Хүүхдээ яаж хайрлах вэ?

Эхийн хайр ба хорвоод дөнгөж сая мэндэлсэн хүүхэд хоёр маш нягт холбоотой байдаг гэдгийг олон залуу эхчүүд мэддэг ч чухам өөрөөс нь тэр нялх хүүхдийн аз жаргалтай амьдрал, амь нас хамаарна гэдгийг тэр бүр сайн ойлгодоггүй.
Нэгэн төрөх газар ийм явдал болжээ. Хоёр эмэгтэй бараг зэрэг шахам хүүхэд төрүүлжээ. Нэг нь эрүүл саруул, нөгөө нь дутуу тээлттэй, жижиг биетэй, эмч нар түүнийг амьдарна гэж итгэхгүй байв, энэ тухай эхэд нь ч хэлжээ. Эрүүл хүүхдийн эх уг нь хүүхэдтэй болохыг хүсээгүй бөгөөд зөвхөн үр хөндүүлэхээс айгаад хүүхдээ төрүүлсэн байна, тэгээд хүүхдээ харахыг ч хүсэхгүй байв. Сувилагч бүсгүй эх хүн хүүхдээ хараад зүрх нь тэсэхгүй, хайрлана гэж бодоод өрөөнд нь аваачтал бүр толгойгоо ч эргүүлж харсангүй. Харин бие муутай хүүхдийн эх хүүхдийнхээ хажууд байх гэж эмч нарт худал хэлэн 24 цагийн турш сахиж байв. Гурван хоногийн дараа эрүүл төрсөн хүүхэд гэнэт нас баржээ, түүний үхлийн шалтгааныг эмч нар тодорхойлж чадсангүй. Харин нөгөө сул биетэй төрсөн хүүхэд амьдарч, одоо эрүүл чийрэг өсөж торниж байгаа. Тэр хүүхдийг энэ ертөнцөд эхийн хайр л тогтоожээ гэхээс яахав.
Энэ бол эхийн хайрын хүч. Байгалиас заяагдсан эх үрийн салшгүй холбооны илрэл. Эх хүний хайр амьдралыг ч аварна. Иймээс хүүхэдтэй болохоор шийдсэн эмэгтэй хүүхдээ тээх үедээ эрүүл хэв маягаар амьдрах ёстой төдийгүй хүүхдээ хайрлахад бэлдэх ёстой.
Эх хүн бүр хүүхдээ эрүүл саруул, хөөрхөн, амгалан тайван өсч торниосой гэж мөрөөддөг. Гэтэл сүүлийн үед эрүүл хүүхэд төрөх нь улам ховордож байна. Yүнд олон шалтгаан бий орчин үеийн залуусын амьдрах хэв маяг, байгаль орчны бохирдол, чанаргүй хоол хүнс, стресс гэх мэт. Гэхдээ эдгээр хүчин зүйлийн нөлөөллийг багасгаж болно.
Орчин үеийн анагаах ухааны судалгаагаар эхийн умайд байгаа хүүхэд эхийн зөвхөн нэг хэсэг биш, харин үүсэж бий болсон үеэс эхлэн, өөрийн өвөрмөц шинж чанар бүхий хүн гэдгийг нотолжээ. Ийм учраас эхийн муу бодол, сэтгэлийн сөрөг хөдөлгөөн гутрал, цөхрөл нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэцэд сөргөөр нөлөөлдөг төдийгүй алж ч магадгүй, мөн хугацаанаас өмнө төрөх, хүндрэлтэй төрөх зэрэг хор уршигтай. Хүүхдийнхээ төлөө эх хүн зөв хооллож, эрүүл агаарт аль болох удаан байх ёстой. Эхийн сэтгэл санааны байдал тун чухал үүрэгтэй, иймээс унших номоо сайн сонго, өөдрөг гэгээн ном зохиол болон үлгэр, шүлэг унш. Ямар ч тохиолдолд аймшгийн кино үзэж болохгүй.

/Хань /35/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button