайхан боломж юм гэж үзэж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд, Элчин сайдад ажлын амжилт хүслээ.

Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button