Идэр есийн хөх яргуй

Ээлжит эргэлт нь 2004 оны шувтаргаар тохиов. М.Энхсайханыг Р.Гончигдоржоор сольж хольсон, баруун зүүнтэн, улаан цэнхрийн уусмал дэвсгэр дээр эргэлт өрнөж, зургаан сарын эцэст сая нэг төр тогтворжив уу гэтэл хувьсгалын давалгаа нөмөрч орхилоо. Бэлгэ тэмдэг нь хөх яргуй. Цочир урган, богино наслах, үзэгдэх зуураа дасал болсон өмнөх өнгө будгийг баллаж орхих зуур замын яргуй.
Арванхоёрдугаар сарын 29-ний энэ өдөр гунигтай мэдрэмж төрөөд байна. Яг зургаан сарын өмнө монголчууд УИХ-ын сонгуульд саналаа өгч, парламентдаа үхлийн тэнцвэржилт бий болгосон. Улс төрийн хоёр хүчний тэмцэл төрийн хямрал авчрах вий хэмээн Өнөөдөр сонин аюулыг сэрэмжлүүлсэн юм. Зургадугаар сарын 29-ний Өнөөдөр-ийн тэргүүн нүүрт
Бие бөх бөгөөс ганцыг ялъюу
Эс бөх бөгөөс олныг ялъюу
гэсэн Чингис хааны үг гүн цэнхэр өнгөөр дурайлаа.
Улс төрийн хоёр хүчин зөвшилцөх хүртэл, холимог танхимын хувилбар бодит зүйл болтол Өнөөдөр нийгмийг эв эед ийн уриалсан. Магадгүй сонгуулиин дараа украинчууд шиг хоёр туйлд хуваагдчихсан олон нийтэд энэ уриалга ухаан нэмж, уужуу амьсгаа авах боломж өгсөн. Хуанлийн хуудас нимгэрчээ. Афины олимп, Европын хөлбөмбөгийн аваргын тэмцээнүүдийн уухайн чимээ тасраагүй байна. Иракчууд өөрийн Ерөнхий сайдтай, тэр бүү хэл афганууд соёлтой сонгууль явуулж үзэв. Түмэн өнгийн үйл явдал өрнөж байх зуур талын Монгол л зургаан сарын өмнөх бариандаа өнөөдөр ухраад оччихсон харагдана. Хуанлийг буцаан эргүүлбэл хөх яргуйн хувьсгал хоолойд тулах хүртэл юу болоод өнгөрснийг эргэн тунгааж чадна.
Долдугаар сарын 9. Сонгуулиин урьдчилсан дүнг зарласан шөнөөс хойш энэ өдрийг болтол эхний их хүлээлт үргэлжилсэн юм. УИХ-ын анхдугаар чуулганыг
долдугаар сарын 9-нд Ерөнхийлөгч зарлан хуралдууллаа. Гудамжны зодооны уур амьсгалыг хэлэлцээрийн ширээний түвшинд өргех гэсэн оролдлого. Үл ойлголцлын мөсөн хана тун ч зузаан байсан цаг.
Долдугаар сарын 26. УИХ-ын 74 гишүүн тангараг өргөж байна. Намын харъяалал үл харгалзан, аав, ээжийн хайрласан нэрсийн үсгийн дарааллаар номхон зогсч төрийн сүлд, далбааны өмнө мэхийлээ. Энэ хүндэтгэлт танхимд зогсох эрх авсныхаа учир зорилгыг мэдрэв бололтой. Анхдугаар чуулганы нээлтийн дараа бий болсон хоёр дахь хүйтрэл намжлаа гэсэн үг.
Наймдугаар сарын 13. Зөвшилцлийн дамжааны эхний сургалт өндөрлөв. Үр дүнд нь УИХ-ын даргатай боллоо. Төрийн бүтцийг жаал зугаа эвлүүлж байна. Өрсөлдөгч талууд наймаалцаж болдгийг давхар ойлгож эхэлсэн нь гачлантай.
Наймдугаар сарын 20. Гар барьж, гарын үсэг зуралцан, гүйцэтгэх засгийн тэргүүнийг 100 хувийн саналаар томилох болтлоо зөвшилцөлд мэргэшсэнийг хараач. Монголын нийгэм ийм ололтод баяр хүргэлээ. Гэвч танхим бүрдүүлэх тамын ажил өмнө хүлээж буйг гүйцэд таамагласангүй.
Аравдугаар сарын 17 буюу хариугаа авах өдөр. Орон нутгийн ИТХ-ын сонгууль боллоо. Үнэнээрээ явбал ийм үр дүн гардаг юм аа хэмээн МАХН өрсөлдөгчөө тавлалаа. Тэд үнэмлэхүй ялалт байгуулсан юм. Энэ зуур Эх орон-Ардчилал эвслийн нас гүйцэж, шүд хэврэгшин төд мөдгүй амьсгаа хураах нь тод мэдрэгдэж эхлэв.
Арваннэгдүгээр сарын 15. Хамгийн түрүүнд тодорсон зургаан дэд сайдыг бараг сансрын нисэгчид шиг хүлээн авав. Удтал хүлээсэн томилгоо байлаа. Бүрэн бүтэн бүтэцгүй Засгийн газар төсвийн хэлэлцүүлэг дунд бажигдаж, итгэлийн мөнгөний аманд унав.
Арванхоёрдугаар сарын 13. Эх орон-Ардчилал эвслийн бүлгийн удирдлага огцорсон явдал улс төрд зуд турхан нүүрлэх дохио өгөв. Дэлхийн цаг уурчид Бразильд чуулж, цаг агаарын дулаарал, түүнээс үүдсэн экологийн гамшигт үр дагавруудын талаар ярилцаж суусантай энэ бүхэн хоног хугацаа давхацсан юм. Улс төрийн тэмцэл хагаралдааны гай үйл явцыг хойш нь чангаасаар. Харин Монгол нутагт өнтэй өвөл үргэлжилж, хуанлийн хуудас ирээдүйг буухиалан нимгэрсээр.
Арванхоёрдугаар сарын 19. М.Энхсайханыг журмын нөхөд нь бараг зуун
хувийн саналаар үл хэрэгсэж, социал демократууд баруунтнуудын толгойд эзэн суув. Хариуд нь М.Энхсайхан хуйвалдааныг таслан зогсоохоо мэдэгдэж, улмаар түүхийн хүрд алхам алхмаар ухарсаар өнгөрсөн хаврын өнгө төрхөндөө буцан байршлаа
А.С.Пушкиний Алтан загасны үлгэр-ийн эмгэн эвдэрхий муу тэвшээ тэврээд эргээд ядуу овоохойныхоо дэргэд сууж харагддаг дүр зурагтай яг ижил. Зүгээр л өнгөрсөн зургаан сар зүүд зэрэглээ байсан шиг санагдана. Хэн ямар сургамжтай хоцорсныг харах өдрүүд өмнө хүлээж байна.
(өнөөдөр 2004-12-29 304)